Сири улс задрах уу

Сирид амиа алдагсдын тоо нэмэгдсээр байгаа талаар “Ройтерс” мэдээллээ.

Тус агентлагийн шинжээчийн дүгнэлтэд өгүүлснээр Сири улс баруун ба зүүний талуудад хоёр хуваагдаж магадгүй байна. НҮБ-ын хүний эрхийн төв өнгөрсөн саруудад Сирийн улс төрийн байдал тогтворгүй байгаагаас хүний эрх, ёс зүйн хэм хэмжээ огцом алдагдах болсныг дурьдсан байна.

Сирийн өнөөгийн нөхцөл байдлыг авч үзэхэд Засгийн эрх баригчид болон босогчдын хооронд иргэний дайн дэгдсэний улмаас 3600 хүн хорвоог орхижээ. Мөн хамгийн сүүлд өнгөрсөн даваа гарагт Хомс хотын төлөөх тулалдаанд 60 гаруй босогч үрэгдэж, үндэсний армийн 20 орчим цэрэг алагджээ. Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассад суудлаа орхихгүй гэдгээ иргэдийнхээ эсрэг барьж буй буун дуунаар гэрчилсээр байна.

Одоогийн байдлаар нийслэл Дамаскт Засгийн газрын 20 орчим мянган цэрэг, босогчдын бүрдүүлээд буй 10 гаруй мянган эсэргүүцэгч ширүүн тулалдаан өрнүүлж байна. Хомс хотын Баб Амрын орчим энэ улсад өрнөж буй зэвсэгт мөргөлдөөний хамгийн халуун цэгээр тодорчээ. Өдөр бүр цэргийн хүч Хомсыг босогчдоос буцаан авах оролдлого хийсээр байгаа аж.

Босогчид хотын гол замуудыг хааж Хомс руу нэвтэрдэг шалган нэвтрүүлэх товчооны орчим ерөнхий хүчээ төвлөрүүлсэн байна. Хэрэв Дамаск босогчдын гарт ороход хүрвэл Сирийн үндэсний зөвлөлийн хүч тус улсыг хоёр хуваахад ойртжээ. Ингэснээр Тадмур, Ac сурхах хотууд босогчдын эзэмшилд бүрэн автах билээ.

Сири улс хагаралдан бутарч, хоёр талын байр суурь зэвсэгт мөргөлдөөний талбарт шилжсэнээс хойш гадны ямар нэгэн улсын энхийг сахиулах цэргийн хүч тэмцэлдэгч талуудын аль нэгийг дэмжээгүй.

Үүнд НҮБ анхаарлаа хандуулж, энхийг сахиулах албаны цэргийн хүч оруулах талаар хэлэлцэж байсан ч ажил хэрэг болгоогүй аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.