Монгол бөхөнгөө аврахын тулд эхлээд чоно агнахыг хориглоё

18983023_1423936580999602_1470332724_nДэлхийд нэн ховор, зөвхөн Монголд байдаг бөхөнгийн хувь тавилан ээдрээтэй, мөхлийн ирмэгт тун ойрхон байна. Мялзан төст өвчний улмаас өнгөрсөн өвөл хэдэн мянгаараа хиарч зовсон энэ амьтны нулимс хатаж амжаагүй гэлдэрч явна. Аюулт өвчин одоо ч монгол бөхөнг зовоосоор л. Ховд аймгийн Дөргөн, Чандмань, Дарви сумын нутагт тархсан бөхөнгийн сүргийн хорогдлыг тооцох, лабораторийн шинжилгээнд дээж цуглуулах ажлыг нян судлаач, мэргэжилтнүүд саяхан хийжээ. Тэдний ярьснаар Ховдын Дарви сумын Баянцааганы ар Хонгор толгойн ойролцоогоос ядарч доройтсон нэг бөхөн барьж дээж аваад улсын төв лабораторид шинжлүүлэхэд мялзан төст өвчтэй гэсэн  хариу гарчээ.

Саяхан болсон бөхөнгийн өдрийг тохиолдуулан хийсэн арга хэмжээний явцад экоклубын хүүхдүүд  ч өвчтэй цөөнгүй бөхөнтэй тааралдсанаа өгүүлсэн байдаг. Энэ нь аюулт өвчин холдох болоогүй байгаагийн  улаан дохио болов. Хэдийгээр өвлийнх шиг нэг дор олон арваараа хиарахгүй байгаа ч энэ нь бүх зүйл сайхан болсон гэсэн үг биш. Яагаад гэвэл, одоохондоо бөхөн ганц нэгээрээ тархан бэлчиж байгаа тулдаа л нэг нэгэндээ халдвар тараахгүй байгаа юм. Өвлийн өвчлөл бөхөн бөөнөөрөө цугларсан орооны үед таарсан учир халдвар талд ассан түймэр шиг хурдан тархсан билээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар болон бөхөн хамгаалагч нартай хамтарч бөхөнгийн тоо толгойн судалгааг хэдхэн хоногийн өмнө хийжээ.Тооллогод оролцогчдын яриагаар бөхөн өнгөрсөн гуравдугаар сард хийсэн тооллогын үетэй харьцуулбал хамаагүй цөөн тааралджээ. Хэдхэн сарын өмнө 11 мянга байсан монгол бөхөн гуравдугаар сард 4900 болтлоо цөөрсөн билээ. Хэдийгээр шинэ тооллогын дүн гарах болоогүй байгаа ч энэ тоо өмнөхөөсөө эрс цөөрсөн гэдэг нь бараг тодорхой болжээ.

Удахгүй зургадугаар сарын эхээр монгол бөхөн төллөх учиртай. Гэтэл тооллогын үеэр хээлтэй бөхөн бараг харагдаагүй нь энэ амьтны тоо нэмэгдэх найдлагагүй болсны нэг баталгаа болов. Сүргийн нөхөн төлжилт байхгүй, мялзан төст өвчний тархалт дуусаагүй, бас цусан суулга өвчин гарах нь тодорхой байгаа зэрэг бодит аюул монгол бөхөнг мөхлийн хавханд оруулсныг судлаачид онцлон хэлж дорвитой арга хэмжээ авахыг сануулж байна. Хамгийн аюултай нь,  бөхөн мялзан төст өвчнөөр дор хаяж 2-3 жилдээ өвчилнө, үүний дараа л өвчний тархалт буурна гэдгийг  өнгөрсөн өвөл манайд ирсэн Их Британийн Хатан хааны их сургуулийн доктор, мал зэрлэг амьтны их эмч Ричард Кок сануулсан явдал юм. Аливаа өвчлөлийн дараа дархлаа суусан шилдгүүд үлддэг нь байгалийн жам. Энэ талаас нь харвал халдварт тэсвэртэй хэдэн бөхөн үлдэх байх. Харин бодит байдал талаас нь дүгнэвэл нэг ч бөхөн үлдэхгүй байх магадлалтай. Учир нь, монгол бөхөн Казахстаны соргог бөхөн шиг олон арван мянгаараа байдаг амьтан биш. Цөөхөн болохоор амьд үлдэх магадлал бага байдгийг судлаачид хэлж байгаа юм.

