“Говь” ХХК-ийн үйлдвэрт гал гарч, их хэмжээний хохирол учирлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Ноос, ноолууран бүтээгдэхүүний Үндэсний үйлдвэрлэгч “Говь” ХХК-ийн агуулах, үйлдвэрт өнгөрөгч шөнө гал гарч, их хэмжээний хохирол учирлаа.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Говь” компанийн үйлдвэрийн дээвэр шатсан дуудлага Шуурхай удирдлагын төвийн утсанд өчигдөр орой 20.46 цагийн орчимд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн 150 гаруй албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 автомашин ажиллаж байна. Галын тархалт их, барилга байгууламжийн талбай том, дээвэр нь шилэн хөвөн, хар цаас, мод гэсэн шатамхай материалаар хийсэн тул галын тархалт эрчимтэй явагдаж, галыг бүрэн унтраахад хүндрэл гарчээ.
Гал сөнөөгчид галын голомтод ажиллаж эхэлснээс хойш галыг таазнаас доош тархаахгүй, үндсэн барилга руу оруулалгүй, бүрэн унтраахаар тасралтгүй ажиллаж байна. Галын голомтод усны нөөцийг хангалттай хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Хот тохижилт, үйлчилгээний газрын ус тээвэрлэх нийт 12 автомашинаар болон Улаанбаатар төмөр замын сүлжээг ашиглан 68 тоннын багтаамжтай ёомкс вагонтой усыг галын голомтод ойртуулан зөөвөрлөж байна.
“Говь” ХХК-ийн орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Төмөр замын Цагдаагийн хэлтсээс обьектыг хамгаалалтад аваад байна гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас ирүүллээ. Гал сөнөөгчдийн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар ахлан ажиллаж байгаа юм.
Одоогоор буюу 10 гаруй цагийн дараагийн байдлаар галын дөлийг унтрааж, тархалтыг зогсоогоод байгаа аж. Харин галын голомтонд задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Галын улмаас хүний амь нас эрсдсэн талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна.
Н.Гантуяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.