Г.МӨНХЦЭЦЭГ: СУРАХ БИЧГИЙН АГУУЛГА МОНГОЛ ХҮНД ЗОРИУЛАГДСАН БАЙХ ЁСТОЙ

olloo_mn_1494400622_Untitled-1УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Сурах бичгийн агуулгыг хэрхэн шинэчилж байна вэ? Бага, дунд боловсролын хэмжээнд анги дүүргэлт ямар хэмжээнд байх талаа тогтоолд оруулах хэрэгтэй байна. Сурах бичгийн агуулга монгол хүнийг төлөвшүүлэх, монгол хүнд зориулагдсан байх ёстой. Түүнээс биш ямар нэг төсөл хөтөлбөрт зориулагдсан байх ёсгүй. Олон улсын хөтөлбөрт хамрагдсан лаборатори сургуулиудыг дэмжинэ гэж байна. Бид чинь үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлдэг лаборатори сургуулиудыг дэмжих ёстой юм биш үү. Үүнийг бодолцох хэрэгтэй” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга хөдөө орон нутагт сургуулийн засварын ажил их чухал байна гэдгийг онцолсон юм.

Үүнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Өнөөдөр улсын хэмжээнд 72 сургууль цэцэрлэг, сургуулийн ажил баригдаад эхэлсэн. Мөн концессийн гэрээгээр сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байгаа. Сургуулиудын спортын 5-6 заал баригдаж байна. Эдгээр барилгуудыг ашиглалт оруулах тал дээр бололцоотой арга хэмжээг авахаар ярилцаж байна. Хөтөлбөрийн хувьд Г.Мөнхцэцэг гишүүний саналтай нэг байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Засгийн газар солигдох бүрт өөр өөр хөтөлбөр дэвшүүлэн хэрэгжүүлж байгааг буруутгаж байв. Иймээс боловсролын салбарын хууль, эрх зүйн орчныг тогтвортой хадгалж ажиллах хэрэгтэй гэсэн санал гаргаж байв.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих