Дамбын Хишигжаргал: Хулхи эх орончид би дургүй

Тод манлай уяач, “Модун Хаан” группын ерөнхийлөгч Д.Хишигжаргалын нэр ахиад л хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Өдөр тутмын зарим сонин болон мэдээллийн сайтуудад малын халдварт өвчний вакцин нийлүүлэлттэй холбоотой дуулианд холбоотой гэж түүнийг бичжээ. Гэвч энэ буруутгалыг “хэргийн эзэн” Д.Хишигжаргал юу гэж ярихыг сонирхоё.

9969

-Чанаргүй вакцин нийлүүлсэн талаар ярилцлага, нийтлэл, төр засгийн удирдлагуудад хандсан ил захидал хэвлэлээр нэлээд гарлаа. Таны нэр ус, оролцоотой компани ч  тэнд дурдагджээ. 2014 онд зарлаж дүгнэсэн тэр тендерийн талаарх таны байр суурийг сонсмоор байна?

-Тийм, тэр чинь 2014 он. Х.Баттулга сайдаар нь ажиллаж байх үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зарласан тендер л дээ. Хэд хэдэн компани, тэр дунд миний хөрөнгө оруулалт, хувь эзэмшилтэй “Цагаан залаа агвент” компани тэр тендерт нь оролцсон, шалгарсан. Яамтай байгуулсан гэрээний дагуу Оросоос чанарын шаардлага хангасан вакциныг тээвэрлэх, хадгалах стандартынх нь дагуу авчирсан. Хүйтний улирал болохоор Оросоос тусгай зориулалтын онгоцоор авчирч байсан юм даг. Гэрээний нөхцөл ч тийм. Х.Баттулгыг ийм бантан зуурахыг нь мэдэж байсан юм шиг чанар, гарал үүслийг нь тодорхойлсон хамаг бичиг баримтыг нь хадгалж байсан нь зол болж байна.

-Ямар “бантан зуурсан” гэж? Танай компанийн нийлүүлсэн вакцин чанаргүй байсан юм биш үү?

-“Цагаан залаа агвент”-аас гадна өөр нэг компани тэр тендерт  шалгардаг юм. Сүүлд сонсох нь ээ, сайд Х.Баттулгын халаасны компани юм билээ л дээ. Манайх Оросоос, тэднийх Хятадаас вакцин нийлүүлсэн. Манайх онгоцоор, тэднийх чингэлэгээр, төмөр замаар тээвэрлэж оруулж ирсэн. Зүгээр л зориулалтын бус, манайхны контейнер гээд байдаг төмөр чингэлэг шүү дээ. Тэр нь хөлдчихсөн. Тухайн үеийн телевизийн сурвалжлагын бичлэг, баримттайгаа байгаа. Бүр чингэлэг дотроо хятад вакцинаа гэсгээх гээд гал түлээд сууж байсан улс шүү дээ. Манай улсууд баримтжуулаад авсан байдаг юм.  “Ингэж болохгүй ээ. Энэ чинь монгол малд тарих вакцин. Мах, сүү, арьс үсийг нь монгол хүн, Монголын ард түмэн хэрэглэнэ шүү дээ” гэхэд “Танайх өөрийнхөө вакцинтай нийлүүлээд орон нутагт тараа, малчдад хүргэ” гэж байгаа юм. Би арай ч тэгтлээ элийрчихээгүй байна. Наанадаж компанийн нэр хүнд гэж юм бий. Цаанадаж, адуу малд ойрхон, уяач хүн, зүгээр монгол хүн байж яаж тэгэж буяндаа бузар хийх юм бэ. Энэ тухайгаа ч хэвлэл мэдээллээр хэлж ярьсан. Би нэг сайд байтугайд нь амаа үдүүлчихээд монгол мал, монгол хүн хоёрыг хордуулж чадахгүй л гэсэн.

-Тэгээд тэр чингэлэгээр Хятадаас ирсэн хөлдүү вакцин хаачсан юм?

-Хөдөө орон нутаг руу дахиад л шөнө дөлөөр, ахиад л зориулалтын бус тээврийн хэрэгсэл буюу энгийн бүхээгтэй машинаар зөөж хүргэсэн байна лээ. Х.Баттулгын шахалтаар манай вакцинтай хольж тараасан гэсэн. Одоо ерөнхийлөгчийн сонгуульд мань хүн нэр дэвшчихээд, тэр булай нь илэрч яригдана гэхээс яс нь хавталзаж яваа юм байлгүй. Ойрноос намайг уяаны нохдоороо барьж ноцуулах санаатай, хэвлэлээр том том ил захидал гаргуулаад байх шиг.

-Мялзан төст халдварын вакцин тараасан баруун бүс нутагт энэ өвөл дэлхийд ховор монгол бөхөн ихээр хорогдлоо. Одоо цөм сүрэг эргэн сэргэх үү, үгүй юу гэдэг дээр тулаад байна. Зөвхөн мал сүрэг, хүн амын эрүүл мэндээс гадна даян дэлхийн асуудал юм биш үү?

-Яг наад асуултаа Х.Баттулгад тавьчих хэрэгтэй байгаа юм. “Хэл, хил мал, гуравтайгаа байхад хэн баян бэ?” гэж асуугаарай. Би яахав, алдаж эндэж явсан намтартай, Халхын нэг эр хүн. Гэхдээ надад монгол малд хор шахаж, монгол хүнд хог идүүлэх сэтгэл яагаад ч төрөхгүй ээ. Тэр хог болсон, хор болсон чанаргүй вакциныг нийлүүлэхэд оролцсон бол очих ёстой газар нь очихоос айгаад байх юм алга. Адуу малдаа хор шахаж, ард түмнээ хуурч ашиг олбол алдас болно. Харин өөрийгөө нэг их сүр бараатай эх оронч болгон сурталчлаад байгаа хүн маань ийм бузар юманд хуруу гараа дүрчихээд “Хөөе, хулгайчийг бариарай та минь” гэж түрүүлж өндөлзөөд байгаад л дур гутаж байна. Хулхи эх орончид би дургуй, телевиз, сониноор эх оронч царайлдаг этгээд тендер мөнгөн дээр өөр нүүр гаргадаг. Ер нь Баттулга улс төрчид дундаа атаман болчихдог юм байгаа биз. Жинхэнэ атаманууд дунд бол улс төрч царайлдаг шүү дээ.

-Та нэлээн бухимдуу байх шиг байна. Гэхдээ чанга үгнээс илүү баримт л таныг зөвтгөх байх? 

-Нэг хоёр удаа бичүүлбэл би тоохгүй л дээ. Тэгсэн чинь хоёр, гурав, дөрөвдүгээр сар гээд ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам улам идэвхтэй дайрч гүтгээд байхаар нь эхлээд гайхсан, одоо учир нь тайлагдаж байх шиг байна. Түрүүн хэлсэн, хөдөлшгүй баримтууд нь надад байна. Зах зухаас нь чи аваа