Б.Ану: Бэрхшээлийн цаана амжилт

Найман жилийн өмнө цэнхэр дэлгэцээр анх “Цодгор хүү” тэм­цээнийг үзсэнээсээ хойш эрээн модон хавтан дээрх олон янзын дүрс бүхий нэгэн спортод хорхойсон дурласан бяцхан охин өдгөө Дэлхийн шатарчдын холбооны мастер болжээ. Түүнийг Баярын Ану гэдэг. Тэрээр сая­хан Туркийн Анталия хотод бол­сон Шатрын сонирхогчдын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс эх орондоо алтан медальтай ирсэн юм. Ингээд МУИС-ийн МТС-ийн 1-р курсын оюутан Б.Анутай хий­сэн ярилцлагаа хүргэе.

-Ану шатрын спортоор хичээллээд хэдэн жил бол ж байна?
- Би энэ спортоор 8 дахь жилээ хичээллэж байна. Арван настай байхдаа зурагтаар нэг тэмцээн үзэж байтал шатрын эрээн хөлөг, тэмээ, морь зэрэг янз бүрийн дүрсүүд нь ихэд сонирхол татсан. Тэгээд ааваараа яаж тоглодгийг нь анх заалгаж сурсан. Тэр үеэс хойш хаана ч байсан шатраа тэвэрч явдаг болсон доо.
-Тэгвэл хамгийн анхны нүүдлээ аавтайгаа хийсэн байх нь ээ?
-Тийм ээ. Миний анхны багш шүү дээ. Аав маань буудлагын спортын олон улсын хэмжээний мастер Баяр гэж хүн бий.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Би төгөлдөр хуур тоглож, усанд сэлэх дуртай.
– Шатар оюуны их ачаалалтай спорт.Тоглолтын өмнө буюу дараа алжаалаа тайлж хийх дуртай зүйл байдаг уу?
-Тоглолтын өмнө кофе ууж, шоколад иддэг. Харин дараа нь салхинд явган алхаж, рок хөгжим сонсдог. Тэгэхээр үнэхээр их сэргэдэг шүү.
-Чиний зан чанарт шатар ямар нэг нөлөө үзүүлсэн үү. Багаасаа энэ спортоор хичээллэх нь их тэвчээртэй, нягт нямбай болдог гэж ярих юм билээ?
-Би их сууж сурсан. Ер нь хүнийг аливаад тэвчээртэй, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгож төлөвшүүлдэг юм шиг ээ. Жишээ нь, нэг тэмцээнд 9-11 өрөг тоглоход дор хаяж 6-7 цаг суух шаардлага гардаг. Тэвчээргүй зангаасаа болоод тоглолт дуусахын даваан дээр хожил дөхчихсөн байтал нэг буруу нүүдэл хийгээд л санамсаргүй алдаа гаргачихвал хайран биз дээ. Тэгэхээр тэвчээр энэ спортод маш чухал гэж боддог.
-Анугийн амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Амьдар, инээ бас хайрла. Сэт­гэлээсээ инээх хүний биед сайн энерги өгдөг гэж дуулсан. Хүний амьдралд аз жаргал байхын хамт зовлон, бэрхшээл бас дагадаг. Түү­нийг асгарч буй бороо гэвэл дараа нь солонго татдаг шүү дээ.Тэгэхээр амьдралдаа солонго татуулахын тулд нэг дусал ч болов бороо оруул. Өөрөөр хэлбэл бэрхшээлийн цаана амжилт нуугдаж байдаг гэсэн үг л дээ. Энэ үгийг л өөртөө хэлэх дуртай.
-Олон улсын чанартай тэмцээнүүдэд их оролцдог байх. Гадныхан монголын тамирчдыг хэрхэн үнэлдэг бол?
- Дэлхийн 20-иод орноор явсан. Хамгийн сэтгэлд үлдсэн газар нь Герман. 2005 онд очиж байсан.Их өндөр хөгжсөн, соёлтой цэвэрхэн. Дараа нь Америкт нэг жил суралцсан. Энэ боломжийг мөн л шатар надад өгсөн. Шатрын олимпиадын болон дэлхийн тэмцээний дөрвөн удаагийн аварга, их мастер Жужа Полгартай өөрийн биеэр уулзаж, тэмцээнд нь түрүүлж АНУ-ын Техасийн ТИС-д жилийн хугацаатай тэтгэлгээр суралцаад ирсэн. Ер нь олон орны тамирчидтай уулзаж байхад манайхныг их өндөр үнэлдэг шүү. Тэр тусмаа монголын эмэгтэй шатарчдын амжилтын гол нууц нь юу вэ гээд л асуугаад байдаг.
-Тийм үед эх орноороо бахархаж, дотроо омогшдог байх, тийм үү?
- Тиймээ. Ялангуяа тэмцээний ялагч болчихоод төрийн дуулалаа эгшиглүүлэх үед сэтгэл үнэхээр огшдог. Манай төрийн дуулал их гоё. Бусад орныхоос арай л уянгалаг санагддаг. Бас төрийн далбаагаа мандахад сэтгэл санаа үймрээд нүдэнд нулимс цийлэлзээд эхэлдэг. Монголчууд их оюуны чадавх сайтай хүмүүс. Тиймээс яг бие даасан сэтгэлгээ шаардсан үе дээр маш сайн тоглодог. Гадныхан бас манайхны морин уралдаан, онгон дагшин байгалийн талаар их сонирхож асуудаг. Тийм л үед эх орноороо үнэхээр их бахархдаг.
-Хүндэлж явдаг тамирчин олон бий биз?
-Би МУГТ Л.Мягмарсүрэн мөн бүх багш нараа хүндэлж явдаг.
-Тоглолтын өмнө багш тань юу гэж зөвлөдөг вэ?
-Гол нь тайван бай гэдэг. Шатар бол алдаанаасаа суралцдаг спорт.Тиймээс нүүдэл бүрийг шинээр эхэлж байгаа мэт бодож хийх хэрэгтэй гэж зөвлөдөг.
-Хамгийн их бахархдаг амжилт чинь юу бол?
-2008 онд зохиогдсон сурагчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтаараа илүү бахархдаг. Учир нь миний дараа багийнхан маань их сайн тоглож, медалийн эзэд болсон юм. Тиймээс энэ тэмцээний хувьд би Монголдоо анхдагч нь болж, булган сүүлтэй байсан гэж боддог.
-Анугийн хэтийн зорилго, мөрөөдлийн тухай асуулгүй өнгөрч боломгүй байна?
-Их мастер цолд хүрэх миний мөрөөдөл. Гэхдээ энэ цолд хүрэхийн тулд их цаг, хөдөлмөр зарцуулна. Би мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ, шатраа тоглоод, Дэлхийн шат­рын холбооны төлөөлөгч болохыг хүс­дэг. Ингэснээр би энэ спортоор хичээллэж буй хүүхэд залуучуудыг олон улсын тавцанд холбож чадна. Бас дэлхийн аваргуудын зураг бүхий маш гоё тохижилттой, үнэ­гүй тэмцээн уралдаан зохиодог, хүүхдүүд зорих дуртай тийм л шатрын клуб байгуулахыг мөрөөд­дөг.
Ц.Энхмандах
Д.Догсмаа

МОНЦАМЭ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих