Хөхний сүү хуульчлахаас өөр хийх ажил алга уу

527-149489584563e534_140409204321_1_900x600_x974Өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганаар бас нэг “бантан” болсон хуулийн төслийг баталлаа. Хуулийн төслийн үзэл санаа нь нялх балчир үрсээ хамгаалах тухай гэнэ. Тэдний дархлааг дэмжиж, эхийн сүү хөхсөн хүүхэд эрүүл саруул өсч бойждог гэдгийг нийгэмд уриалах, сурталчлах зорилготой юм билээ.

Цаашлаад, давжаа биетэй, өсөлтгүй болж байгаа балчир үрсийгээ төр хуулиар далайлган хамгаалж байгаа хэлбэр хэмээн хууль санаачлагчид тайлбарласан. Гэвч үндсэн зорилгоосоо тэс өөрийг хуулийг А.Цогцэцэг сайд батлуулж орхив. Ямар ч тооцоо судалгаагүй хууль гэдэг нь цахим ертөнцөд өрнөж буй шүүмжлэлээс илхэн харагдана.
Тэр байтугай хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн хэмээн хүний эрхийн хуульч, экс гишүүн Ц.Оюунгэрэл жиргэсэн байх юм. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 27-нд салбарын сайд УИХ-ын даргад энэ хуулийг анх өргөн мэдүүлсэн байдаг. Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг батлуулах шалтгаанаар тэрбээр “Сүүлийн жилүүдэд эхийн сүүг орлох бүтээгдэхүүний хэрэглээ өсөж байгаа. Энэ хэрээр хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь багасаж 60 хувь байсан үзүүлэлт 40 хувьд хүрч буураад байгаа” хэмээн тайлбарлажээ. Улмаар таван бүлэг, 20 зүйл, 56 заалт, 94 хэсэг бүхий нүсэр том хуулийн төслийг батлуулж чадлаа. Энэ хуулийн амин сүнс нь дээр хэлсэнчлэн нялх балчир үрсийнхээ хоол хүнсний асуудлыг анхаарах.
Тэр дундаа 0-6 сартай хүүхдийг зөвхөн эхийн сүүгээр хооллохыг хуульчилж өглөө. Хэрвээ нэмэлт бүтээгдэхүүн өгөх шаардлагатай гэж үзвэл зөвхөн эмчийн бичгээр авна. Томоохон худалдааны төвүүд зарахгүй бөгөөд чанарын шаардлага хангасан нэмэлт бүтээгдэхүүнийг эмийн сангууд эмчийн бичгээр зарна хэмээн хуульчлав. Хэрвээ хууль зөрчвөл эх торгууль төлнө.
Нэг талаараа хяналтгүй асуудлыг цэгцэд оруулж байгаа нь сайн хэрэг. Гэвч энэ хуулийг дагалдаж гарах сөрөг талыг эрхэм сайд бодолцож үзээгүй нь илт байгаа юм. Хэн ч төрсөн үрээсээ хөхний сүүгээ харамлахгүй нь тодорхой. Хөхний хэлбэр алдагддаг гэх мэтээр урлаг, соёлын мэргэжилтэй бүсгүйчүүд хүүхдээ хөхүүлэхээс татгалздаг гэдэг ч үнэн худлыг хэн ч батлаагүй.
Нөгөөтээгүүр, эх нь хүүхдээ хөхүүлэхгүй байх шалтгаан дэндүү олон. Орчин үед эмч, эмнэлгийн ажилтнууд төрөхийн хүндрэл гаргахгүйн тулд бага зэргийн хүндрэлтэй төрөх эхчүүдийг хийсвэр хагалгаагаар төрүүлдэг болсон. Гэтэл дахин төрсөн болон анхан төрж байгаа эхчүүдийн хөхөнд сүү орох нь харилцан адилгүй байгаа. Дийлэнх нь гурав хоногийн дараагаас сүү орж эхэлдэг. Уургаа амлуулж өдөржин хөхүүлдэг ч дусал ч сүү гарахгүй байх тохиолдол олон байдгийг эрхэм сайд мэддэг байлтай. Эдгээр эхчүүд хэрхэх вэ.
Хүүхдээ өдөржин уйлуулж харангадуулах хэрэг үү. Эмч зөвхөн халдвартай болон сүү багатай ээжүүдэд нэмэлт бичиж өгнө хэмээн гүрийчихвэл яах билээ. Тэр гурван хоногт өөрөө оёдолтой атлаа хүүхдээ тэвэрч яв хэмээн загнадаг эмч нар бишгүй олон бий. Хуучин цагт хүүхэд нь өвчтэй болон ямар нэг шалтгаанаар эмчлүүлж байгаа ээжүүдийг дамжуулан хөхүүлж болдог байсан ч орчин цагт тийм зүйл байхаа больсон.
Хөхний сүүгээр дамжиж халдвар авдаг, эс бөгөөс хүүхэд халдвартай байх магадлалтай хэмээн бусдын хүүхдийг хөхүүлдэг ээжүүд ч багассан. Тиймээс аргагүйн эрхэнд ээжүүд хүүхдээ харангадуулахгүйн тулд нэмэлтээр угждаг нь худлаа биш. Харамсалтай нь үүнийг хуулиар хориглочихлоо. Хуулийг дагаад нэмэлт бүтээгдэхүүний бизнес далд хэлбэрт шилжинэ.
Эмчээс нэмэлт бичүүлж авахын тулд ээжүүд авлига өгч эхлэх вий. А.Цогцэцэг сайдын хэлсэнчлэн хөхний сүүгээр хүүхдээ хооллох хүсэлгүй ээжүүд 60 хувьд хүрсэн бол зах зээл хангалттай байна гэсэн үг. Тиймдээ ч хөхний сүүний нэмэлт бүтээгдэхүүнийг харин ч хууль бусаар зарах, авлига авч бичиж өгөх зэрэг асуудал гарч л таараа.
Аливаа зүйлийг хуулиар хориглох тусмаа нууц далд хэлбэрт шилждэг тэр л жишиг хэрэгжих нь ээ. Амьдралд нийцдэггүй, тооцоо судалгаагүй хуулийн тоог нэгээр нэмээд л өнгөрөх нь тодорхой байна. Дэлхий дахин хүүхдээ хөхний сүүгээр хүүхдээ хооллохыг дэмждэг. Гэвч манайх шиг хатуу хуульчилдаг нь юу л бол. Эрүүл саруул хүүхэд өсгөх үү, эсвэл давжаа биетэй хүүхэдтэй байх уу гэдгээ ээжүүд ялгаж салгадаг л байлтай. Миний эргэн тойронд лав тийм харгис сэтгэлтэй ээж алга.
Тиймээс төрсөн үрээ юугаар хооллоход биш тэднийг эмнэлгийн үйлчилгээг хүнд суртал, авлигагүй авахад салбарын сайд маань анхаарвал зүгээрсэн. Эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүйгээс, эрүүл мэндийн зөвлөгөө хангалттай биш байгаагаас л ээжүүд хүүхдээ буруу хооллож, рахиттай, давжаа биетэй болгож байгаа нь худлаа гэж хэлэхгүй биз ээ. Санаа нь зөв ч байгаа буруу сонгочихсон гэдгээ А.Цогцэцэг сайд ойлгох биз ээ.
Б.Эрхэс
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин

URL:

Нэр: Б Огноо: 16 May 2017

УИХ-ын гишүүдэд хууль санаачлан батлуулсны төлбөр 20 саяыг нь өгөхөө больчихооч, наадуул чинь болсон болоогүй хачин юм батлуулаад мөнгө авах л сонирхолтой. Уг нь бол хууль батлуулах нь ажил нь биз дээ.
Цогцэцэг өөр тулгамдсан асуудлаа шийд, бид хөхний сүү, нэмэлт тэжээлээ өөрсдөө зохицуулж чадахтайгаа байна

Сэтгэгдэл бичих