Төрийн албаны хуулийн онцлох өөрчлөлтүүд

26nvkvj0pshc0914fntu5egq4b_bТөрийн албаны хуулийг өөрчлөхөөр Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн шинэчлэн найруулсны дагуу парламентаар хэлэлцэж эхлээд байгаа юм. Төрийн албаны хуульд 1995 оноос хойш 2002, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулсан ч цаг үеийн шаардлагаар дахин шинэчлэхээр болоод байгаа юм. Хуулийг өөрч­лөх үндэслэлээ сүү­лийн жилүүдэд төрийн албанд халгаа сэлгээ нэмэгдсэн. Энэ хэрээр төрийн алба тогтворгүй, чадавхигүй болж байгаа учраас энэ удаад иж бүрнээр нь шинэчлэе хэмээн хууль санаачлагчид тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, төрийн албаны хуулийг шинэчилснээр төрийн алба цомхон, чадварлаг, хүн амынхаа тоонд нийцсэн бүтэцтэй байх юм байна.

Харин сөрөг хүчин АН-ын зүгээс Төрийн албаны хуулийн өөрчлөлт шүүмжлэлтэй хандаж холбогдох байгууллагуудын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр эсэргүүцэж байгаа. Тэд төрийн албаны эрх мэдлийг ЗГХЭГ-т шилжүүлж байгааг буруутгаж буй.

Төрийн албаны зөв­лөлөөс өгч буй мэдээл­лээр манай улсад 188 мянган төрийн албан хаагчтай байгаа бөгөөд 2012 оноос хойш даруй 25 мянгаар нэмэгдсэн байна. Төрийн албаны хуулийн онцлох өөрчлөлтүүдийг хүргэж байна.

 

ТӨРИЙН АЛБА

БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ХАЛАХЫГ ХОРИГЛОНО
-Бүтцийн өөрчлөл­төөр төрийн албан хаагчийг хоморголон халж, яам, агентлаг, аймаг сумын албадын нэрийг өөрчилдөгийг зогсооно. Байгууллага нь хууль журмын хүрээнд татан буугдсанаас өөр тохиолдолд ажлаас ямар нэг байдлаар өөрчлөхгүй, ажлын байрыг хэвээр хадгална. Татан буугдсан бол хуулийн дагуу 3-6 сарын тэтгэмжийг нь олгоно.

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТЫГ ЗУРГААН ЖИЛД НЭГ УДАА
-Хэн нэгэнд зориулж ажлын байрны тодорхойлолт гаргадгийг болиулна. Ажлын байрны тодорхойлолтыг зургаан жилд нэг удаа гаргадаг байхаар хуульд тусгасан. Тодорхойлолтыг тухайн байгууллагын албан тушаалтан биш Төрийн албаны зөвлөлөөс гаргах юм.

ТӨРИЙН АЛБАНЫ НӨӨЦИЙН ХУГАЦААГ ГУРВАН ЖИЛ БОЛГОСОН
-Бүх төвшинд буюу сул орон тоо бүр дээр шалгалт авна. Төрийн албаны зөвлөлөөс жилд нэг удаа зохион байгуулдаг шалгалтыг шинэ боловсон хүчин өгч, төрийн албаны нөөцөд бүртгүүлнэ. Нөөцийн хугацаа одоо хоёр жил байсныг гурван жил болгосон.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ӨӨРЧИЛНӨ
-Төрийн албаны зөв­лөлийн чиг үүргийг өөр­чилж, Төрийн ал­баны тухай хуулийн хэрэг­жил­тэд хяналт тавьдаг байгууллага болгоно. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг зөв хийсэн эсэх, маргаан гарвал эцэслэн шийд­вэрлэнэ. Төрийн албан хаагчийг буруу томилсон, чөлөөлсөн байвал тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.

АЛБАН ТУШААЛЫН ШАЛГАЛТЫГ ЗГ АВНА
-Төрийн албаны нөөцийн шалгалтыг Төрийн албаны зөвлөл, албан тушаалын шалгалтыг Засгийн газар буюу томилдог эрх бүхий субъект авна. Хууль зөрчиж зохион байгуулсан бол Төрийн албаны зөвлөл хүчингүй болгоно. Мөн тухайн шалгалтыг хариуцлагагүйгээр зо­хион байгуулсан хүнийг та­ван жил хүртэлх хуга­цаагаар төрийн албанд ажиллуулахгүйгээр хална.

БУРУУ ШИЙДВЭР ГАРГАСАН БОЛ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛНА
-Удирдах албан тушаалтнууд буруу шийдвэр гаргаж, түүнээс шалтгаалсан санхүүгийн хохирлыг тухайн албан тушаалтан хувиасаа төлж барагдуулна. Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан тохиолдолд түүний цалин, нийгэм, эрүүл мэндийн даатгалыг шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцна.

ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ БИЙ БОЛГОНО
-Олон нийтийн зөвлөлийг бий болгоно. Төрийн бус болон хэвлэл мэдээллийн байгууллагын есөн хүнээс бүрдсэн зөвлөл байгуулна. Уг зөвлөл жил бүр төрийн албаны үйлчилгээний чанар, хүртээмжид үнэлгээ өгнө. Түүнчлэн хэрэглэгчдийн үнэлгээг бий болгоно.

ЗЭРЭГЛЭЛИЙН ДАГУУ ДЭВШИНЭ
-Төрийн захиргаа таваас зургаа, зургаагаас долоо, долоогоос найм гэх мэтээр төрийн албан хаагчийн ангилал зэрэглэлийн дагуу дэвшинэ. Өөр байдлаар буюу сонгуулийн дараа хэн нэгэн хүн Төрийн захиргааны дээд ангилалд ажилд орохыг хориглосон.

ТӨРИЙН АЛБАН ТУШААЛД ТУСГАЙ ШААРДЛАГА ТАВИНА
-Төрийн албан тушаал тус бүрд тусгай шаардлага тавина. Төрийн нарийн бичгийн дарга болох хүн төрийн албанд 16 жил ажилласан байх ёстой. Найман жилд нь газрын даргаар ажилласан байна.

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих