Сирид “аюулгүй бүс” байгуулахаар тохиролцжээ

72j1d6pvqnml044gbkupf8p4heАНУ, ОХУ-ын эрх баригчид энэ долоо хоногийн дундуур Сирид гал зогсоох болон “аюулгүй бүс” байгуулах зорилгоор утсаар ярилцсан билээ. Тэд нэн яаралтай гал зогсоох гэрээг байгуулах хэрэгтэй хэмээн үзсэн юм.

 

Уг гэрээг хоёр улс хамтран байгуулахаас гадна Турк болон Иран улсыг татан оролцуулах зорилготой буйгаа Путин мэдэгдсэн юм. Тэрбээр энэ тухайгаа ОХУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд дуулгасан. Уг саналыг Эрдоган хүлээн авч, гал зогсоох гэрээг хамтран байгуулахаа мэдэгджээ.

 

Тэгвэл Казакстаны нийслэл Астана хотноо Сирид энхтайван тогтоох олон улсын хамтарсан уулзалтын үеэр ОХУ, АНУ, Турк болон Иран улс Сирид “аюулгүй бүс” байгуулах гэрээг амжилттай үзэглэсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Уг гэрээ нэг сарын хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих гэнэ. Саналыг Сирийн Засгийн газар дэмжиж буйгаа илэрхийлсэн бол сөрөг хүчний төлөөлөл эсэргүүцэж, хурал болж байсан танхимыг орхин гарсан талаар НҮБ-ын төлөөлөгч мэдэгджээ. Сирийн босогчдын хяналтад байгаа Идлиб мужийн хойд хэсэг, Хомс хот, Дорнод Гут орчимд дөрвөн “аюулгүй бүс” байгуулахаар эрх баригчид тохиролцоонд хүрчээ.

 

Аюулгүй бүс байгуулсан бүс нутагт гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд байлдааны ажиллагаа явуулж буй орнууд терроризмын эсрэг ажиллагаагаа зогсоох бол НҮБ, тэргүүтэй олон улсын байгууллагаад иргэдэд тусламж үзүүлэх юм.

 

Б.Дэлгэрцэцэг 


URL:

Сэтгэгдэл бичих