Фэйсбүүк, хууран мэхлэлтээс болж гэр бүл салах тохиолдол ч гарч байна

14966238155934aac7c7df9Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт ихэссэн талаар гэр бүлийн судлаачид хэлж байна. Ялангуяа амьдралаа эхлүүлээд удаагүй залуус салж сарниж, үр хүүхдээ өнчрүүлж байна гэсэн шүүмжлэл бий. Эцсийн эцэст эр эмийн явдлаас болж энхрий бяцхан үрс ч хохирч үлдэх ёсгүй гэсэн хатуу шүүмжлэл гарсаар байна. Хамгийн гол нь ханилсан ханьдаа итгэдэггүй, үл ялиг маргаанаас болох эсвэл өмч хөрөнгө, хууран мэхлэлт, худал ам дамжсан “тэнэмэл” яринаас болж залуус нэгнээ гомдоож, нүүр буруулж, сэтгэл эргэхгүйгээр буцах тохиолдол байна.

Харин Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль гурван жилийн өмнө батлагдан гарсан билээ. Эл хуулиар гэр бүлийн маргааныг шүүхээр шийдвэрлэхгүйгээр эвлэрүүлэн зуучлалаар асуудлыг шийдвэрлэх, эсвэл гэр бүлийг эвлэрүүлж, элэг бүтэн амьдралыг нь хэвээр үлдээх зэрэг үр дүнтэй өгөөжтэй хууль батлагдан гарсан юм. Анхандаа иргэд сайн мэдэхгүй, ойлголтгүй байсан бол өнөөдөр энэ тухай их сайн ойлголттой болжээ. Ямар нэгэн өмч хөрөнгө болон аж ахуй нэгж, компаниудын хооронд үүссэн өр шир, зээлийн асуудлаар шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид ханддаг болжээ. Нэг үеэ бодвол арай өөр ойлголттой болж. Гэр бүлийн маргаан асуудлаа ч энэ хуулиар шийдвэрлүүлдэг цаг иржээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Улаан гэр бүлийн шалтгаан нөхцөл, эвлэрүүлэн зуучлалын талаар ингэж ярив.

Тэрбээр “Манайд ирж байгаа маргааныг харах сүүлийн үед гадаад дотоодод гэр бүлийн хоёр тусдаа ажиллаж амьдрахаас үүдээд гэр бүл салалт их байна. Олон жил тусдаа амьдрах нь салалтын шалтгаан болж байна. Нөгөө бие холдвол сэтгэл холдоно гэгчээр нэг нэгэндээ итгэхээ больж нэгийгээ хүлээхээ байчихдаг юм байна. Дээр нь архидалт, ажилгүйдэл гэр бүл салалтын тодорхой хувийг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийлэлээс болж гэр бүл салалтын гол үндэс болж байна. Түүнээс гадна хууран мэхлэлт буюу гэр бүлээс гадуурх харилцаа салалтын нэг шалтгаан. Яагаад гэвэл гадаад оронд олон жил ажиллаж амьдарсан хүмүүсийн нөхцөл байдлыг сонирхоод үзэхээр нэг нь цаанаа өөр хүнтэй гэр бүл болоход бэлэн болчихсон. Зарим нь гэрлэчихсэн. Тиймээс анхныхаа гэр бүлийн харилцааг шийдүүлье гэж манайд ханддаг” гэлээ.

Түүнээс гадна бүр сонин сонирхолтой зүйлээс ч болж гэр бүл салж сарних дээрээ тулдаг байна. Тухайлбал, дээрх эвлэрүүлэн зуучлагчид нэгэн эрэгтэй ханджээ. Тэрбээр “Манай эхнэр фэйсбүүктээ хэт донтож намайг анхаарахаа больсон. Хайр халамж нь хөрсөн. Фэйсбүүкээ л ухаж байвал сэтгэл ханамжтай байдаг юм шиг байна.Тиймээс би түүнээс салах гэсэн юм” гэж ханджээ.

Тэгвэл эвлэрүүлэн зуучлалын гол зорилго нь гэр бүлийг салгахдаа гол нь гэрлэлтээ салгуулах гэж ирээд эвлэрээд буцах тохиолдол ч олон байдаг талаар Д.Улаан дурьдсан юм.

Тэрбээр “Аливаа нэгэн юманд эерэг хандлага байна. Ялихгүй зүйлээс болж үл ойлголцол үүсгээд салах дээрээ тулсан гэр бүлийг эвлэрүүлэхэд их дөхөм байдаг. Гаргасан алдаагаа уучилж гомдлоо мартаж сайхан амьдралаа үргэлжлүүлж гэр бүлээ элэг бүтэн авч үлдэх хүмүүс ч бий. Тухайлбал, 2016 онд гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуулчлалаар 340 гаруй гэр бүл эвлэрсэн статистик бий. 340 гаруй айл элэг бүтэн амьдарна гэдэг хэчнээн сайхан гэж санана” гэв.

Тэгвэл гэр бүл салалтаас гадна зээлийн маргааны асуудлаар эвлэрүүлэн зуучлуулахаар иргэд, аж ахуйн нэгжүүд их  ханддаг байна. Монгол Улсын эдийн засаг ямар байгаа билээ хүн бүр мэдэж байгаа. Эдийн засагтай холбоотойгоор иргэд хоорондын зээл авсан өгсөн байгууллагын маргаанууд сүүлийн үед нэлээд өсөлттөй явж байна . Ялангуяа банк санхүүтэй холбоотой асуудлаар их ханддаг болсон. Эвлэрүүлэн зуучлалд иргэд байнга хандаж өргөдлөө гаргаж, маргаанаа хүссэнээрээ буюу эерэгээр шийдүүлэх боломж нээлттэй байна шүү.

О.Сайхан

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.