Монголд ажиллах хүчин дутагдах уу

Гадныхан Монголд ажилгүйдэл газар авсан тухай сонсоод гайхдаг гэнэ.

Учир нь нэг хүнд ногдох газар, мал, баялагаараа монголчууд дэлхийд тэргүүлж байна. Гэхдээ сүүлийн жилүүдийн эдийн засгийн өндөр өсөлт эхнээсээ ард түмэнд мэдрэгдэж эхэлж байгааг Засгийн газар зарлав. Энэ оны эхний арваннэгдүгээр сард 64 мянган ажлын байр шинээр бий болжээ.

Гэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын орой гэж болно. Оюутолгойн ордын ашиглалт эхлээгүй. Тавантолгой дараатай хэвтэж байгаа. Дээр нь 100 мянган айлын орон сууцны зураг ч хийгдээгүй байна. Энэ ядуурлын бас нэг голомт бол манай боловсролын сургалтын түвшин. Дөрвөн жил суралцаж их, дээд сургууль төгссөн залуус дөнгөж худалдагч, харуулын ажилд л тэнцэнэ.

Хэрэв бизнесийн таатай орчин байсан бол сургуульд төлсөн дөрвөн сая төгрөгөө дөрвөн жил эргүүлэхэд л жижиг гарын бизнесмен болох боломжтой. Харин энэ бүхний эсрэг гадаадад байгаа зуун мянган монголчууд cap бүр 100 ам.доллар Монгол руу илгээхэд л жилд 120 сая ам.доллар орж ирнэ. Энэ нь хэдэн арван сургууль, цэцэрлэг барих хангалттай хөрөнгө.

Гэхдээ энэ бол гадаад дахь монголчуудын нутаг руугаа илгээж байгаа мөнгөний хамгийн доод хэмжээ. Гадны ажлын байрны өгөөж. Өнөөдөртөө манай үндсэн аж үйлдвэрлэл эхлээгүй байна. Нисэх буудлууд, авто болон төмөр зам тавигдаад эхэлбэл багаар тооцоход 300 мянган ажлын байр шинээр нэмэгдэх аж. Энэ жилийн ажлын байрны өсөлтийг харвал ирэх гурван жил ажиллах хүчин дутагдана.

Гэхдээ өнөөгийн ажлын байр гэдэг нь амьжиргааны баталгаа болж чадаагүй байна. Ажлын байрыг үндсэнд нь гурав ангилж болно. Эхний ээлжид ажил олгогч бөгөөд өмчийн эзэн. Хамгийн өндөр орлоготой иргэд. Энэ бүлэг манай хүн амын арав хүрэхгүй хувийг эзэлж байна. Дараагийн бүлэгт том компаниудад бараа, үйлчилгээ нийлүүлдэг жижиг аж ахуйн нэгжийн эзэд багтана.

Эдгээр нь хүн амын арав гаруй хувийг хамарна. Дараагийн бүлэгт харуул, үйлчлэгчээс эхлээд багш, эмч нар хамрагдана. Зарим судалгаагаар манай насанд хүрэгчдийн 20 хүрэхгүй хувь нь ямар нэгэн ажлын байранд албан ёсоор хамрагдаагүй байдаг. Гэхдээ тэдний дотор түлээ нүүрс худалдах, зах дээр хоол худалдах зэргээр амьжиргаагаа залгуулж яваа цөөнгүй иргэд бий. Сонирхолтой нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр хэдэн арван мянган ажлын байранд иргэдийг урьж байна.

Гэтэл ажилгүйдэл, гэмт хэрэг гарсаар байгаа нь гайхлыг төрүүлнэ. Хүн амын 38 хувь нь ядуу байгаа нь бүр ойлгомжгүй зураг болж хувирна. Энэ онд шинээр бий болсон 64 мянган ажлын байрны 28 мянгад нь эмэгтэйчүүд очсон байна. Барилгын салбарт хамгийн их буюу 13 мянган ажлын байрны 3000 нь эмэгтэйчүүдэд хүртэж. Харин ирэх жилд ноос, ноолуурын салбарт эмэгтэйчүүд ихээр ажлын байраар хангагдана. Ажлын байрны хангалтыг хүн амтай харьцуулахад Төв аймаг хамгийн их ажлын байр гаргажээ.

Хөдөө аж ахуй, аж үйлдвэр сэргэхэд багаар бодоход 60 мянган ажлын байр бий болно. Одоо бидэнд ажлын байрны тоо хангалттай болох нь. Гэхдээ өмнөд солонгос руу гарах залуусын хүсэл буурахгүй л байна. Хэргийн учир цалинд байдаг гэнэ. Өдөр бүр хэдэн мянган ажлын байрны зараар залуус ажиллахгүй байгаа нь тэр ажлын байрны үнэлгээ нь ердөө л 160-180 мянган төгрөг.

Харин солонгосчууд тэдэнд нэг сая төгрөгийн цалин олгоно. Учир нь Солонгосын төр хувийн хэвшлийг хөл дээр нь босгоод зогсохгүй, байнга үйл ажиллагааг дэмждэг. Харин манайд эсрэгээрээ. Энэ нь эдийн засгийн өсөлт монголчуудад биш Монголын төрд, гадны том хөрөнгө оруулагч нарт ашигтай болж хувирч байна. Одоо Монголын төр ажлын байрны тооны хойноос бус чанарын хойноос хөөцөлдөх цаг нь болсон. Ажлын байрыг чанаржуулна гэдэг нь хувийн хэвшлийн ашиг орлогыг л нэмэгдүүлэхийг хэлдэг гэнэ.

Х.Баттөгс


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.