Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна

18620158_1353068744786509_5301379378862197332_n

Уншигч та бүхэндээ бид энэ удаа Монголдоо мөөг тарьж буй талаар танилцуулж байна. Өнөөдөр Монгол улс хүнсний мөөгөө 100 хувь гаднаас оруулж ирдэг. Мөөг нь хураасан даруйдаа хэрэглэвэл эрүүл мэндэд тустай хүнс юм. Энэ утгаараа бидэнд Монголдоо тариалсан мөөгийг өдөрт нь авч хэрэглэх боломжийг “Хүрээт цагаан” ХХК олгож эхэллээ.

Энэ компаний хүлэмж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 300-400 кг ургац өгөх боломжтой аж. Эднийх Дулааны аргаар боловсруулсан сүрлэн дээр үрээ цацаж ургуулдаг франц технологиор тариалалтаа хийдэг юм байна. Харагдаж буй нэг уут сүрлээс 2 кг мөөг ургадаг бөгөөд орчны агаарын хэм, чийгийг тусгай машинаар тохируулж, байнга хянаж ажиглаж байдаг ажээ.

Хэрэв энэ эрчээрээ тариалалтаа нэмэгдүүлж борлуулалтаа өсгөн, олонд таниулж чадвал удалгүй Монголд тариалсан мөөг тасрахгүй, импортын бүтээгдэхүүнийг орлож, үндэсний хүнсний үйлдвэрлэл нэгээр нэмэгдэх юм. Уншигчиддаа “Хүрээт цагаан” ХХК-ийн захирал Г.Чойжилсүрэнтэй ярилцсанаа толилуулъя.

 

-МОНГОЛД МӨӨГ ТАРИАЛАХ ТЕХНОЛОГИ, ТЕХНИК, ЗААВАР, НОМ СУРАХ БИЧИГ ОГТ АЛГА БАЙНА-

 

-Та хүлэмжийн тариалалтаа хэзээ эхэлсэн бэ?

-Анх 2016 оноос 18 м.кв талбайтай хүлэмжинд тариалж үзтэл амжилттай болсон тул энэ жилээс 3 хүлэмж барин тариалснаас 2 нь ургацаа өгч байна. Энэ хүлэмж 100 м.кв талбайтай, сард 300-400 кг мөөг өгөх хүчин чадалтай. Мөөгний хүлэмжийн онцлог бага талбайгаас их ургац өгдөгт байгаа юм.

 

-Энэ харагдаж байгаа ууттай зүйл хөрс гэсэн үг үү? Та тариалах технологийнхоо талаар тайлбарлахгүй юу?

-100 гаруй жилийн өмнө Франц улсад боловсруулсан технологи. Энэ ургаж байгаа мөөгийг хясаа, Азийнхан навчин мөөг гэдэг. Цагаан мөөгөн дотроо  тэжээллэг чанар, амтаараа хамгийн өндөрт тооцогддог учир бид сонгосон юм. Мөн үндсэн түүхий эд нь Монголд маш хямдхан байдаг. Хэрэв намар цагаар залхуурахгүй бол тариан талбай дээр хаягдсан сүрлийг хамаад авч болно. Ингээд тусгайлан бэлдсэн чийгтэй сүрэл дээрээ үрээ хийгээд чийг, агаарын солилцоо, дулааныг нь тохируулсан орчинд тавихад сарын дараа мөөг ургаад гараад ирнэ гэсэн үг юм. Бид гурван нь ч газрын мөөгний үр туршиж үзсэн. Хятадаас авсан үрээр тарьж үзэхэд ургаж байсан ч амт муутай, удаан ургадаг, Оросоос авсан нь ургах чадвар муутай байсан. Одоо тариалалт хийж буй үрийг Швейцариас авсан, их амтлаг, түргэн ургадаг, чийг бага шаарддаг учир сонгож тариалж байна. Яг үнэнийг хэлэхэд Монголд одоо мөөг тариалах технологи, техник, заавар, ном, сонин огт алга байна. Иймд бид оросуудаас заавар зөвлөмж аван ажиллаж байна.

 

-Дэлгүүрийн лангуун дээр гадны улс орнуудаас оруулж ирсэн мөөг худалдаалж байна. Монголдоо тарьж ургуулахын давуу талыг та тайлбарлаж өгөхгүй юу?

-Мөөгний хүлэмж өдөр бүр ургац өгдөг, өдөрт нь хураахгүй бол маргааш нь гэхэд томроод хөгширчихдөг. Лангуун дээрээс худалдаж авсан мөөгүүд муудахгүй их уддаг шүү дээ. Харин шинэ мөөг хурааснаас хойш тасалгааны хэмд гурав хоногийн дараа гэхэд муудчихна. Учир нь дотор нь байгаа эрдэс бодисууд исэлддэг. Хадгалах нөхцөл нь зөрчигдөж, хугацаа нь хэтрэнгүүт ялзарч байна гэдэг тухайн бүтээгдэхүүн ямар нэгэн химийн бодисын хольцгүй цэврээрээ байгаагийн гол шинж юм.

 

-Гадныхан мөөгөө муутгахгүйн тулд ямар арга хэрэглэдэг вэ?

-Гадны мөөгний ААН-ууд бүтээгдэхүүнээ муутгаж, алдагдалд орохгүйн тулд хлорын 4 хувийн уусмалд булхчихдаг юм. Ингэснээр тухайн уусмал мөөгний дотор байгаа хамаг эрдэс бодисуудыг өөртөө татаж уусгаад, зөвхөн мөөгний хэлбэр төдий бие нь үлдэж амт, үнэр нь оргүй алга болдог. Хятад мөөгийг алимны цууны хүчилд хийгээд үзээрэй, хлорын уусмалын үлдэгдэл нь ялгарч харагдана.  Тиймээс л лангуун дээр байгаа мөөг ялзардаггүй. Харин эрдэс бодистойгоо байгаа мөөг тасалгааны хэмд гурав хоног, хөргөгчинд 18 хоног л  байна. Европын холбоо Хятадаас мөөг импортлохыг 2004 оноос бүрмөсөн хорьсон, Зүүн Өмнөд Азийн орнууд мөөгний хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, тэгэхээр Хятадын чанаргүй мөөгийг шингээж байгаа хоёр бүс нутаг нь Монгол, Оросын Алс дорнодын хөгжил тааруу бүс нутаг л байна. Манайтай хамгийн ойр мөөгний аж ахуй гэвэл Хөх хотын цаана байдаг. Хойд талд Улаан-Үдэд мөн бас нэг аж ахуй бий. Хөх хотод тариалсан мөөг хэд хонож Монголд орж ирдэг нь бүгдэд ойлгомжтой шүү дээ.

 

 

-2016 ОНЫ ГААЛИЙН МЭДЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 16 САЯ АМ.ДОЛЛАРЫН МӨӨГ ИМПОРТЛОСОН БАЙНА-

 

-Нэг ууттай сүрлийг хэр удаан хугацаанд ашиглах вэ?

-Үр нь сүрлээ идэхийн тулд 20-30 хононо. 30 хоног ургац өгнө. 10 кг-аар савласан нэг уут сүрлээс 2-2.5 кг ургац авдаг. Ургацаа өгсөн сүрэл нь мөөгний үндэс тархсан, азотоор баялаг байдаг учир төмс, лууван, манжин гэх мэт үндэс үрт ургамлын нэн сайн бордоо болохоос гадна гахайнд юугаар ч орлуулшгүй тэжээл байдаг. Өнгөрсөн жил бид ургацаа өгчихсөн сүрлээ тураад хэвтчихсэн үхэрт өгч үзтэл хоноод босоод ирчихсэн байсан. Гахай ургамлын үндэс иддэг амьтан шүү дээ, үүнийг идсэн гахайн торой маш хурдан хугацаанд өсч бойждог. Нэг үгээр хэлбэл, тэнд үнэгүй хэвтэж байгаа сүрлийг авчраад бүтээгдэхүүн үйлдвэрлээд, хаягдлыг нь дахиад малдаа ч юм уу, ургамалдаа өгөхөд үндсэндээ хаях юмгүй болж байгаа юм.

 

-Манай хөрс үржил шим сайтай байх л даа?

-Үнэхээр гайхалтай. Сүрлэн хөрсийг авч ирээд дээр нь юу ч нэмэхгүйгээр мөөг тарьчихлаа гэхээр оросууд маш их гайхдаг. Хөрсөнд шинжилгээ хийгээд үзэхээр манай хөрсний шим тэжээл маш өндөр гардаг. Бидэнд байгаа том баялаг бол яах аргагүй шимээ алдаагүй хөрс юм. Оросууд наад зах нь сүрэл дээрээ гипс, шохой нэмдэг. Гэтэл манайд шууд л мөөгний үрээ хийгээд арвин ургац авч чадаж байна. 2000 жил тариалчихсан гадны хөрсөнд ургасан сүрэл, 20, 30-аас илүүгүй жил тариалсан хөрсөнд ургасан сүрэл хоёрын ялгаа үнэхээр их байна.

 

-Лангуун дээр байгаа мөөгийг яаж ялгаж авах вэ? Тухайлбал, танайх ямар хаяг, тэмдэгтэй вэ?

-Мөөгийг шинэхэн эсэхийг мэдэхийн тулд хамгийн эхлээд үнэрлэж үзэх хэрэгтэй. Үнэргүй бол химийн бодисоор угаасан, эхүүн үнэртэй бол муудаж буй гэж ойлгож болно. Хоёрдугаарт, мөөгнийхөө өнгийг хар. Хлорын уусмалд дүрсэн бол эхлээд цав цагаан өнгөтэй, шар толботой хэдэн сар байгаад аажмаар харладаг. Мөөгний үндсэн өнгө бол дун цагаан биш саарал юм. Мөөгийг ялзруулахгүй тулд хлорын уусмалд булхдаг талаар би өмнө хэлсэн. Ийм мөөг маш хөнгөхөн болсон байдаг. Шинэ мөөг бол жинтэй, хүнд байдаг шүү дээ. Шинэ мөөгний толгой хэсгийг хугалаад үзэхэд салбан салбангаараа салж хуваагддаг бол, хлорын уусмалаар бэхжүүлсэн мөөг хугарах юм уу үйрч унадаг, бүхлээрээ хуваагддаг. Энэ шинж чанараар нь ялгаж авна даа. Манай мөөгний хувьд “Хүрээт цагаан” ХХК-ийн “Хясаа мөөг” нэрээр худалдаалагдаж байна.

 

-Хаана зардаг вэ?

-Өглөө хүлэмжээс хурааж савлаад “Меркури” захын Миний дэлгүүрийн өмнөх Гацууртын нэрийн барааны дэлгүүр, Саруул захын лангуунууд, Баянзүрх 1, 2 зах, Жуков худалдааны төвүүдээр зардаг. Мөн нэг кг-аас дээш бол бид хүргэж өгнө. Одоогоор манай хүлэмжүүд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна. Эхлээд бид их хэмжээгээр тариалаад даршилж, борлуулъя гэж ярилцаж байснаа импортын савласан, даршилсан мөөг байхад дээр нь нэмэгдээд яах вэ гэж шийдээд, шууд хүлэмжээс таны зоогийн ширээнд хүргэж байхаар шийдээд байна. Үүнтэй холбоотойгоор зах зээлийнхээ шингэцийг харж байж тариалалтаа нэмэгдүүлнэ. Бид хойшид ч мөөгөө даршлахгүй, химийн бодисоор бэхжүүлэхгүй, ургац нэмэгдүүлэх элдэв химийн бордоо хэрэглэхгүй гэж тогтсон. Нэгэнт ийм шийдэлд хүрсэн учир энэ жилдээ бид ашиг харахаасаа илүү бүтээгдэхүүнээ хүмүүст таниулах, тогтвортой зах зээлтэй болох зорилт тавиад байна. 2016 оны гаалийн мэдээгээр манайх 16 сая ам.долларын мөөг импортлосон байна лээ. Тиймээс хэрэглээ байна гэж бид харж байна.

 

-Танайх мөөгнийхөө нэр төрлийг нэмэгдүүлэх гэж байгаа гэсэн. Ямар мөөг тариалах вэ?

-Энэ бол хясаа мөөг шүү дээ. Харин шинээр товчин цагаан мөөг буюу монголчуудын хэлж заншсанаар хурган цагаан мөөгний тариалалт эхэлчихсэн байна. Энэ төрлийн мөөгөө найм, есдүгээр сараас хүмүүст хүргэж эхэлнэ дээ.

-Энэ хясаа мөөгийг би дэлгүүрийн лангуун дээрээс худалдаж авахаар бол хэзээ хүргэгдэж ирсэн гэж ойлгож болох вэ?

-Манай мөөг тусгай хөргүүртэй лангуун дээр 18 хүртэл хоног байхад амт, чанараа алдахгүй, муудахгүй, хөргүүргүй лангуун дээр бол 3-аас илүү хонохгүй. Та саван дээрх он, сарыг нь харж аваарай.

 

-Хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа вэ?

-Хүргэлтээр кг нь 12 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа. Бид үнээ хятад мөөгний хамгийн хямд үнэтэй эн зэрэгцүүлэн худалдаалж байна. Үүнээсээ өсгөхгүй.

-Худалдаалж эхлээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хэрэглэгчдийн сэтгэгдэл ямар байна вэ?

-Шинэ эхэлж байгаа болохоор бүх юм нь олдохгүй, түвэгтэй хэцүү юм бий. Гэхдээ хүмүүс маш их урам өгч, дэмжиж байгаад баяртай байна. Энэ хугацаанд сөрөг сэтгэгдэл нэг ч байсангүй. Манайхан нийгмийн хандлагаа дагаад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнээс татгалзах болсон байна. Иймээс бид яг л одоогийнх шигээ, анх эхэлж байгаа шигээ органик бүтээгдэхүүн хийж чадвал ашиг олохоос гадна монголчуудын эрүүл мэндэд их хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Эрүүл биед саруул ухаан оршдог гэсэн үг байдаг даа.

-Манай хөдөөгүүр ургадаг цагаан мөөгийг тариалж болдоггүй юм уу?

-Энэ миний санаа зовж явдаг нэг зүйл юм. Монгол хүрээмэг буюу цагаан мөөгний эмчилгээний чанар асар өндөр. Хятад эмэгтэйчүүд муудалцахдаа “Чи Монголын цагаан мөөг идэж үзээ юү” гэж бие биеэ давдаг, энэ бол цагаан мөөгний шим тэжээлт чанарыг гайхуулж байгаа хэрэг юм. Цагаан мөөг биеийг тамиржуулах, илааршуулах идтэй учир эртний монгол цэргийн аранзанд байнга байдаг байжээ. Монгол хүрээмгийн нөөц жил ирэх тусам улам хомсдож, хэдэн жилийн дараа гэхэд төрөл, зүйлийн хувьд устах нь ээ. Манай эрдэмтэд үрийг нь гаргаад авчихсан байгааг нь би харсан. Харин ургуулах орчныг судалж тогтоож чадаагүй байна. Нөгөө л их, дээд сургуулиудын хомс төсөв мөөгөнд хүртэлцэхгүй байна гэж чиглэлийн мэргэжилтнүүд ярилцдаг. Монгол хүрээмгийг хятадууд menggu kou mo гэж нэрлэдэг, Хятадад маш их үнэтэй байдаг. Надад байгаа мэдээллээр ӨМӨЗО-ы Мал, тариалангийн их сургуулийн эрдэмтэн Сүн 10 гаруй жил ноцолдож байж ургуулсан гэсэн. Энэ хүнтэй холбоо тогтоох гээд чадахгүй байна. Мөн Хятадын нэг компани тариалдаг,  кг-ыг нь Япон руу 60 ам.доллараар экспортлодог гэсэн. Өөрсдөө тарималжуулж чадахгүй бол үйлдвэрлэлийн тагнуул гэж байдаг даа, тийм аргаар ч хамаагүй хулгай хийгээд ч болтугай тарималжуулах технологийг нь олж ирээд төрөл зүйлийнх нь хувьд аварч үлдэхсэн.

 

-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Мөөг шим тэжээлээрээ яг махтай адил. Ватиканы их хөлгөн сударт мөөгний тухай “Бурхан өөрийнх нь бүтээл хүн төрөлхтөн бусад амьтныг хөнөөж махыг нь идээд байхаар мах орлуулан мөөгийг бүтээсэн” гэж байдаг. Бидэнтэй хамтран ажиллах ресторан, албан байгууллага, дэлгүүр, хувь хүн байвал бид дуртайяа хүлээн авна. Мөн өрх гэрийнхээ хэрэгцээнд мөөг тарих хүсэлтэй хүмүүс байвал хандаж болно, бид цаг гаргана. Тодорхой мэдээллийг фэйсбүкийн “Монгол мөөг” бүлгэмээс авч болно. Гаднаас нь харахад би л хийгээд байгаа юм шиг боловч олон хүний хүч хөдөлмөр, зүтгэл нийлж байж энэ ажил өндийж байна. Хэдийгээр харь газар суугаа ч Монголд жижиг ч атугай нэг юм хийе гэж бүхий л талаар тусалж дэмжиж байгаа багын найз Р.Мөнхбат, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Ерөнхий консул Л.Золзаяа, дүү Мөнхжаргал, МУИС-ийн эрдэмтэн багш нар, Энхжаргал захиралтай “Хүрд” компаний хамт олонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

-Таньд баярлалаа

Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна
Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна

Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна
Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна
Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна
Сүрлэн хөрсөнд мөөг тариалж, сард 300-400 кг-ыг хураан авч байна

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.