Лалын шашинтнуудын өвөрмөц баяр

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Лалын шашинтнууд Курбан айт баяраа /үндэсний/ тэмдэглэж өнгөрүүллээ. Тэд баяраараа бидэн шиг идээ будаа, чихэр жимс, архи дарс болдоггүй бөгөөд энэ өдөр зөвхөн улаа үйлдэж, малын махыг тэнгэр бурхандаа өргөдөг ёстой. Өрлөг өргөх ёслол өнгөрсөн ням гаригт “Эмээлт”-д эхэлж монголын лалын шашинтнууд 100 гаран мал нядлан Аллах бурхандаа өргөлөө. Өглөөний 8 цаг 30 минутад лалын шашинтнууд Эмээлтэд цуглацгааж ёслол үйлдэцгээсэн. Энэ жил УИХ-ын гишүүн Мурат тэргүүтэй олон хүн өрлөг өргөх ажиллагаанд оролцлоо. Малыг нэг дор олноор нядлах нь бидэнд эгдүүцэхээр харагдах ч лалын шашинтнуудад огт тэгэж санагддаггүй гэнэ.

Исламын орнуудад Курбан баярыг дөрвөн өдрийн турш тэмдэглэж өнгөрүүлдэг. Харин манай улсад өргөн дэлгэр тэмдэглэх боломж байдаггүй гэнэ.Айл бүрийг төлөөлж нэг хүн мал гаргана. Тэнд цугласан эрэгтэйчүүд малаа гаргаж эмэгтэйчүүд нь гэдэс дотроо арилгаж дор бүрнээ ажиллана. Курбан гэдэг нь зүрхээрээ Аллах тэнгэртэй ойр болох гэсэн үг аж. Баян хүн заавал мал гаргаж бурханд өргөх ёстой. Харин дундаж орлоготой айл сэтгэлээрээ өргөж болдог. Ядуу иргэдээс бол шаарддаггүй. Мөн хамгийн сонирхолтой нь адуунаас бусад бүх малыг төхөөрдөг юм байна. Лалын шашинтнууд адууг хүндэтгэдэг бөгөөд тэдний куран сударт адууг муулах талаар ямар нэгэн зүйл бичигдээгүй байдаг гэнэ. Курбан баярыг лалынхан VI зууны үеэс тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Исламын орнуудад өргөн дэлгэр тэмдэглэдэг тус баярыг монгол дахь лалын шашинтнууд бүгдээр тэмдэглэж чадахгүй байгаа тухай казах иргэд ярьж байна. Монголд таван айлын нэг нь нядалгаа хийдэг бөгөөд тус баяраар муулсан малынхаа махыг чанаж идэн бие биедээ баярын мэндчилгээ хүргэн гэртээ тэмдэглэдэг. Баян хүмүүс малын махыг ядуучуудад өгч буян үйлдэх нь Курбан айт баярын утга учир.  Курбан айт баяраар нядалсан малынхаа цээжний хөндийдэх цусыг бузар гэж үздэг тул түүнд хүрээгүй  махыг ариун гэж үздэг.

Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь Мусульман шашинтнууд байдаг. Өнөөдөр дэлхий дээр хоёр тэрбум орчим мусульманчууд амьдардаг бөгөөд энэ жилийн баярт монголын 100 гаран лалын шашинтнууд оролцсон юм. Монголын лалын шашинтнуудын дийлэнхийг Казак үндэстнүүд эзэлдэг. Лалын шашинтай хүмүүс баяраараа огт архи амсдаггүй. Куран сударт Курбан айт баяраар архи амсахыг хатуу хориглосон байдаг гэнэ. Тиймээс монголчуудыг үндэсний баяраа архины баяр болгодогт харамсдаг хэмээн казак үндэстнүүд ярьж байсан юм. Лалын шашинтай хүмүүс үеийн үед өөрийн шашинаа шүтэх хатуу дэг номтой бөгөөд өөр шашин руу урвах тохиолдол ер нь гардаггүй гэнэ.

Т.Хулан 24tsag


URL:

Сэтгэгдэл бичих