“Hunnu mall”-руу хүн болох гэж ороод мал болоод гарав

75b33148a9f914dec7012abe3f93c380_1200Нэг явган шог бий. “Hunnu mall” гэдэг нь “Хүн үү, мал уу” гэсэн үг гэж. Туул голын эрэгт шинэхэн ашиглалтад орсон худалдаа үйлчилгээний төвийн талаар нэг хэсэгтээ л “Хүннү молл орж хүн болъё” гэсэн сурталчилгаа чихнээс чихэнд, амнаас ам дамжин тархаж байлаа.  Тэр ч үүднээс худалдааны төвөөр орсон бол “Хүн”, ороогүй бол “мал”-ын тоонд багтах бичигдээгүй хууль үйлчлэх шахам байв.

Анх ашиглалтад орохдоо амьдралын аз жаргалтай цаг мөчүүдийг өнгөрүүлэх, соёл урлаг, зугаа цэнгэл, худалдаа үйлчилгээний төвүүдтэй, Монгол Улсын тэргүүлэх, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн аз жаргалын өргөө болохын төлөө  эрмэлзэн ажиллана хэмээн “Hunnu mall”-ынхан амлаж байлаа. Одоо тэд нэгэнт танигджээ. Амьдралын аз жаргалтай мөчөө өнгөрүүлэх гэсэн үйлчлүүлэгсдийн цуваа тус төвийг зорих болж. Гэхдээ аливаа юм байнга арчилж, тордож байж улам өнгө орох жамтай гэдэг дээ.

Нэг үгээр хэлбэл, “Hunnu mall”-ыг зорих хүний тоо нэмэгдсэн ч, бодит байдалд үйлчилгээ нь мал аятай хандах аж. Сайн талууд бий, үгүйсгэхгүй.

Хоёр хоногийн өмнө Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиосон. Энэ өдөр нийслэл хот амь орсон мэт энд тэндгүй хүүхдийн инээд цалгиж, эцэг эхчүүд хэтэвчнийхээ хэмжээгээр үр хүүхэддээ сонин зүйл үзүүлж, дуртай бүхнийг нь авч өгөхийг эрмэлзэж байсан юм.

Жилийн жилд төв талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хөл хөдөлгөөн ихтэй байдаг учир энэ жил “Hunnu mall”-ыг хүүхдээ баярлуулахаар зорилоо. Тэр өдөр гадаа хүйтэн салхитай байсан ч, худалдааны төв рүү ормогц бүгчим халуун угтлаа. Хүн ч ихтэй. Зайрмагны мухлаг, хоолны газрууд, харилцааны зоо парк, тоглоомын төв, мөсөн гулгуур, кино театр гээд л бүх үйлчилгээний газруудад хүүхдээ дагуулсан хүмүүс дугаарлажээ. Тэдний дунд хөгшид, жирэмсэн эхчүүд ч байв.

Гэтэл нэг ч сандал байсангүй. Аргаа барсан хүмүүс таримал модны суурь хэсэгт түр амсхийж, хөлөө амрааж байлаа. Харин зарим нь хана түшиж, бүр зарим эрчүүд шатны хэсэгт очин сууж байгаа харагдсан. Дэлхийн аль ч орны томоохон худалдаа үйлчилгээний төвд үйлчлүүлэгчид түр амсхийх зориулалт бүхий сандал байдаг шүү дээ. За яах вэ, хаа холын гадаад оронтой харьцуулахгүй юм аа гэхэд, “Номин” их дэлгүүр бүр ядахдаа “Дүнжингарав” худалдааны төв хүртэл хөлөө амраах сандалтай юм шүү.

Харин Монголд анхны гэж онгирох дуртай “Hunnu Mall”-ынхан үйлчлүүлэгчдээ ийн мал аятай үзэв. Бас нэг жишээ. Мөсөн гулгуур байрлах жигүүрийн хоёр давхарт, “Нарантуул зах” нүүж очсон мэт мэдрэмж төрснийг нуух юун.  Бүхэл бүтэн нэг жигүүрийг задгай худалдаа эрхлэгчид дүүргэж,  янз бүрийн тоглоом, зайрмаг, чихэр жимс, номын худалдаа гарсан байлаа. Мөн хүүхдийн нүүрэнд зураг зурах үйлчилгээ ч байв.

Тэд үнэгүй очоод тоглоом зараагүй нь ойлгомжтой болов уу. Магадгүй, “Hunnu Mall” хүнээ дээдэлдэг байсан бол тэдгээр худалдаа эрхлэгчдэд жижиг талбайгаа түрээслэхийн оронд хоёр сандал тавьчихсан байсан бол хөгшид, жирэмсэн эхчүүд түрхэн ч атугай чилсэн хөлөө амраах байсан даа.

mminfo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.