Зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ

a24f397fe9ef4fa784fd0a47d39e8411_x3Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2017.05.02) үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, Засгийн газар 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төслийг зөвшилцөв. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэрээний төслийн талаар хуралдаанд танилцууллаа. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ олгохоор тохирсон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг Засгийн газар,  БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны арваннэгдүгээр сарын 10-нд байгуулж, 2015 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр УИХ соёрхон баталсан. Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь 20 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил, зээлийн хүү жилийн хоёр хувь бөгөөд  хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, 15 хувийг Засгийн газар санхүүжүүлэхээр байжээ. Харин Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн санхүүжилтийн хүндрэлтэй байдлыг харгалзан уг зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн 95 хувийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Хятадын талтай тохиролцсон байна.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжснээр Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөн, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Зээлийн хэлэлцээрийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хийв. Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын санхүүжилт бүхий дөрвөн үе шаттай бодлогын зээллэгийг олгохоор тохиржээ. Энэ хүрээнд 2017 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран эдийн засгийн хүндрэлийн нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн стандартыг зохих түвшинд хадгалах, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ийг хэрэгжүүлэхээр тохирч, идэвхтэй хамтран ажиллаж байгаа гэв. “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын бодлогын зээлийг хоёр үе шаттайгаар авч хэрэгжүүлэх аж. Тус хөтөлбөрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, санал хэллээ. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн юм.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын санхүүжилт бүхий дөрвөн үе шаттай бодлогын зээллэгийг олгохоор тохирчээ.

Энэ хүрээнд 2017 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх механизмыг нэвтрүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын санхүүжилт бүхий “Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохирон, идэвхитэй хамтран ажиллаж байгаа аж. “Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын бодлогын зээлийг нэг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо.

Энэхүү хөтөлбөрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх ажээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих