МАН (МАХН) түүхэндээ анх удаа сөрөг хүчиндээ бууж өглөө

МАН анх удаа сөрөг намдаа бууж өгөхийг харлаа. Энэ нам түүхийнхээ 90 жилийн хугацаанд ингэж байсан удаагүй. Тэд сая Сонгуулийн хууль дээр АН-д бууж өгөх өгөхдөө “далан таваар” бууж өгөхийг бид харлаа. АН-ынхан томсгосон 26 тойрогт 48 мандаттай байна. Улаанбаатар хотын мандатын тоог нэмнэ гэсэн саналтай байв. Үүнээс эсрэг зүйл ярьж, тойргоо жижиглэж хуваана гээд гэдийгээд байсан МАН-ынхан өнгөрсөн даваа гаригт АН-ын саналыг хүлээж авснаа мэдэгдлээ. Ингэснээр хөдөөгийн 20 тойрогт 34 мандат, хотын зургаан тойрогт 14 мандаттай байхаар болж байна. Үнэндээ МАН-д энэ саналыг хүлээж авахаас өөр арга байхгүй. Хэрэв “Үгүй” гэж зөрсөн бол бүх шатны Сонгуулийн хуулийг шинэчилж, боловсронгуй болгоно гэж амласан хамтарсан Засгийн газрын гэрээгээ зөрчих байлаа.

Өмнө нь Ардын Нам аливаа асуудалд үргэлж зөрдөг, сөрөг намдаа бууж өгөхгүйн тулд бүхий л чадлаараа зүтгэдэг байв. Ганцаараа дийлж байх ёстой юм шиг, асуудал бүхэн мөнхөд тэднийхээр шийдэгддэг байсаар байх юм шиг аашилж аягладаг байв. Бүр аргагүйдээд ирсэн үедээ сөрөг хүчнийхээ тавьсан саналыг сөргүүлээд өөрсдийнхөө хувилбарыг дэвшүүлдэг байлаа. Энэ аргаар сүүлийн 20 жил явжээ. Өмч хувьчлалаас эхлээд улс оронд хэрэгтэй, ард түмний аминд тулсан олон зүйл дээр тэд нэг иймэрхүү маягаар ханддаг байв. Наад захын жишээ гэхэд л байр хувьчлах гэхэд юу гэж цамнаж байсныг, мал хувьчилна гэхэд яаж уллан чангааж байсныг бид мэднэ. Бүх хүмүүс байраа худалдаад байргүй болно, нэгдлийг тарааж болохгүй гэх зэргээр зүтгэж сөргүүлээд өөрсдийн хувилбарыг гарган ирж зах зээлийн харилцааг үгүйсгэсээр ирсэн. Сөрөг хүчний аливаа санал санаачилгыг үгүйсгэн зөрж зүтгэсээр нийгэмд хийх шинэчлэлийг хоёрын хооронд юм болгон унжруулдаг. Тэд ингэж “муу байх тусмаа манай намд сайн” гэдэг бодлого баримталдаг нь нэг ёсондоо МАН-ын төрийн ажилд оролцдог хэлбэр болсон байв.

Сөрөг хүчиндээ бууж өгдөггүй толгой дээгүүр явсан МАН одоо харин шалдаа буужээ. АН-ын үгэнд ороод л нуруугаа авахуулсан морь шиг болчихож. Аргагүй энэ нам ядарч байгаагийн шинж. Буруулаад том толгой гарган зөрүүдэлбэл хамтарсан Засгийн газрын гэрээгээ зөрчиж, муу нэр зүүж засгаа унагачих гээд байдаг. Эвгүйхэн байвал Н.Энхбаярын МАХН-д хамаг гишүүдээ алдчих зовлонтой учирчихсан. Хазгай гишгэвэл ирэх сонгуульд МАХН-ын сүрд дарагдаж, ялагдал хүлээж ч мэдэх. Ядаж байхад намынх нь ойворгон нөхдүүд намын даргынхаа Ерөнхий сайдын суудалтай үзэлцээд, хариуцлага яриад сандаргаад байдаг хэцүүхэн хувь тавилан энэ намд ирчихээд байна. Ийм зовлонд унасан МАН элдвийн зүйл дээр тээглэн хэвтэх шонгүй болжээ. Дуртай шийдвэрээ гаргаж, ард түмнээр тоглодог байсан хөг нь өнгөрч. Улаанбаатар хотоос арваадхан хувийн дэмжлэг авдаг нам гэхэд харин ч их зантай байна. Аль хэдийнэ буугаад өгчих зүйл дээр маяглаж, Сонгуулийн хууль баталчих байсан алтан цагаас хумсалж, хэсэг хугацаанд гай боллоо. Ирэх сонгууль хүртэл энэ хэвээрээ улсынхаа хөгжлийн замд тээг болохгүй шиг явбал МАН-д л дээр юмсан. АН-ыхан харин МАН-ыг ийм чих зөөлөнтэй дээр нь учраа олохоо болчихоод гөлөрчихсөн үед нь нийгмийн шинэчлэлийг зоригтой, доривтойхон хийх хэрэгтэй байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих