Цадаж ханахаа мэдэхээ байсан Засаг дарга Э.ЦАСЧИХЭР

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЗАРЛАСАН ТЕНДЕРИЙГ АЛБАН ТУШААЛТНУУД Л АВДАГ

Аймгийн Засаг дарга нар гэж “даам” гарсан нөхөд орон нутагт байдаг гэхэд болно. Өөрийнх нь мэдэл дор хэвлэл мэдээлэл, нэг намын нөхдөөр бүрдсэн ИТХ-ын төлөөлөгч нар байдаг аж. Тийм учраас биеэ тоож шударга шүүмжлэл хэлсэн хүнийг ад шоо үздэг байна. Үүгээр ч зогсохгүй өөрийн багийг бүрдүүлж ямар ч хяналтгүй төрийн ажлаар бизнес хийх, авлигаар баяжсан албан тушаалтнууд болжээ.

Ард түмнээ дорд үзсэн, авлигач Засаг дарга нарын талаар манай сонин бичиж байгаа билээ. Гэтэл Засаг дарга нар орон нутгийнхаа хэвлэлийг ашиглан “Аймгийн Засаг дарга нарыг ангуучилж байна”, “АН-ын захиалга өгч “Өдрийн сонин” гүйцэтгэж байна” гэсэн мэдээллүүдийг өдөр болгон шахуу цацаж байгаа юм.

Нөгөө талаар хэвлэл мэдээлэлд ярилцлага, мэдээ мэдээлэл нийтэлсэн иргэдийг хүртэл хавчин хяхаж байгаа сураг сонсогдох боллоо. “Манай аймгийн Засаг дарга хэтэрлээ, дэндлээ. Мумар Каддафи шиг боллоо” гэж иргэд бидэнд ханддаг. Түүнээс биш манай сонин “Тэр аймгийн Засаг даргыг бичих гэсэн юм” гээд эрэн сурвалжлаад явдаггүй. Тэгж бас чадна л даа. Иргэдийнхээ шударга шүүмжлэлийг хэвлэлээр сонсохын оронд Засаг дарга нар “АН-ын захиалга, төлбөртэй нийтлэл” гэж улстөржүүлэн гуйвуулж өөр шигээ сэтгэх юм. Харин өөрсдөө болохоор төлбөртэй нийтлэл төвийн хэвлэлээр нийтлүүлэхдээ “Өдрийн сонин” гэж дурдахаас ч эмээнэ. Яагаад гэвэл үг өгүүлбэр бүрийг нь баримтаар няцааж чадна. Нөгөө талаар “Өдрийн сонин”-д ямар нэгэн захиалга өгдөг улстөрийн хүчин гэж байхгүй.

Саяхан Увс аймгийн хэсэг иргэд 1500 км-ийг туулан ирж манай сонинд мэдээ материал өглөө.  Тэдгээр иргэд манай сонинд мэдээ материал өгөхийн тулд  цалингийн зээлд хамрагдаж, зарим нь хонь мал хүртэл нядалж замын зардлаа хийсэн байв. Харин МАН-ын гишүүдэд бол Увс аймгаас Улаанбаатар хот орох шиг амархан зүйл байхгүй. Яагаад гэвэл Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр төсвийн хөрөнгөөр асуудлыг шийдчихдэг байх юм.

Одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн байгуулсан “Зүүний хүчний холбоо” 2009 онд бага хурлаа хийх болсон байна. Энэ хуралд оролцох төлөөлөгчдийн үйл ажиллагааны болон замын зардалд зориулан 1,5 сая төгрөгийг төрийн сангаас гаргасан байх юм. Арав гаруй мянган төрийн бус байгууллагууд бүртгэгдсэн өнөө цагт аймгийн төсөв даах болов уу.

Үүнээс гадна тус  намын гишүүн Л.Чогсомыг Улаанбаатарт болсон ахмадын холбооны хуралд оролцоход нь зориулан 430 мянган төгрөг гаргаж өгчээ. Мөн МАСЗХ-ны хуралд оролцох төлөөлөгчдийн замын зардалд  200 мянган төгрөгийг төрийн сангаас гаргаж өгсөн байгаа юм. Өөрийнхөө халааснаас хишиг тарааж байгаа юм шиг төсвийн мөнгийг МАН-ын үйл хэрэг, хурал цуглаанд хайр найргүй цацна. Замын зардал аваад байгаа төлөөлөгчид тийм ч  ядарч туйлдсан улс биш. Голдуу л нутгийн баячуул гэхэд болно.Харамсалтай нь Улаанбаатар хотод нүдний хагалгаанд эмчийн дүгнэлт гарсан ч замын зардалгүй болоод сохорсон хүн ч байгаа юм.

Дээрх мөнгөн дүн нэг их биш. Гэхдээ шударга иргэдийн татвар төлөхдөө “МАН-ын үйл хэргийг бэхжүүлэхэд, хурал цуглаанд оролцоход зарцуулаарай” гэж захиагүй нь лавтай. Уг нь энэ мөнгийг байгалийн гамшиг, ослын үр дагаврыг арилгах, гоц халдварт өвчний тархалтыг зогсоох, арилгахад зориулах ёстой байсан юм билээ. Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр мөнгө төгрөг голно гэж байхгүй. Будаа тоншиж байгаа тахиа шиг мөнгө төгрөг, тендерийг их бага гэлтгүй цохино. Гэхдээ тэндээсээ “юм” унагаахгүй байна гэж байхгүй.

Жишээлбэл Увс аймгийн ЗДТГ-ын захиалгаар Монгол Улсын баатар Ю.Цэдэнбалын 90 насны ойг тохиолдуулан орон нутгийн музейг засварлахаар болсон байна. Энэхүү музейн засварыг төсвийн хөрөнгөөр  түүний “Мөнхжим-Өргөө” компани гүйцэтгэхээр   болж 50 сая төгрөг авчээ. Засварын ажлын нэмэлт хөрөнгө дутсан нэрийн дор нь 13 сая төгрөг нэмж гаргуулсан байгаа юм.

Ю.Цэдэнбалын нэрэмжит музейг засварлахад 40 саяас дээш хөрөнгө орохгүй. Засаг дарга Э.Цасчихэрийн барилгын компани  мөнгө төгрөг илүү идсэн гэх хүмүүс ч байгаа юм.  Жижиг жараахайгаас эхлээд тул загасыг хүртэл залгиж орхидог мань дарга “Төрийн албан хаагчдын 24 айлын орон сууцны барилгаас том мөнгө унагаасан гэнэ. Анх энэхүү орон сууцыг Төрийн сангийн дарга Б.Норовсамбуугийн “Ундарга констракшн”, МАН-ын гишүүн Х.Сүхбаатарын  “Арвижих-Ундрах”, Засаг дарга Э.Цасчихэрийн  “Мөнхжим-Өргөө” (“Мөнхжим” ХК-ийн охин компани) компаниуд барихаар болсон байна.

Тендерт  дээрх гурван компани “Увс консерциум” нэрээр орсон байна. Гэвч толгойлж орсон “Ундарга констракнш” л гэхэд гурваас дээш барилга барих зөвшөөрөлгүй, “Мөнхжим-Өргөө” компани хуурамч гарын үсэг, бичиг баримт бүрдүүлсэн байжээ.Тендерийн хороог Аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Очир толгойлж байсан бөгөөд тендер худалдсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэргийн шинжтэй зүйлүүдийг авч үзсэнгүй.Тэр ч бүү хэл Засаг дарга Э.Цасчихэрт долигонож байгаа мэт “Нэлээд зөрчил байгаа хэдий ч “Мөнхжим-Өргөө” компани гайгүй учир шалгарууллаа” гэсэн байгаа юм.

Ерөнхийдөө Засаг дарга Э.Цасчихэрийн барилгын компани гэдэг утгаараа шалгарсан нь ойлгомжтой байв. Анхны төсөв 476 сая төгрөг байсан хэдий ч эрхэм дарга нарын эрх компаниуд “Хөрөнгө дутсан нэрийн дор нэмж хөрөнгө авсаар 602,0 сая төгрөгөөр 24 айлын орон сууц боссон байна. Үүний дараагаар нэг том асуудал босч иржээ. Эрхэм дарга нарын 24 айлын орон сууцны бүхэл бүтэн нэг давхар нь сох дутжээ. Өөрөөр хэлбэл дээрх компаниуд “Төсөвлөсөн хөрөнгө дутлаа” гэж хэд дахин санхүүжилт авсан ч сэтгэл  цадалгүйгээр нэг давхрыг нь идэж орхижээ.

Дарга нар гэсэн бүлэглэл тендер авахдаа бага үнэ хэлдэг ч явцын дунд төсвөө бага багаар нэмүүлээд л байдаг. “Долоон дундуур”-ын үлгэр гэж байдагтай адил. “Хаан шалдан байна” гэж хашгирдаг хүүтэй адил “Хүүеэ нэг давхар нь дутуу байна” гэж уулга алдсан барилгын техникийн улсын ахлах байцаагч М.Оюунцэцэг ажлаасаа халагдсан сураг байгаа юм. Аймгийн засаг дарга Э.Цасчихэр юу ч гололгүй цохино. Гэхдээ мөнгө цохих арга нь яг адил. Төсвийн хөрөнгөөр нэг гараж барихад л гурван сая төгрөг эхлээд авна. Тэгээд хөрөнгө дутлаа гээд нийт долоон сая төгрөг болгоод томруулчих жишээтэй.

Увс аймгийн олон зуун иргэд Нарийны гол дээр тавигдах 325 метр урт  төмөр бетон гүүрийг 2005 оноос хойш хүлээж байна. Энэ гүүрийг барина гэж Засаг дарга Э.Цасчихэрийн “Мөнх жим” компани тендерт ялжээ. “Барилдахаасаа таахалзана” гэгчээр улсын төсвөөс 90 сая төгрөгийн урьдчилгаа аван гүүрийн ажлаа эхлэх болсон гэнэ. Хэдхэн сарын дотор 196,3 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт батлуулсан байгаа юм. 2008 онд онд хүлээлгэн өгөх гэрээтэй гүүр боссонгүй. Босоогүйгээр барахгүй улсаас 512,0 сая төгрөгийн урьдчилгаа авчихсан байгаа юм. “Мөнх жим” компани Нарийны гол дээр 14 ширхэг шон босгоод гэрээгээ цуцлах хүсэлт гаргажээ.

Түүний хүсэлтийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хүлээн авч УИХ-аас Нарийны голын гүүрийг 5,6 тэрбум төгрөгөөр дахин барихаар болжээ. Засаг дарга Э.Цасчихэр үүнээс хойш бүхэл бүтэн гүүр залгиж орхисон  “Мөнх жим” компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичихээ байсан гэнэ. Ер нь бол аймгийн Засаг дарга нарын хөрөнгө алга болдог, гэнэт хэдэн зуун саяар өсдөг нь хэвийн үзэгдэл юм билээ.

Увс аймаг ууж иддэг албан тушаалтнууд, цадаж ханахаа мэдэхээ байсан Засаг дарга Э.Цасчихэр нараасаа салахын түүс болж байгаа бололтой. Шударга иргэд “Цэцэг” нуурын дугуйлан шиг юм байгуулж Засаг даргынхаа эсрэг заргын бичиг үйлдэн АТГ илгээдэг гэнэ. Засаг дарга Э.Цасчихэрийг  Хан Хэнтий шиг ханхайсан ах нар болох ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  ивээлдээ авчихсан. Тийм учраас Засаг дарга Э.Цасчихэр айж ичихээ умартаад 11 жилийн нүүр үзэж байгаа гэнэ.

Нарийны гол дээр тавигдах гүүрийн шон

24 айлын орон сууц

Т.ЦОГТ-ЭРДЭН


URL:

Сэтгэгдэл бичих