КОМПАНИУД СУРГУУЛЬ БИШ

527-1496041206IMG_5468

Анх дээд сургууль төгсөхөд хүмүүс “ажил дээр л гарч юм сурна, сургуульд юу сурах вэ дээ” гэж ярихыг сонсоод бага зэрэг гайхаж билээ. Мэдээж хүн үхэн үхтлээ л суралцдаг. Практик дээр сурсан мэдлэг, чадвар юунаас ч илүү үнэ цэнэтэй. Америкт ч тэр, Англид ч тэр, Монголд ч тэр яг л адилхан.
Гэхдээ бид арай л хэтрүүлсэн байна.

Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монголын компаниудад тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь улс төр, санхүүжилт, технологи аль нь ч биш, харин ХҮН гэж гарчээ. Би үүнийг практик дээр баталж чадна. Монголын компанийн захирлуудын хамгийн том толгойны өвчин бол чадвартай, бүтээмжтэй ажилтан олох явдал байдаг.
Гэтэл манай ажилгүйдлийн хувь 2016 оны эцсээр 8,4 байна. Нэг талд нь баахан ажил хайсан хүмүүс, нөгөө талд нь баахан ажилтан хайсан хүмүүс.
Компани бол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг машин. Тэрнээс сургууль биш. Сургууль бол харин тэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг машинд чадвартай инженерүүд бэлтгэж өгөх үүрэгтэй.
Монгол хүүхэд 2 настайгаасаа эхлээд 22 нас хүртлээ бүтэн 20 жил Монголын боловсролын системээр дамжин байж компаниудад ирдэг. Харин компаниуд эхний өдрөөс нь эхлээд хамгийн багадаа л 2-3 жил сургаж байж арай гэж ажлын дөртэй болгодог.
Энд эдийн засгийн ямар том бүтээмжийн алдагдал явж байгааг төсөөлж байна уу?
Тайлан гаргаж чадахгүй нябо, барилга барьж чадахгүй инженер, бизнес төлөвлөгөө бичиж сураагүй маркетер гээд уртаас урт жагсаалт хөврүүлж болно. Энэ бүх төгсөгчдийг компаниуд сургаж жинхэнэ мэргэжлийн дипломыг нь өгдөг гэж хэлэхэд хилсдэхгүй байх.
Хамгийн хачирхалтай нь төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд компанийн захирлууд биш харин баахан яам тамгын газрын түшмэдүүд суудаг байх юм. Барилгын инженер, нябо, маркетер хүмүүс сургуулиа төгсөөд яаманд эсвэл оюутны холбоонд ажилд ордог юм уу? Эсвэл компанид ажилд ордог юм уу?
Ер нь дэлхийн аль ч улс орны боловсролын систем нь компаниудад хэр өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэж өгч байгаагаар л хэмжигддэг. Ректорыг улс төрчид, намууд биш компанийн захирлууд томилоод эхэлбэл их дээд сургуулиудын сургалтын чанар яаж сайжрахыг төсөөлөөд үз дээ.
Одооноос эдийн засагтаа ихийг хийж бүтээх хүмүүсийг цэцэрлэгээс нь бэлтгэе. 22 настай том хүн, иргэн хүн ажил дээр гараад шууд бүтээдэг, хийдэг байвал Монгол улс гарцаагүй хөгжнө.
Ganzorig Ulziibayar

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.