Улаанбадрахын “ураны хэрэг” Хонгорынхтой адил болох вий

527-1497181893maxresdefaultДорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэн  Д.Норсүрэнгийн хүсэлтээр, түүнд хадгалагдаж байгаа шалгалт, хяналтын байгууллагуудын албан баримт бичгүүд болон холбогдох бусад материалд тулгуурлан, мэргэжлийн үүднээс хандаж, энэ асуудлыг хөндлөнгөөс судалж үзээд дараах дүгнэлтийг хийж, эрх бүхий удирдах дээд байгууллага, албан тушаалтнуудад хандаж байна.
Төр засгийн харалган бодлогын уршгаар, Монгол Улсын газрын хэвлий дэх ашигт малтмал руу гадаадын шунахай корпораци компаниудтай хамтран уулгалан дайрч, байгаль орчныг сүйтгэх болсон энэ “цөвүүн цагийн дайрлага”-д нилээд олон жилийн өмнөөс өртсөн газрын нэг бол Дорноговь аймгийн Улаанбадрах сум юм.
Франц Улсын “Арева” гэгч, улс үндэстэн дамжсан ураны корпорацийн охин компани гэх “Кожеговь” ХХК тусгай лицензээр Улаанбадрах сумын нутаг Баруун баян, Дулаан уулын орчимд  газрын хөрсний гүн рүү химийн аюултай хорт бодис болох “Хүхрийн хүчил” шахаж шүлтжүүлэх аргаар цацраг идэвхт “уран”-ы хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж эхлээд даруй 7 жил болж байна.
Тэр компани тэнд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш уг нутгийн уугуул иргэн Д.Норсүрэнгийн мал  сүрэгт хачин жигтэй байдлаар малын хорогдол гарах болж, 2012 онд ганцхан сар гаруйхны хугацаанд 19 тугал үхэж, 2013 онд гүү, үнээ, бог эх мал хээл хаяж, дутуу хөгжилтэй төл гарч, 2014 онд нүдэндээ ургацагтай, ургацгандаа үстэй ботго, 2015 онд хүзүүгүй ишиг 1, 2017 онд 6, дээд уруул нь дутуу ботго 2 гарч удалгүй үхжээ. Ийнхүү тэр нутгийн ард иргэдийн мал сүрэгт учир битүүлэг шалтгаанаар жилд дунджаар 30 гаруй мал хорогдсоор, тухайлбал, Норсүрэнгийн ууган хүү Н.Энхболдын мал сүргийн нийт хорогдол одоо 70 гаруйд хүрчээ.
Мал сүргээс нь ийнхүү хорогдож эхэлснээс хойш Д.Норсүрэн баг, сум, аймаг, улсын холбогдох байгууллага, дарга сайд нарт албан ёсоор хандаж, учир байдлыг нягтлан тогтоож, зохих арга хэмжээ авч өгөхийг удаа дараа хүссэний дагуу тэд түүний хүсэлтийг хойргодуу боловч сонсож, зарим талаар анхаарч, шинжилгээ хийж дүгнэлт гаргасан хэдий ч, харамсалтай нь, түүнийхээ  мөрөөр, холбогдох хууль журмын дагуу дорвитой арга хэмжээ авч, байгаль орчныг зохих ёсоор нөхөн сэргээх, тэр нутагт хүн, мал амьтан урьдын адил эрүүл, амгалан тайван амьдрах нөхцлийг хангах, нэрвэгдэгсдийн хохирлыг барагдуулах чиглэлээр үр өгөөжтэй юм хийлгүй байсаар өнөөдрийг хүргэжээ.
Хамгийн харамсалтай нь, энэ хугацаанд тэнд нүүрлэсэн гамшиг үргэлжилсээр, хор хохирол гарсаар байгаа явдал юм.
Орон нутагт нь нүүрлээд байгаа энэ асуудлын талаар, Д.Норсүрэн иргэнийхээ үүргийг хэрэгжүүлж, Гамшгаас хамгаалах тухай Монгол Улсын хуулийн 28.1.8-ын: “Гамшгийн тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай хүргэх” гэсэн заалтын дагуу холбогдох байгууллагуудад албан ёсоор удаа дараа хандсаар байгаа нь сайшаалтай.
Тэр нутагт хийгдсэн лабораторийн зарим шинжилгээний албан ёсны дүгнэлтээс үзэхэд, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан уулын районд “Кожеговь” ХХК-ний хийсэн ураны хайгуулын талбайн орчмын байгалийн (хөрсний) цацраг идэвхийн түвшинг энэ баримт бичгийн 3.1.1-д:  “…ураны хамгийн их идэвхтэй газар нь өрмийн цооног, угаасан шорооны дээж … байгаа бөгөөд энэ нь Төв аймгийн сумдын дунджаас 11,9-19,4 дахин их, манай орны зарим аймгуудын дунджаас 9,5-15,4 дахин их … байна”, мөн 3.1.2-т: “Усны цацраг идэвхи … 214Bi изотопын хувийн идэвх нь Мардайн ил уурхай, Чойбалсан хотын ундны ус, Булгийн  усны 214Bi изотопын хувийн идэвхээс 1,1-1,2 дахин их, … 222Rn  изотоп Булгийн усны изотопын хувийн идэвхээс 1,1 дахин их байна” гэжээ.

