Үгээр түймэр дэгдээж ч болно, туг ч дэрвүүлж болно

582Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын сурталчилгааг “Аллагад уриалж айдаст авахуулсан” хэмээн нэрлэжээ. Түүнийг дэмжигч нэгний хэлсэн “200 хүний толгойг тасдаж түүнийгээ тойрон бүжих” тухай яриа нэр дэвшигчид нэмэр болохоосоо илүүтэй нэрмээс болж, зарим нэгнийг ийн хэлэхэд хүргэв бололтой.

Нэр дэвшигч маань анхнаасаа л санаа бодлоо зөөлөн үгээр зөв үгээр илэрхийлж чадаагүйн гор түүнийг шүүмжлэлийн бай болгож хувиргаад байна. Сонгуулийг хүч тэнцвэргүй тулаан гэж нэрлэж, “Монгол ялна” гэсэн барагтай нэгэнд ойлгогдохооргүй уриа дуудлага нь ийн харагдуулаад байгаа хэрэг. Сурталчилгааныхаа явцад энэ бүхнээ засч сайжруулахын оронд Говьсүмбэр аймагт хийсэн уулзалтынхаа үеэр “Надаас МАН-ын дэмжигчид болоод зарим хүмүүс асууж байгаа. Хэнтэй байлдаж, хэнийг ялах гээд байгаа юм гэж. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг тогтворгүй, нэг улсаас хэт хараат байдалтай байгаа. Үүний эсрэг би болоод журмын нөхөд минь “байлдаж” ялах гээд байгаа юм гэж би хариулна” гэж хэлээд даарин дээр давс нэмчихэв. Хэнтэй байлдах гээд байгаа нь бас тодорхойгүй үлдлээ. Өөрийнхөө олж харсан гээд байгаа эдийн засгийн хараат байдлыг засч залруулна гэхийнхээ оронд заавал байлдаж тулалдах гэсэн үгээр илэрхийлэх нь мөнөөх монголчуудын эв нэгдлийг эрхэмлэгч хүний хэлэх үг мөн үү гэхээс харамсал төрмөөр ч юм шиг.

Нэр дэвшигчээ дэмжиж яваа намын нөхдийн үг яриа ч бас л биш ээ. Говьсүмбэрт болсон уулзалт дээр АН-ын дарга С.Эрдэнийн хэлсэн үг эрхгүй анхаарал татав.

Тэрбээр “Бид Монголын түүхэн дэх томоохон сорилт, хариуцлагатай сонголтын өмнө ирээд байна. Энэ бол аль нэг улс төрийн нам, хэн нэг нэр дэвшигчийг сонгох тухай асуудал биш юм. Эх орон, Монгол орших уу, эс орших уу гэсэн сонголтын өмнө ирсэн” хэмээн мэдэгдэв.

Уг нь бид аль нэг намын нэр дэвшигчийг улсынхаа тэргүүнээр сонгох тухай л яриад байгаа. Гэтэл биш болоод явчихлаа. Бүр айх ч шиг. Монгол орон минь бүр орших эс оршихуй дээрээ ирчихсэн болж байна уу гэж эргэлзэхэд ч хүрмээр юм шиг. Амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилж, нар манддагаараа мандаж, төрийн тэргүүнээ сонгох ээлжит сонгууль ирдэгээрээ ирж байна хэмээн мунхаглаж явсан мань мэт нь асуудал ийм дээрээ тултал хүндэрчихсэн хэрэг үү гэж айх гайхах зэрэгцэв. Ерөөс Х.Баттулгыг сонгохгүй л бол Монгол Улс эс оршихуй гэсэн эцсийн ганц сонголтон дээрээ үлдэх юм байна гэсэн айдас мөчид заримын ой тоонд сууж үлдсэн байх. Ингэхэд энэ чинь сонгуулийн сурталчилгаа юу, мөнөөх “айлгах тактик уу” гэж асуумаар ч юм шиг.

С.Эрдэнэ дарга цааш хэлэхдээ “Тэр дундаа Их Эзэн Чингис хааны Хиад, Боржигон удмын гал голомтыг сахиж байгаа та бүхний хувьд туйлын хариуцлагатай сонголт байх болно” хэмээн тодотгов. Боржигончуудын хувьд чухал хариуцлагатай бусад олон овгийнхонд энэ сонгууль чухал биш хэрэг үү.

Үүнийг хэлснээрээ үг мушгиж, үүл сөрж байгаа хэрэг биш. Үнэндээ хэний ч ой тоонд ингэж л буух байх. Нөгөө талаасаа үг бол үйлдэлтэйгээ нэгэн адил хариуцлага байдаг. Тэр дундаа улс орны хэмжээний ийм хариуцлагатай цаг үед. Үгээр түймэр дэгдээж ч болно, туг ч дэрвүүлж болно.

Хэдхэн хоногийн өмнө дэлхийн нэр хүнд бүхий “Reuters” агентлаг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч уул уурхайд тавих төрийн хяналтыг нэмэгдүүлэх гэж байгааг мэдээллэв. Мэдээнд дурдснаар нэр дэвшигч Х.Баттулга нь “Газрын доорхи баялгаа өөрийн мэдэлд хянаж, Оюутолгой болон Тавантолгойн ордыг төрд хураана” гэж хэлэв. Түүний энэ мэдэгдэл Оюутолгойн орд газрын 66 хувийг эзэмшдэг Рио Тинто компанийг чичрүүлж байгаагаас гадна төрийн өмчит Тавантолгойн нүүрсний уурхайд стратегийн түншлэл тогтоох сонирхолтой хувийн хэвшлийн компаниудыг тэвдүүлж байна” хэмээн мэдээлснийг зарим эх сурвалж иш татжээ. Харин Оюутолгой компани одоогоор энэ мэдэгдэлд хариу тайлбар хийгээгүй байна гэдгийг ч уг мэдээнд дурдсан байх юм.

Энэ бүгдээс харахад нэр дэвшигч Х.Баттулгын сурталчилгаа дотооддоо төдийгүй градаад талдаа ч айдас болгоомжлол төрүүлээд байгаа юм биш үү. Энэ янзаар бол Монголын хөгжлийн нэг боломж хэмээн харж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх бус саарч мэдэхээр нөхцөл байдал үүснэ гэсэн үг.

М.Нэргүй

http://www.zaluu.com/read/1411b237g


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.