НУС, ШҮЛСЭЭ ХАЯСАН ГЭДГИЙГ ХЭН ХЯНАХ ВЭ

olloo_mn_1494469054_nus-shvlsТөрийн ордонд нэгэн дуулиант хуулийг хэлэлцээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Яг тоолох юм бол энэ хуулийг батлах тухай яриа гурван жил орчим хугацаанд үргэлжилж байгаа. Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байх үеэс л гэмт хэрэгт тооцохгүй зарим хэргийг зөрчил гэж тооцох тухай асуудал яригдаж хуулийн төсөл боловсруулж байсан.

Улмаар Хууль зүйн сайд нь өөрчлөгдөх бүрд доторх зүйл заалт нь өөрчлөгддөг, эсвэл ёсчлохгүй байсаар буцаадаг “алдарт” хууль бол Зөрчлийн тухай хууль юм. Тэгвэл өнөөдөр энэ хуулийн төслийг эцэслэн батлах нь тодорхой болж байна. Зөрчлийн биш шоронжсон хууль боллоо гэх талцал, торгуулийн хэмжээг дааж давшгүй нэмснээс болсон маргаан мэтгэлцээн хангалттай өрнөсөн.

Бүр сүүлийн жилүүдэд гарч байгаагүй тэмцлийг хэвлэл мэдээллийнхэн хийж, иргэний мэдэх эрхийг хаасан зүйл заалтаар торгууль ногдуулах Ц.Гаравжав гишүүний саналын эсрэг нэгдсэн билээ. Энэ хуульд хулгай, дээрэм, танхай, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс гадна үр хөндөх асуудлыг ч зөрчил гэж тооцох тухай санал гарч байв. Өөрөөр хэлбэл, үр хөндөх тусгай зөвшөөрөлтэй ч зориулалтын бус орчинд үр хөндсөн бол торгох асуудал ажлын хэсгийн төвшинд яригдсан ч дэмжлэг авч чадалгүй унасан.

Харин хулгай, танхайн асуудлыг зөрчилд тооцон шалгах ч шаардлагатай гэвэл хорих заалт тусгасан нь гишүүдийн маргааны сэдэв болсон юм. Зөрчлийн хуулиар гудамжид нус цэрээ хаях, хашаандаа хог шатаах, гэр бүлээ зодож, хүчирхийлэх, хог хаях, хүнсний бүтээгдэхүүн импортлохдоо алдаа гаргасан зэрэг 1600 гаруй жижиг зөрчлийг хянаж торгууль ногдуулахаар оруулж ирсэн билээ. Мөн хүн гүтгэсэн гэж үзвэл торгох зүйл заалт ч хуульд бий.

Мэдээж бидний амьдралдаа муу зуршил болгох шахсан энэ мэт асуудлыг хуульчилж, хотын соёлыг хуулиар ч болов далайлгаж төлөвшүүлэх нь сайн талтай. Гэвч хэн хяналт тавих нь сонирхолтой байгаа юм. Хогоо гудамжид хаяж, шүлсээ нулимж байгааг хэн хянах вэ. Гарцгүй газраар зам хөндлөн гарлаа гэхэд торгууль тавихын тулд тухайн хүнтэй заавал уулзаж таарна. Нэр усыг нь бичиж авах хэрэгтэй болно.

Замын камер дүрсийг нь аваад нэр усыг нь мэдчихдэг өндөр төвшинд хүрчхээгүй бол энэ ажлыг Замын цагдаагийнхан хийж таарна. Гэтэл ачааллаа дийлэхгүй, согтуу жолоочоо хянаж чадахгүй байгаа цагдаа нар явган зорчигчийн араас гүйж явах нь юу л бол. Өмнө нь хоёр машин мөргөлдөж, зам түгжирч байхад машин сүлжиж яваа нэг явган зорчигчийн араас хөөцөлдөх боломж ч байхгүй юм. Мөн гудамжид шүлсээ хаясан эсэхийг, машины цонхоороо хог хаясан гэдгийг мөрдөж суух боломж тун хомс.

Мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах байдлаар хуулийг хэрэгжүүлж болох ч тэр болгон иргэд гар утсаараа мэдээлэл өгөөд байх боломжгүй. Гэр бүлийн хүчирхийллийг хүртэл эр эмийн хооронд илжиг бүү жороол гэсэн байдлаар ханддаг хайнга хүмүүс хэн нусаа хаяж, шүлсээ нулимж байгааг тоолоод суухгүй биз ээ. Энэ мэтээр хууль хэрэгжих талаар учир дутагдалтай зүйл бишгүй олон байна.

Иргэний хяналт, цаашлаад байцаагч, хорооны ажилтан, цагдаа гэх мэтээр хэтэрхий нүсэр хяналт эргээд хийдэх, хариуцлага алдагдах үндэс болох вий гэдгийг хууль санаачлагчид анхаарч байгаа гэж найдъя. Ер нь сүүлийн жилүүдэд хяналтгүй хуулийг УИХ-аар хэтэрхий их баталлаа. Өнгөрсөн парламентын үед батлагдсан Тамхины тухай хууль хэрэгжсэн гэхээс илүү дүр эсгээд өнгөрсөн.

Ресторан бар, зоогийн газрууд л үүнийг хэрэгжүүлсэн ч гудамж талбай, олон нийтийн газарт татахгүй байх заалт хэрэгжээгүй. Зориулалтын тамхи татах цэг үлгэр болоод дуусаж байв. Сургуулийн орчинд тамхи зарахгүй байх заалт ч хэрэгжээгүй, харин ч нууц далд байдалд шилжсэн. Энэ мэтээр хэн хяналт тавих нь тодорхой бус, эсвэл хэтэрхий өргөн хүрээг хамруулж хууль баталдгаас болж монголын хууль гурав хоног гэх үг буруу утгаараа хэрэгжээд байгаа юм.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.