Сүүлийн жилүүдэд Гүнсухайт худгийн усанд лабораториудын хийсэн шинжилгээгээр уран, стронци, берилли, мөнгөн ус, хүнцэл, селен, сульфат, нитрат зэрэг химийн 14 микроэлемент, нэгдлүүдийн агууламж улсын стандартын хүлцэх хэмжээ (зөвшөөрөгдөх дээд хэмжээ)-нээс 1,24-6 дахин өндөр,  ялангуяа “Ханлаб” лабораторийн шинжилгээгээр ураны агууламж даруй 33 дахин их, хөрсөн дэх химийн микроэлемент- хүнцэл, селений агууламж стандартын хүлцэх хэмжээнээс 1,1-1,5 дахин их байгааг баталчихаад байхад асуудлыг даруй шийдэж, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий холбогдох дээд байгууллага, мэргэжлийн албад одоо болтол санаа амар суусаар байгаа нь дэндүү харамсалтай.
Зүй нь албан ёсны ийм дүгнэлт гарсан үед тэд шуурхай ажиллаж,  байгаль орчны бохирдлыг арилгаж хэвийн болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй байх учиртай баймаар.
Эдгээр лабораториудын шинжилгээний албан ёсны дүнгээс үзэхэд, Гүнсухайт худгийн ус “Хүрээлэн буй орчин, Эрүүл мэндийг хамгаалах, Аюулгүй байдал, Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2005” стандартын шаардлагыг, худаг орчмын хөрс нь “Хөрсний чанар, Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2008” стандартын шаардлагыг тус тус хангахгүй байна гэдэг нь тодорхой байна.
Ундны усан дахь химийн зарим микро элементийн агууламж хүлцэх хэмжээ (зөвшөөрөгдөх дээд хэмжээ)-нээс өндөр болсон үед түүнээс ундаалдаг хүн мал амьтны бие организмд сөрөг нөлөө үзүүлж, элдэв өвчин үүсгэж, улмаар үхэлд ч хүргэх аюултай байдаг биш билүү?!
Ер нь, ашигт малтмалын хайгуул олборлолтын ажил эхлэхээс дуусах хүртэл хугацаанд холбогдох яам, агентлаг, газар хэлтэс, албадаас мэргэжлийн хяналтыг газар дээр нь тасралтгүй, зохих ёсоор тавьж байгаагүй тохиолдолд ямарч компани, ялангуяа гадаадынхан бол зөвхөн өөрийнхөө эрх ашгийг урьтал болгоод, монголчуудын нүдийг хуураад өнгөрөхийг бодох нь тодорхой. Ийм нөхцөл хэрэв бүрдсэн бол газрын хөрсний дор болон гадаргуу, хөрсний ус бохирдолтой болж үлдэх нь хэнд ч ойлгомжтой.
Улаанбадрах сумын хувьд, аймаг сумын ХХАА-н болон улсын МЭҮГ, ХХААХҮЯ, УУХҮЯ, ЭМЯ, МХЕГ, БОАЖЯ, ЦЭК, ОБЕГ чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд анхаарч зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх учиртай баймаарсан.

Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зарим хуулиас авч үзэхэд, энэ асуудалд хамааралтай дараах заалтууд илт зөрчигдсөөр байгаа нь  харагдаж байна. Үүнд: Байгаль орчныг хамгаалах тухай Монгол Улсын хуулийн 5.1; Цөмийн энергийн тухай Монгол Улсын хуулийн 11.1; 1.6.4; 11.6.8; 11.6.9; 11.6.14; 13.1.3 г.м заалтуудыг дурьдаж болно.

Түүнчлэн ураны хайгуул олборлолтын тусгай зөвшөөрөл  эзэмшигч буюу “Кожеговь” компани нь Цөмийн энергийн тухай Монгол Улсын хуулийн 28.2.3-ийн: “ … цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчжээ. Мөн, Химийн хорт болон аюултай бодисын тухай Монгол Улсын хуулийн 8.1-ийн: “… аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт болон  аюултай бодис …. ашиглах, устгах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, гарсан хор уршгийг  арилгах арга хэмжээг өөрийн зардлаар авч хэрэгжүүлнэ” гэсэн заалт болон Цөмийн энергийн тухай Монгол Улсын хуулийн  34.2-т: “… үйл ажиллагааг эрхлэх явцад хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс хамгаалах арга хэмжээг уг үйл ажиллагааг эрхэлж байгаа иргэн, компани өөрийн зардлаар хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг “Кожеговь” компани зохих ёсоор бүрэн биелүүлээгүй тул уг хуулийн 46.1-д: “…. хууль тогтоомжийг зөрчсөний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулсан бол уг хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэсэн заалтын дагуу Улаанбадрах сумын нэрвэгдэгсдийн хохирлыг “Кожеговь” компани хариуцаж барагдуулах ёстой гэж үзэж байна.
Бас, Цөмийн энергийн тухай Монгол Улсын хуулийн 50.1.4-ийн “…. хүн ам, нийгэм, байгаль орчинд хохирол учруулсан, эсхүл хохирол учруулахуйц ноцтой нөхцөл байдал бий болгосон, удаа дараа ноцтой зөрчил давтан гаргасан, илрүүлсэн зөрчлийг арилгаагүй тохиолдолд үйл ажиллагааг түр, хэсэгчлэн зогсоох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх” гэсэн заалтыг үндэслэн “Кожеговь” ХХК-ий тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх асуудлыг холбогдох байгууллага авч үзэх нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр, Химийн хорт болон аюултай бодисын тухай Монгол Улсын хуулийн 13.3, мөн хуулийн 13.7 дахь заалтуудыг “Кожеговь” компани үйл ажиллагааныхаа явцад зохих ёсоор бүрэн хэрэгжүүлж ирсэн эсэхийг тодотгох шаардлага ч бас байна.
Дашрамд эргэн сануулахад, одоогоос арав гаруй жилийн өмнө Дархан Уул аймгийн Хонгор суманд гарсан циант натри (NaCN)-ийн хордолт нь чухамдаа цэргийн химийн нэр томъёогоор бол “Ерөнхий үйлчилгээтэй, байлдааны хорт бодис”-ын ангилалд багтдаг  цианы хүчил (HCN)-ийн устөрөгч нь натри (Na)-иар халагдсан  нэгдэл буюу циант натри (NaCN) гэдэг маш хортой бодис болох нь тодорхой байхад манай “ихэс дээдэс”-үүдийн хөндлөнгийн нөлөөнөөс тэнд улс төржилт болон хувирч, бүр сүүлдээ Хонгор суманд “Хамуу” өвчин  гарсан мэтээр зориудын “онош” тавьж ард олныг тохуурхан төөрөгдүүлээд өнгөрөөсөн харамсалтай бөгөөд ичгэвтэр сургамж ч манайд бий шүү дээ.

Химийн шинжлэх ухаан бол математик физикийн нэгэн адил маш нарийн бөгөөд худал дүгнэлт гарах ёсгүй, тэгэх тусмаа улс төржүүлж бүр ч болохгүй шинжлэх ухаан юм шүү гэдгийг энд дурьдах нь илүүц биш болов уу гэж бодож байна.
Дүгнэлт
Дээр дурьдсан зүйлсээс нэгтгэн дүгнэхэд, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ард иргэд олон үе улиран, мал сүргээ адгуулж, өсгөн үржүүлж, хүн мал нь тайван амгалан амьдарч ирсэн түүхийн олон жилийн туршид урьд хожид мал сүрэгт нь ажиглагдаж байгаагүй хачин жигтэй зүйлс сүүлийн жилүүдэд ажиглагдах болсноос харахад, тухайн орон нутгийн хөрс шороо, ус ургамал, байгаль орчны хэвийн байдалд хөндлөнгөөс, гадны ямар нэг гаж нөлөө, тухайлбал, химийн аюултай бодис (хүхрийн хүчил)-ын болон цацраг идэвхит бохирдолт бий болсныг гэрчилж байгаагаас гарцаагүй гэж химийн мэргэжлийн хүний хувьд би үзэж байна.
Уул уурхайн хайгуул олборлолт руу эрсдлийг үл ойшоон, уулгалан дайрах болсон энэ цаг үед, цаашид ийм зүйлийг Монгол Улсын газар нутагт бий болгохоос урьдчилан сэргийлэхэд холбогдох яам, агентлаг, мэргэжлийн хүмүүс хатуу анхаарч байх нь зүйтэй бөгөөд, тэдний буруугаас урьд өмнө гарсан ийм алдааны улмаас бий болсон гарз хохиролд бодитой дүгнэлт хийж, байгаль орчныг зохих ёсоор нөхөн сэргээж, нэрвэгдэж хохирсон ард иргэддээ холбогдох хууль,  журмын дагуу нөхөн олговор олгож, хохирлыг барагдуулах нь зүйд нийцнэ гэж үзэж байна.
Энэ асуудал бол ганцхан тухайн орон нутгийн оршин суугчдын аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх зөрчигдөж байгаа төдийгүй, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөхүйц уршигтай зүйл болж байгааг анхаарахгүй байхын аргагүй юм.
Эцэст тэмдэглэхэд, иргэд “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2 дахь заалт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг давсгэр дээр ноцтой зөрчигдсөөр олон жил болж байгааг МХЕГ, ЦЭК, ОБЕГ, ХХААХҮЯ, МЭҮГ, БОАЖЯ, УУХҮЯ болон холбогдох мэргэжлийн бусад байгууллагуудын удирдах албан тушаалтнууд анхаарч, чиг үүргийнхээ дагуу зохих арга хэмжээ яаралтай авах цаг аль хэдийнээ болсныг тэнд үүссэн бодит нөхцөл байдал ийнхүү шаардаж  байна.

Бие дааж, хараат бус байдлаар ажиллаж дүгнэлт хийсэн:

Олон улсын Химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч,
цэргийн химич, доктор (Ph.D),
бэлтгэл бригадын  генерал М.Хүрлээ


URL:

Сэтгэгдэл бичих