Д.Сүхбаатарын хөшөө хэнд гай болоод байна аа?

Монгол Улс ардчилсан Ерөнхийлөгчтэй, жанжин Д.Сүхбаатарын төрсөн нутаг Сүхбаатар аймаг АН-ын Засаг даргатай болсон энэ цаг үед жанжны хөшөө ад үзэгдэж, хогийн цэг дээр хаягдахад хүрэв-

Ардын хувьсгалыг эхлүүлж, Монгол Улсаа мөхлийн ирмэгээс аварч үлдсэн их жанжин Д.Сүхбаатарын хөшөө хотын төвд сүндэрлээд 74 жилийг ардаа орхисон ч саяхнаас ад үзэгдэж эхлээд байна.

Ард түмний дунд олон жил яригдаж ирсэн хөшөөг хүрэлдүүлэх саначилга сая л нэг юм биелэлээ олж, ардын хувьсгалын 90 жилийн ойн босгон дээр Засгийн газар шийдвэр гаргасан. Ирэх оны хоёрдугаар сард хөшөөний эх хувилбараар цутгасан хүрэл хөшөөг байранд нь залахаар тогтсон ч энэ цоорхойг ашиглан жанжны хөшөөг байранд нь буцаан залахгүй, Сүхбаатар аймаг руу нүүлгэн шилжүүлье гэсэн эсэргүүцэл өрнөөд байгаа.

Түүх соёлоо ойлгодог, хүндэтгэдэг хэмээн цээжээ дэлддэг хүмүүс өнөөдөр Д.Сүхбаатарын хөшөө, Чингис хааны цогцолбортой авцалдахгүй байгаа учраас зайлуулах шаардлагатай хэмээн хөдөлгөөн өрнүүлсэн нь гайхмаар.

Нөгөө талаас Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн хайхрамжгүй байдал, уран С.Чоймбол агсны ур ухаанаар бүтсэн эх хөшөөнд хүндэтгэлгүй хандаж, морины нь хойд хөл, сүүлийг хугалаад Баянзүрх дүүргийн тохижилт, үйлчилгээний төвийн хашаан доторх төмрийн хогон дээр хаячихсан үйлдэл нь хөдөлгөөн өрнүүлэгчдэд ташуур өгснөөрөө анхаарал татаж байна. Тодруулбал, тэдний хэн хэн нь Д.Сүхбаатарын хөшөөг ад үзсэнээрээ санаа, зорилго нэгтэй мэт ойлгогдож байгаа юм.

Өнөөдөр Д.Сүхбаатар гэж хэн бэ, түүхэнд ямар гавъяа байгуулсан бэ гэдгийг мэдэхгүй нэг ч Монгол хүн /хөшөөг нь зайлуулах хэрэгтэй, Чингис хааны гавъяа том, Д.Сүхбаатарынх бол өчүүхэн гэж ярьж байгаа хүмүүсээс бусад нь/ нэг ч байхгүй. Түүний гавъяа зүтгэлийг хүндэтгэхгүй, ач холбогдол өгөхгүй байх эрх бидэнд үгүй юм.

Ирэх онд тохиох Хүннү гүрэн үүсэн байгуулагдсан 2220, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, ардын хувьсгалын 90 жил бүгд л түүхэн тэмдэглэлт ой. Аль нэгийг нь онцлолгүй цогцоор нь авч үзэж, их түүхээ хүндэтгэх жил болгон зарлах нь зүйд нийцнэ. Үүнтэй адил улс үндэстнээ түүхийн олон үед, хэдэн мянган жилээр өртөөлөн авчрахад хүндтэй үүрэг гүйцэтгэж  Монгол Улсын тусгаар тогтнолыг дархлан батжуулж ирсэн түүхт хүмүүсийн гавъяаг мартах учиргүй.