Тэгвэл арслан заан, ноост хирстэй хамт идээшилж байсан гэх тодотголтой, Монголоос өөр хаана ч байхгүй энэ нэн ховор амьтнаа хамгаалан үлдэхийн тулд бид одоо юу хийх ёстой вэ. Судлаачид, биологчид хэд, хэдэн санал зөвлөмж гаргаад байгаа юм байна. Юуны өмнө бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг тодорхойлж тусгай хамгаалалтад авах шаардлагатай ажээ. Мөн бөхөнгийн генийн чадамжийн судалгааг нарийвчлан хийх замаар сүргийг хадгалан үлдэх стратеги боловсруулах шаардлагатай байгааг судлаачид онцлон ярьж байна. Өөрөөр хэлбэл, одоо амьд байгаа бөхөнгүүд үнэхээр сайнууд нь үлдэж үү, эсвэл сул дорой нь олон байна уу гэдгийг тодорхой болгосны дараа хамгаалалтын зөв аргаа сонгох боломж гарах юм. Түүнчлэн монгол бөхөнг түүхэн тархац нутгийн хүрээнд сэргээн нутагшуулах цаг болсныг ч судлаачид үгүйсгэхгүй байна.

Эдгээрийг хийж болно, гэхдээ цаг хугацаа шаардах учир эхний ээлжинд яаралтай хийх чухал ажил байгаа ажээ. Тэр нь монгол бөхөнгийн тархац нутгийн хүрээнд үнэг, хярс зэрэг махчин амьтад, ялангуяа чоно авлахыг тодорхой хугацаагаар хориглох явдал юм. Чоно агнахыг хориглосноор бөхөнг яаж хамгаалах юм гэсэн асуулт гарч ирж болох. Тэгвэл энэ нь бодит үндэслэлтэй байдаг ажээ.

Чоно өвсөн тэжээлт амьтны тоо толгойг хянадаг, байгалийг цэвэрлэгч үүрэг гүйцэтгэдэг. Идэш тэжээлийн пирамидын оргилд нь чоно байдаг учраас тухайн эко системийн зохистой байдлыг чоно хянадаг гэж ойлгож болно. Өвчтэй амьтан хурд, хүчээр бусдаасаа дутуу байх нь мэдээж. Харин чоно тэдгээр амьтдыг хялбархан “түүж” иддэг. Ийм чухал үүрэгтэй чоно ховордохоор байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, мал амьтны гаралтай өвчин дэгдэх болжээ. Тодруулбал, бөхөнг “эрүүлжүүлдэг” чоно ховордсонтой холбоотой хэмээн эрдэмтэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна.

Сүүлийн жилүүдэд ялангуяа баруун Монголын чоныг замбараагүй хядсанаас болж эрс цөөрөөд байна. Хэдхэн жилийн өмнө Говь-Алтайд чоно агнах кампанит ажил өрнөж хэдэн зуугаар нь агнан аймгийн төвд олны нүдэн дээр ирийлгээд тавьчихсан байж билээ.  Одоо тэнд хэдэн чоно үлдсэнийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Лабораторийн шинжилгээнд дээж цуглуулах ажлын хэсгийнхны яриагаар бол хуучин сэг зэм нэлээд тааралдсан байна. Хэрвээ чоно, үнэг, хярс зэрэг махчин амьтад элбэг байсан бол ийм сэг зэм үлдэхгүй байсныг тэд хэлж байлаа.Туршлагатай анчид ч чоно харагдахаа больсныг онцлон хэлж байгаа нь үнэний ортой байх. Үнэндээ бөхөнгийн тархац нутагт чоно ховорджээ. Хэрвээ чоно байсан бол өвчтэй бөхөнг бусдадаа халдвар тараахаас нь өмнө “цэвэрлэчихнэ” шүү дээ. Зүүн аймгийнхан талын чоноо хядсанаас болж тэнд хэдэн жилдээ л шүлхий өвчин тасраагүй,  Засгийн газар хэдэн арван тэрбум төгрөг зарцуулж намжаасан гашуун жишээ бий. Аз болоход тухайн үеийн Байгаль орчны  сайд эрдэмтэн, судлаачдынхаа санал, зөвлөмжийг хүлээн авч зүүн аймгуудад чоно агнахыг тодорхой хугацаагаар хориглосон нь цаг үеэ мэдэрсэн оновчтой шийдвэр болсон юм. Үүний ачаар чонын тоо толгой өсч шүлхий өвчин гарах нь эрс багассан баримт бий.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол энэ асуудлыг анхааралдаа авч монгол бөхөнгийн тархац нутгийн хүрээнд чоно, үнэг, хярс авлахыг тодорхой хугацаагаар хориглох тушаал гаргах шаардлагатай болжээ. Энэ нь монгол бөхөнг мөхлөөс аврах ажлын эхлэл байх юм. Түүнчлэн тус яамны дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг яаралтай хуралдаж монгол бөхөнгийн өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, хийх шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөлдөх хэрэгтэй байна. Яг үнэндээ өнөөдөр монгол бөхөнгийн хувь тавилан орхигджээ. Уг нь энэ амьтан дэлхийд өөр хаана ч байдаггүй, Монголын унаган зүйл шүү дээ.

Б.ЭНХМАРТ


URL:

Нэр: zochin Огноо: 8 June 2017

chono baigaliin emch gedeg.emchiig n horoogood baihkaar uvchin tussan amitan olnooroo uheh n arggagui shuu dee..

Сэтгэгдэл бичих