ХЯТАДААС АВЧИРСАН МОДНООС АЙМШИГТАЙ ХОРХОЙ ТАРХАЖ ЭХЭЛЖЭЭ

34urd8oeep6ipkkeg2rr08uccp_b

Нийслэлчүүдийн хувьд жилийн жилд л мод тарих их хөдөлгөөн өрнүүлж, ихэнхдээ тарьсан мод нь ургахаасаа илүүтэй үхэж, тэр хэрээрээ хөрөнгө урсгаж, зарлагадаж байна гэсэн шүүмжлэл өрнөдөг. Энэ жилийн хувьд ч хотын төв гудамжаар цэл залуухан нарс модод тарьсан нь одоохондоо нүд баясгаж байгаа ч ургах эсэх нь бүрхэг байна хэмээх шүүмжлэл өрнөж буй. Хамгийн харамсалтай нь ууландаа ургаж байсан эдгээр гоо моддыг шилжүүлж авчраад амьдруулж чадахгүй “борц” болгочихвол байгальдаа ч сүйтгэлтэй, заруулсан хөрөнгө мөнгө нь ч хайран гэж нийслэлчүүд халаглаж, шилжүүлэн суулгасан модод эхнээсээ хатаж үхэж байгаад халаглаж байна. Өмнөх жилүүдэд ч ийн шилжүүлсэн модод гандаж үхсэнийг нийслэлчүүд бид харж л байсан. Тэгвэл үүнээс ч аймшигтай нөхцөл байдал үүсээд байгааг мод үржүүлгийн мэргэжилтэн, байгальдаа хайртай хүмүүс анхааруулж эхэллээ.

Учир нь өмнөд хөршөөс оруулж ирсэн гэх модноос халуун орны хачиг, хорхой илэрч, энэ нь цаашид тархах аюултай байгаа, магадгүй эхнээсээ тархаад байгаа гэж сэрэмжлүүлэн холбогдох албаныхан арга хэмжээ авахыг шаардаж эхэлжээ. Энэ талаар “Монгол гүзээлзгэний” гэж нэршсэн, Экобиржийн үүсгэн байгуулагч Х.Алтанцацралтай ярилцлаа. Бүр социализмын үед Цэдэнбал Филатовагийн үүсгэн байгуулсан “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн цэцгийн хүлэмжийн мэргэжилтнээр тохоон томилогдож, Монголд зочлон ирсэн гадаадын зочид төлөөлөгчдөд барих цэцгийн баглааг бэлтгэх сонирхолтой даалгавраар ажлынхаа гарааг эхэлж байсан Х.Алтанцацралт Монголдоо өвлийн хүлэмжний аж ахуйг эхлүүлэх санаачилга гаргаж, сонирхсон хүмүүст сургалт явуулж, сүүлийн арав гаруй жил мод цэцэгс, нарийн ногооны чиглэлээр ажиллаж, үндсэндээ л “эко-амьсгал”-тай болсон хүн. Тэрээр нийслэлийн иргэн болгон нэг мод тарихад Улаанбаатар нэг сая гаруй модтой болно гэж бусдыгаа уриалан өдгөө “Ургийн мод” хөтөлбөр өрнүүлэх санаачилга гаргаад байгаа юм.

-Таныг Монголдоо тусгай сортын гүзээлзгэнэ тариалж, монгол брэндийн гүзээлзгэнээрээ танил болсон хүн гэдгийг уншигчид маань мэдэж байгаа байх. Гэхдээ энэ удаад хотын цэцэрлэгжилтийн талаар ярилцах гэсэн юм. Та Экобирждээ модны суулгац тарьж ургуулдаг. Ингэхэд ойд ургаж байсан моддыг хотын гудамжинд шууд авчирч тарьж байна. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Би дандаа хэлдэг дээ, ууланд зүгээр сайхан ургаж байсан моддыг авчирч, энд “борц” болгож хатааж алахаа болиоч оо гэж. Энэ бол шууд гэмт хэрэг. Буруу сонсоогүй бол өнгөрсөн жил нэг моддыг 750 мянган төгрөгөөр, энэ жил 500 мянган төгрөгөөр авчирч байгаа гэсэн. Жил бүр таван тэрбум төгрөг.

Хамгийн гол нь тэр модод ургадаг бол яах вэ гэх сэн. Гэтэл хоёр, гурван жил болоод л үхдэг, та нар мэднэ дээ. Одоохондоо уулаас авчирсан өөрийнхөө шимээр амьдраад байгаа юм шиг, нахиалаад байгаа юм шиг л харагдана. Хэдэн жилээс хатаад борц болдгийг та нар мэднэ. Авчирдаг дендрологич нэртэй хүн нь газар, орчин солигдсон учраас эхний нэг хоёр жилдээ өнгөө алдаж байгаад яваандаа сайжирна гэж ярьдаг гэсэн. Хэчнээн олон мод авчирч хатааж алсныг нь бид мэдэж байгаа шүү дээ. Ядахдаа байгальдаа ингэж хор тарьж, гэмт хэрэг, нэг ёсондоо нүгэл хийхээ болих сон доо.

-Ингэхэд мод үржүүлдэг та бүхнээс модны  тарьц аваад, мэргэжлийнх нь хүнээр тариулж болдоггүй юм уу? Хотод мэргэжлийн дендрологич байна уу, ингэхэд?

-Байхгүй ээ. Би хэлдэг юм, бидэнд нэг, нэг гудамж хариуцаалаад өгчих, тарих, арчлахыг нь хамтад нь хариуцуул, ургахгүй бол тэр хариуцсан хүнтэй нь хариуцлага тооц гэж. Харамсалтай нь, бор зүрхээрээ мод бутаа тариад явж байгаа биднийхээ үгийг сонсохгүй. Худлаагаасаа тендер нэртэй тэнэг юм зарладаг, тэрэнд нь ялсан нэртэй томчуудын компани урдаас модоо бөөндөөд авчирчихдгийг бид мэднэ шүү дээ. Гэтэл тэр мод нь бас ургадаггүй. Халуун дулаан, өмнөөс мод авчирч байхаар ядахдаа хойноос, Сибириэс  мод оруулж ирвэл өөр хэрэг. Уг нь бид энд аминдаа модны суулгац бэлтгээд байдаг. Түүнийг нь улс худалдаж авахгүй, хужаагаас тарьц оруулж ирээд байхад юу ч гэх вэ дээ? Уг нь улсын хилээр шороон хөрстэй тарьц оруулж ирэх ёсгүй юм шүү дээ. Хөрсөнд нь ямар хор, хорхой шавьж ирж байгаа бол гэж бид зөндөө хэлсэн. Одоо та хар даа. Тэрээр гар утаснаасаа аймшигтай хорхой гэмээр бүлцийсэн зүйл шигчихсэн модны зураг үзүүлэв.

-Энэ юу вэ?

-Халуу орны хорхой.

-Модонд хортой юу?

-Хортойгоор барахгүй, модыг тэр чигээр нь идэж устгана, цаашид халдварлана. Ийм л “дайсан” өмнөд хөршөөс оруулаад ирсэн байна шүү дээ, “манай” тендерчид.

-Тэр хорхой арай ой руу маань тархчих юм биш биз дээ, жишээлбэл Богд уул руу?

-Тархана шүү дээ. Монголын газар нутгийн ерөөсөө 7-8 хувь нь ой. Шилжилтийн үед ийм жаахан ойтой манайх битгий хэл Орос мод экспортлохгүй байхад манайх хуй, хуйгаар нь модоо огтолж, гадагшаа зөөсөн. Одоо жаахан ой нь угаасаа хорхой шавьжинд идэгдсэн. Дээрээс нь хулгайгаар нэг тээвэрлэнэ, хотод авчирч тарьж байна гэж “борц” болгож хатааж алж байна. Мөн халуун орны аюултай хортон шавьж тархахад юу болохыг төсөөлөөд үз.

-Манайх ойдоо хортон шавьжны устгал хийлээ л гэдэг. Яг хортон шавьжийг нь устгаж чадаж байна уу?

-Уг нь ойн ариутгалыг зориулалтын нисдэг тэргээр хийдэг. Дэлхий даяар янз бүрийн технологи бий болж байна. Гэтэл манайхан 40 литрийн савтай хор үүрээд уул руу ариутгал хийдэг гэж байгаа юм. Цагаан хорхой авгалдай уулын орой, модны оройд цацдаг. 40 литрийн бодис үүрсэн хүн тэр уулын оройд очоод нэг мод руу хор цацаад буцаж ирээд дахиад хороо үүрээд мод болгоныг ариутгана гэдэг ёстой үлгэр. Дээр 20, 30 метр өндөр модны орой руу цацлаа юу? Харин ч эсрэгээрээ модны тэхий дунд хүртэл нь цацчихаад л модны орой дээр байгаа хорхойг шавьжийг устгагч шоргоолжийг нь устгачихаад ирж байгаа байхгүй юу?

-Нээрээ шоргоолж цагаан эрвээхэйний авгалдайг идэж устгадаг гэдэг. Манайхан харин нөгөө шоргоолжоо устгаад байгаа хэрэг юм аа даа?

-Харин тийн. Одоо дэлхийд байгалийн, экологийн аргаар нь шоргоолж бусад шавьжны тэнцвэрийг хадгалах аргыг хэрэглэж байна. Манайхан хор цацах нэрээр шоргоолжоо устгачихдаг. Ийм аргаар хортон шавьжтай тэмцэнэ гэж давхар, давхар гай болж буруу зүйл хийж байхаар бараг зүгээр л тэр мөнгөө “цусалж” баймаар юм. Гай болж байхаар зүгээр байчихвал байгальд бараг нэмэртэй. Ер нь энэ Байгаль орчны гэж нэрлэдэг яам байгалийнхаа эсрэг санаатай албаар гэмээр давхар, давхар гэмт хэрэг хийхээ болимоор юм. Байгальд нэг см амьд хөрс бий болоход 700 жил шаардлагатай байдаг. Гэтэл манайхан нэг хэсэг огтолж зарлаа, уул уурхай гэж ухаж сэндийллээ, ус булгийг нь ширгээлээ. Одоо ойгоо хортон шавьжид бариулж, дээрээс нь Хятадаас маш их мөнгөөр хортон шавьж авчирч тарааж байна. Үүнийг гэмт хэрэг гэхгүй бол өөр юуг гэмт хэрэг гэх вэ? Үүнийг л мэргэжлийн хүмүүс, мод бут тарих гээд бор зүрхээрээ зүтгэж байгаа хүмүүс анхааруулж хэлээд байгаа хэрэг шүү дээ.

-Та бас нийслэлиийн нэг иргэн нэг мод тариарай гэж уриалж байсан байх аа.

-Тийм. Тэгсэн бол өдийд нийслэл нэг сая бүү хэл модтой болчих байлаа л даа. Би шашингүй, социализмын үед хүмүүжсэн хүн. Гэхдээ л наад зах нь манай Гандангийнхан, лам хувраг нар мод тарь гэж уриалмаар байгаа юм. Хүний мөнгийг авч төвд ном уншсан хүмүүс. Талийгаачийнхаа буянд мод тариач гэж уриалдаг сан бол өдийд Наран, Даландавхрын энгэр цэцэрлэг болчихсон байх сан даа. Ядаад хөдөө очиж суврага босгож байхаар амьд суврага, гэр бүлийн, ургийн мод тариач ээ гэж уриалж, “Ургийн мод” хөдөлгөөн өрнүүлье гэж бодож байгаа.

-Нээрээ манайхан ургийн баяр хийдэг. Олон ам бүлтэй том ургууд 100, 200 ч хүнтэй. Ургийн баяр хийж овоо тахиж, суварга босгож байхаар мод таривал тийм ээ.

-Харин тийм. Бүр 400, 500 хүнтэй том ургууд байгаа. Нэг уулын аманд ч юм уу хүнийхээ тоогоор мод тариад, түүнийгээ усалж тордоод, жил бүр тэндээ очиж ургийн баяраа тэмдэглэдэг болоод хэвшчихвэл. Увсын бил үү, нэг гэр бүлийнхэн манайхаас ирж мод авч тарьсан. Жил, жилд өргөжүүлнэ гэж байсан. Ингээд нэг ургийнхан нийлээд зуу, зуугаар нь мод тариад явчихвал болчихно шүү дээ. Ядахдаа талийгаачийнхаа газар дээр ганц мод ч болох нь ээ тарьчихаад байхад сэтгэлд өег дөө.

-Нээрээ тийм юм байна. Ийм буянтай ажил эхлүүлж байгаа таньд баяр хүргэе. Хүмүүс бас энэ ярилцлагаас санаа аваад мод тариасай гэж хүсье. Ингэхэд одоо мод тарихад оройтсон уу?

-Үгүй ээ. Зургаадугаар сарын 20 хүртэл оройтохгүй. Ер нь тэгээд манайх шиг бортгонд тариалсан модны тарьцыг хэзээ ч шилжүүлэн тарьж болно шүү дээ. Мөн одооноос  намар, ирэх хавар тариалах модоо бэлтгээрэй гэж хэлмээр байна.

-Баярлалаа танд амжилт хүсье.

Сануулахад: Х.Алтанцацралт Баянгол дүүрэг, Эх нялхсын эмнэлгийн баруун талд Эко биржийн байрандаа мод болон өргөст хэмх, улаан лоолийн үрслүүлэг зарж байгаа. Түүнтэй 99116763 утсаар холбогдож болно шүү.

А.Туяа

Эх сурвалж: Сэрүүлэг сонин

http://www.mglnews.mn/content/read/73580/Hyatadaas-avchirsan-modnoos-aimshigtai-horhoi-tarhaj-eheljee.htm

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 15 June 2017

энэ хүнийг төр засаг дэмжиж анхааралдаа авч үгийг нь сонсох ёстой юм байна

Сэтгэгдэл бичих