Төв талбайд гадна, дотны иргэд хүндэрч суух вий дээ

be93b15e2be5baed9fbd44616620bccf_1200Ингэж хатуухан хэлэх шалтгаан дэндүү олон байна. Энэ сарын 20-нд буюу өнгөрөгч бямба гарагт болсон бүх нийтийг хамарсан гүйлтэд оролцож байсан гадны хоёр иргэн Хотын захиргааны урд талын мод руу бие засч буй зураг сошиал ертөнцөд “од” болоод буй.
Тэднийг зүхсэн занасан, нөгөө талаар өмөөрсөн пост дүүрчихээд байгаа юм. Улсын минь нийслэлийг жорлон болгож, Төв талбайд тэр тусмаа хотын захиргааных нь өөдөөс харж зогсоод бие засч суугаа тэднийг яаж ч бодоод зөвтгөх арга алга. Угтаа тэд биднийг доромжилсон хэрэг болов. Нийслэл хотод маань нийтийн бие засах газар хүрэлцээгүй гэдэг нь үнэн.
Гэвч Төв талбайг тойрсон олон үйлчилгээний байгууллагын аль нэгнээс нь гуйгаад ч болов бие засч болох байсан ч тэгсэнгүй. Тэдний энэ үйлдэл гадныхан биднийг ямархуу хэмжээнд үнэлж буйг яруу тодоор харуулж өгөв. Нөгөөтэйгүүр, нийслэл хот чинь хүн бие засах олигтой орчингүй шүү гэдгийг Хотын удирдлагуудад харуулж, бас хатуухан сануулсан болов уу гэж найдъя.
Тэр өдөр маш олон хүн хотын гудамжинд цугласан. 33 мянган иргэн марафон гүйлтэд оролцсон гэхээр ямархуу ачаалалтай байсан нь тодорхой. Тиймдээ ч Сүх жанжины талбайн өмнөхөн байрлах ганцхан нийтийн бие засах газар дүүрэн ачаалалтай байсан нь мэдээж. Гадны хоёр иргэний үйлдэл дарга нарт нэгийг бодогдуулаасай гэж найдаж сууна.
Сая гаруй хүн амтай мега хотод нийтийн бие засах газар эрж, бүтэн нэг цаг тойрно гэдэг арай л дэндүү асуудал гэдгийг энэ хоёрын үйлдэл эрхбиш ойлгуулсан биз ээ. Хотынхоо хамгийн эхний шийдэх асуудал болох нийтийн бие засах газраа шийдэж чадахгүй бол төд удахгүй төв талбай дээр гадна, дотны иргэд чинь хүндэрч суух вий дээ, хотын дарга аа.
Б.Тогтох
mminfo.mn

URL:

Сэтгэгдэл бичих