Чингис хаан улс үндэстнээ нэгтгэн Их Монгол Улсыг байгуулсан бол 1911 оны үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг эхлүүлсэн удирдагчид Манжийн дарлалд 200 жил тарчилсан улс үндэстнээ аварсан. 1915 онд автономит улс болох гэрээнд гарын үсэг зурснаар нөхцөл байдал хүндэрч, 1919 онд Хятадын эрхшээлд бүрмөсөн орох аюул тулгарч, “Монгол Улс үлдэх үү, мөхөх үү” гэдэг дээсэн дөрөөн дээр ирсэн эгзэгтэй үед Д.Сүхбаатар ардын хувьсгалыг эхлүүлж, улс орноо аварч үлдсэн билээ.

Түүх, түүхээрээ үлддэг. Үе үеэрээ нэг нь нөгөөгөө баталгаажуулж, уламжилж, шинэчилдэг. Өнгөрсөн түүхийг өнөөдрийн үзэл, суртлаар харах нь эрүүл бус хүний л хийх үйлдэл байх. Дэлхийн улс үндэстнүүд түүх, соёлынхоо дурсгалыг тэр хэвээр нь хадгалж үлдэхийн төлөө өнөөдөр бүхнийг хийж байна. Тэр бүү хэл түүхээ ахиулахын тулд шинжлэх, ухааны бүхий л аргаар судалж, шинжилж, эд өлгийн болон археологийн судалгааг явуулж байдаг. Өнөөдрийн бүтээн байгуулалт ч хожмын өдөр түүх болж үлдэх талаас анхаардаг.

Тухайлбал, өнөөдрийн ад үзэгдээд байгаа Д.Сүхбаатарын хөшөөг барьсан төрийн шагналт, урлагийн гавъяат зүтгэлтэн уран С.Чоймбол агсны оюутан байхдаа бүтээсэн чулуун баримлууд өнөөдөр Москвагийн метрогийн хамгийн хүндтэй дурсгалд тооцогдон тэнд хадгалагдаж байна. Харин энд, түүний эх орны дайны жилүүдэд Ленинградын бүслэлт дунд монголдоо авч очихоор нойр, хоолгүй суугаад эхийг нь гаргасан Д.Сүхбаатарын хөшөөг төмрийн хог дээр хаячихаад байна. Энэ хоёрын хооронд түүх, соёлын, үнэлэмжийн асар их зөрүү байгаа биз. Түүхээ нулимаад зогсохгүй урлагийн үнэ цэнэтэй ховор бүтээлд санаа зорилго нийлсэн хэдэн хүн ингэж л халдаж байна.

Бүхий л баяр ёслол, найр наадам, дурсгалт өдрийг Монголчууд Д.Сүхбаатарын талбай дээрээ тэмдэглэж, зургаа авахуулж, баярлаж цэнгэж ирсэн, Тэр дурсгалт зургууд өнөөдөр айл болгоны хойморт бий. Гэтэл Монгол Улс ардчилсан Ерөнхийлөгчтэй, жанжин Д.Сүхбаатарын өлгий нутаг Сүхбаатар аймаг АН-ын Засаг даргатай болсон энэ цаг үед жанжны хөшөө ад үзэгдэж, хогийн цэг дээр хаягдахад хүрсэнд бухимдсан иргэд цөөнгүй. Түүх, соёлоо аврах талаар асуудал хөнддөг учраас манай редакци руу утасдаж, байр, сууриа илэрхийлж байгаа хүн ч олон байна.

Сүүлийн үед Д.Сүхбаатарын үүсгэн байгуулсан МАХН нэрээ өөрчлөн МАН болсон болсноор тус нам алга болсон гэсэн шүүмжлэл тасрахгүй байна. Их жанжныхаа хөшөөг төв талбайгаас арчуулж, эх бүтээлийг нь хог дээр хаяулж устгавал дуурсах нэр ч үгүй, түүхэнд үлдэх дурсгал ч үгүй болоход дөхсөн гэвэл хилсдүүлсэн болохгүй биз.

Д.Сосорбарам гавъяат хэдэн хүн дагуулчихсан хэвлэлийн хурал хийсэн. Д.Сүхбаатарын хөшөө Чингис хааны хөшөөтэй авцалдахгүй, зохимжгүй байгаа учраас зайлуулах хэрэгтэй. Төв талбайг тусгаар тогтнолын талбай болгож, хөшөөний буурин дээр төрт улсын ариун голомтыг билгэдсэн гэрэлт хөшөө цогцолборыг байгуулъя хэмээн уриалсан. Энэ асуудлаараа Ц.Элбэгдоржид айлтгал өргөж, асуудлыг шийдүүлнэ хэмээн баахан омгорхсон мэдэгдэл хийгээд байна.

Хэдийгээр Д. Сосорбарам Ц.Элбэгдоржоос төрийн шагнал хүртсэн ч төрт ёсны түүхэнд Д.Сүхбаатарын байгуулсан гавъяа үнэлж баршгүй юм. Өнөөдөр төв талбайгаасаа жанжин Д.Сүхбаатарын хөшөөг зайлуулна гэж байна. Харин маргааш айл болгоны хойморт шахам байдаг их жанжны хөшөөтэй хамт татуулсан зургийг шатаах хөдөлгөөн өрнүүлэх вий дээ. Энэ санаачилгыг гаргахдаа Д.Сосорбарам гавъяат иргэдээс 2029 судалгаа авсан гэжээ. Үүнд оролцогчдын 40.9 хувь буюу 818 хүн тусгаар тогтнолын талбай болгоё гэсэн гэж байгаа. Үнэндээ Д.Сүхбаатарын хөшөө Чингис хааны цогцолбортой харшилдаж байна уу гэвэл олон хүн үгүй гэж хэлнэ.

Өнөөдөр ОХУ-д л гэхэд I Петр хааны хөшөөний өмнө Александр хааны гэрэлт хөшөө зэрэгцэн оршдог. Хэн ч “Зохицохгүй байна, аль нэгийг нь буулгаж зайлуул” гэж байсангүй. Эх орны дайны жилүүдэд Герман цэргүүд цэцгийн мандал гишгэлгүй тойрч гарах гээд буудуулсан тухай хэлц үг байдаг. Түүх, соёл, урлагт хандах үзэл, хандлага ийм л байдаг.

Энэ бүхнээс үүдэж яагаад Д. Сүхбаатар жанжны хөшөөг зайлуулах шаардлагатай вэ гэсэн асуулт тавигдаж байна. Хөшөөг зөвхөн хүрэлдэхэд 900 сая төгрөгөөр хийх төсөв батлагдсан. Буцаагаад байранд нь залахгүй байсан бол ийм их хөрөнгө гаргах хэрэг байсан уу, үгүй юу. Монгол Улс багтаж ядсан хөрөнгө, мөнгөтэй баян улс биш. Нэг хөшөөг өмнөхөөсөө улам дордуулж 900 сая төгрөгөөр хүрэлдүүлснээс Улаанбаатарын утааг багасгах, эх барих эмнэлэг барих тулгамдсан асуудал хөндөх сэдэв болоод удлаа.

Д.Сүхбаатарын хөшөөг хүрэлдүүлэх нэрээр “нутаг зааж” суурин дээр нь дахиад гэрэлт хөшөө цогцолбор байгуулъя гэж ярьж байна. Татвар төлөгчдийн халаасыг тэмтрэн байж Сүхбаатарын хөшөөг Хятадад хүрлээр зөвхөн цутгуулж байна. Харин түүнийг нь цэргийн музейд засъя гэж ярих боллоо. Дахиад хэдэн тэрбумаар тусгаар тогтнолын талбай барьж, дахин өөр гэрэлт хөшөө цогцолборыг байгуулах гэж байгаа юм бэ? Ингэхэд асуудал хөшөө дурсгалдаа биш татвар төлөгчдийн мөнгийг төрийн нэрээр “угаахад” байгаа юм биш үү.

Ч.Үл-Олдох


URL:

Сэтгэгдэл бичих