Ерөнхийлөгчийн гар дахь хоёр “хөзөр”

27u15r08sh7pd34i90v0cbcsu2“Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяртай нууцаар уулзлаа” гэсэн мэдээ миний өмнө байна. Түүнтэй хамт “Жамаараа л явж байна даа” гэсэн бодол толгойд харвав.

Энэ бол нөхөр Ц.Элбэгдорж нөхцөл байдлыг дүгнээд, ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Хоёрдугаар фронтоо” нээх нэгэн төлөвлөгөөгөө эртнээс бэлтгэж байгаагийн дохио. Түүнээс биш Н.Энхбаяртай уулзах нь битгий хэл царайг нь харах эрхгүй хүний нэг яах аргагүй мөн. Түүнийг шоронд хийсэн нөхөр шүү дээ. Гагцхүү Ц.Нямдорж л өдөр болгон хаалга онголзуулж гуйгаад байхаар нь хийчихсэн гэж туудаг болохоос.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд дахин сонгогдохдоо М.Энхболдтой нарийн тохироо хийсэн байдаг. МАН-ын дарга М.Энхболд тэр удаагийн сонгуульд Б.Бат-Эрдэнэ гэх мангардуу нөхрийг зөөлөн боорцог болгон өгөх, харин 2017 онд Ц.Элбэгдорж нь МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших М.Энхболдод бас нэг тийм мангардуухан нөхрийг аманд нь өгснөөр Ерөнхийлөгч болох замыг нь засах маш нарийн, маш нууц тохироотой байв. Гэтэл…

Өнөөдөр МАН-ын нэр хүнд нэг их сайн биш байгаа, дээр нь нам дотроо ч М.Энхболд цөөнгүй дайсантай болоод байгааг мань хүн анзааралгүй яав гэж. Энэ нь М.Энхболд надаас өөр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүн манай намд байхгүй гэж үзсэн, дээр нь Ц.Элбэгдоржтой хийсэн тохироондоо найдан, өөрийгөө зарлиг л гаргахгүй болохоос бараг Ерөнхийлөгч хэмээн яаран бодсоны хар гайгаар түүний нэр хүнд тийм ч сайнгүй байгаа. Яахав захиалгатай, захиалгагүй санал асуулгаар нэгдүгээрт гарч ирж л сэтгэлийг нь бага зэрэг тайвшруулж байгаа болохоос түүний удирдаж буй МАН, УИХ тун базаахгүй нэртэй яваа шүү дээ. Ядаж байхад хэдэн “цэл ногоон” сайд, дэд сайд, УИХ-ын гишүүдийн нь яриа хэл түүний нэрийг мөн ч их унагаах юм даа. Ингэхэд санал асуулга гэдэг бас л барьцгүй нөхөр шүү дээ. Яг Ц.Элбэгдорж шиг.

Ц.Элбэгдорж М.Энхболдын өмнө хүлээсэн үүргээ маш сайн биелүүлсэн гэдгийг энд онцолж хэлэх ёстой.

 

Ц.Элбэгдорж М.Энхболдын өмнө хүлээсэн үүргээ маш сайн биелүүлсэн гэдгийг энд онцолж хэлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд намынхаа лидерүүдийн нэр хүндийг навсайтал унагааж, бүгдийг нь  хулгайч луйварчин гэсэн хаягтай болгоод авав. Өөрийнхөө гарын хүнийг АН-ын даргаар тавилаа. Ингэснээр ёстой л санаснаа хийж, сарвайснаа авдаг болов шүү.

Гэтэл нөгөө М.Энхболдын нь нэр хүнд нэг л тиймэрхүү болж, хэрвээ тэр сонгогдохгүй бол гэсэн айдас Элбэгээгийн нойрыг хулжааж таараа шүү дээ. Эвгүй хүн түүний оронд гараад ирвэл Элбэгээгийн байдал хүндэрнэ гэдгээ хашир хандгай мэдэлгүй яахав. Ингээд л ямартай ч “хоёрдугаар фронт” нээх бэлтгэх ажилд яаран орж, АН-аас маш олон хүн нэр дэвшүүлэх эхний алхамаа амжилттай хэрэгжүүллээ. Зөвхөн одоо л гэхэд 10 хүн нэр дэвшээд байх шив дээ. Эд нарын дотор үзээд өгье гэсэн ч Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн бараг байхгүй. Харин АН нэгдэлтэй байгаад ганц хүнээ жинхэнэ ардчиллынхаа зарчмаар гаргаж ирээд дэмжвэл өөр хэрэг л дээ. Магадлал өндөртэй хүний нэр мэр сэр харагдана билээ. Даанч гарч ирэх магадлалтай нөгөөх нь Элбэгээд хамгийн халтай хүний нэг учраас сунгаа, мунгаа гэсэн юмыг “хоёрдугаар фронтынхоо” төлөвлөгөөнд бүрмөсөн хасахаар оруулах биз ээ.

Одоо миний өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалтай уулзлаа гэсэн мэдээ байна. Тэгэхээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн  их үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим юм аа гэвэл удирдаач нь болох Ц.Элбэгдорж, “хоёрдугаар фронтыг” МАН-ын эсрэг нээхдээ Р.Амаржаргалыг гаргаж ирэхээр тооцоолжээ. Мөн түүнийг сонгож онилох хэд хэдэн шалтгаан бий. Р.Амаржаргал бол нэг нутгийн, дээр нь холын хамаатнаас гадна, өөрийн эрх ашгийнхаа төлөө нам энэ тэрээ юман чинээ боддоггүй “сайхан чанар” түүнд байдгийг Ц.Элбэгдорж мэднэ. Гэхдээ нам дотроо сунгаа хийвэл Р.Амаржаргал шонгүй л дээ. Тиймээс “Ерөнхий найруулагч” маань Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ АН-ынхаа анхан шатны байгууллагуудаар сонгуулах нэгэн хувилбарыг аль эрт боловсруулж, өөрийн агентуудаа байршуулж эхэлснийг тэр бүр хүн мэдээгүй байж магадгүй. Мөн Н.Энхбаяртай уулздагийн учир гэвэл “хоёрдугаар фронтоо” нээхдээ түүнийг МАН-ын эсрэг тавьснаар Р.Амаржаргал ялалтанд хүрэх магадлал өндөрсөнө гэдгийг эртнээс тооцож, улмаар түүнийг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ гэхэд ямар ч саад байхгүй шүү гэсэн бичгийг прокуророос өгүүлдэг нь ийм л алсын зорилготой байсныг Наамбар ваан ч тааварлаагүй биз ээ.

За тэгвэл АН гэнэт үнэхээр ардчилалтай болж, нам дотроо энэ 10 нөхрөө уралдуулаад хэн нэгнийг гаргахаар болж, ингэснээр Ц.Элбэгдоржийн аюул Н.Алтанхуяг гараад ирвэл яах вэ гэж. Яахав дээ, “хоёрдугаар фронтоо” тарааж, шууд л хамаг бооцоогоо М.Энхболд дээр тавихаас өөр замгүй болно. Түүнийхээ төлөө ч үхэн хатан тэмцэнэ. Р.Амаржаргал, Н.Энхбаяр хоёрын нэр шороо тоостой холилдоод л үлдэнэ дээ, хөөрхийс.

paparatsi.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.