ЦЭРГЭЭ “МАРТСАН” САЙД

olloo_mn_1469336821_13738104_1703962213198857_5247741033165896955_oБатлан хамгаалах яамнаас тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан Марш тактикийн тэмцээнд цагдаагийн албан хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Одоогоор тус яамнаас, салбарын сайд нь ч энэ талаар ямар нэгэн тайлбар мэдээлэл битгий хэл эмгэнэл ч илэрхийлээгүй байна. Хууль, хүчнийхэн тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилтынхаа явцад эрсэдсэн тохиолдол ганц энэ удаагийнх ч биш. Тавантолгой сургалтын баазад зэвсэгт хүчнийхэн өнгөрсөн дөрөвдүгээр сард бэлтгэл хийж байх үеэр гранат дэлбэрч цэргийн хоёр албан хаагч амиа алдсан юм. Одоог хүртэл уг хэргийн дүгнэлт эцэслэн гараагүй байна.

ЦЭРГИЙНХНИЙ ТЭТГЭМЖИЙГ ХАСАХАД Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД ХААНА ЯВАВ?

Батлан хамгаалах салбарт шилээ даран гарсан эдгээр хэргээс гадна цэргийн алба хаагчдын эрх ашиг зөрчигдсөнийг хав дарсан олон асуудал байдаг юм байна. Хамгийн наад захын жишээ нь цэргийн албан хаагчдын нийгмийн асуудалд тус дөхөм болсон урамшуулал, нэмэгдэл, орон сууцны хөнгөлөлтийг зохицуулсан хуулийн заалтууд хүчингүй болсон явдал салбарынхны дунд тэнгэр хөмөрсөн мэт асуудал үүсгээд байна. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сард Батлан хамгаалах салбарын багц хуулийг УИХ-аар баталсны дунд Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг баталсан явдал байлаа.

…цэргийн албан хаагчдын нийгмийн асуудалд тус дөхөм болсон урамшуулал, нэмэгдэл, орон сууцны хөнгөлөлтийг зохицуулсан хуулийн заалтууд хүчингүй болсон явдал салбарынхны дунд тэнгэр хөмөрсөн мэт асуудал үүсгээд байна…

Тус хууль батлагдсанаар офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч жил бүр ажлын 18 өдөр амардаг байсныг 15 өдөр болгон хасч, цэргийн анги, байгууллага офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийг орон сууцаар хангаагүй бол орон сууц, гэр, байшин хөлслөх тухайн орон нутгийн түрээсийн төлбөрийг 12 хавтгай дөрвөлжин метрээр тооцож цэргийн анги, байгууллага олгодог байсныг хүчингүй болгожээ. Мөн гадаадын цэргийн сургуульд суралцах офицер, ахлагчийн суралцах хугацааны цалин хөлс, ирэх, буцах тээврийн зардлыг төр хариуцдаг байсныг оюутны тэтгэлэг болгон хасч өөрчилсөн явдал нь цэргийнхний ар амьдралд хүндээр тусаад эхэлжээ.

Гадаадад сургуульд суралцаж буй албан хаагчдын энэхүү цалин, зардал зэрэг нь ар гэрийнхнийг нь тэжээдэг гол эх үүсвэр болдог. Басхүү орон сууцны зээлд хамрагдсан нь ч олон байдаг юм байна. Гэтэл цалин, зардлыг нь хассанаас орон сууцны зээлээ төлж чадахгүйд хүрч эхнээсээ байраа буцаах, бусдад зарах болжээ. Энэ хэрээр цэргийнхний ар амьдрал улам хүндэрч байгаа гэж байна.

Түүнээс гадна улсын хил болон алслагдсанд тооцох анги, байгууллагад таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг улаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн застав болон түүнтэй адилтгах салбарт 50 хувь, суурин бус газар байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 35 хувь, нийслэл, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 25 хувиар бодож нэгтгэн таван жил тутамд олгодог байв. Цэргийн тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицерт урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны цалинг харьяалсан үндсэн байгууллага cap бүр олгодог байжээ. Цэргийнхний хувьд бас л амьдралынх нь гол эх үүсвэр болсон эдгээр заалтууд хүчингүй болжээ. Салбарынхаа гол хүч болсон цэргийн албан хаагчдынх нь нийгмийн асуудлыг дордуулсан хууль төр засгаар хэлэлцэгдэж байхад Батлан хамгаалахын сайд юу хийж байв?

Ямартай ч тэрээр хууль хэлэлцэгдээд, хэрэгжих есөн сарын хугацаанд энэ талаар ганхийсэнгүй. Бүр энэ асуудлыг сөхөх эрх ч цэргийнхний дунд байдаггүй бололтой. Угаас эх орноо батлан хамгаалах үүрэг хүлээсэн албан хаагчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж олон нийтэд дуу хоолойгоо хүргэх эрхгүй байгаа нь тэдний хувьд хамгийн том асуудал болоод байна. Гагцхүү тогоон дотроо энэ асуудалд бухимдах хүмүүс олон байна.

Урамшуулал, тэтгэмж, хөнгөлөлт зэрэг нь цэргийн албан хаагчдын хувьд цалингаас илүү хүсч хүлээдэг хангамж. Арга ч үгүй. Тэд эх орны аль ч өнцөг буланд хэзээ ч дуудагдаж ажиллах үүрэгтэй. Энэ хэрээр тэд маш их зуйлийг золиослодог. Ар гэр, үр хүүхэд нь тогтмол нэг газраа боловсрол эзэмших эрхээс эхлээд маш олон эрх нь зөрчигддөг ч цэргийнхэн эх орныхоо өмнө өргөсөн тангарагтай хүмүүс юм.

ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭД 750 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Салбарын сайддаа гомдлын мөр тээсэн тухай асуудал ингээд дуусахгүй. “Ургах наран” хорооллын зүүн талд аль хэдийнэ сүндэрлэчих ёстой 600 айлын “Ахлагч” орон сууцны хороолол Б.Бат-Эрдэнэ сайдын “буянаар” таг гацчихаад байна. “Ажнай” Д.Бат-Эрдэнийг Батлан хамгаалахын сайд байх үед цэргийн албан хаагчдын “Ахлагч” орон сууцны хороолол барих төслийг эхлүүлж байв. “Ургах наран” хорооллын зүүн талд босох 600 айлын орон сууцыг барих ажлыг “Тод сүндэрэл” компани 2013 оноос эхлүүлжээ. Хүүхдийн цэцэрлэг, халаалтын зуух, спорт цогцолбор, 400 машины зогсоолтой цогц хороолол. Цэргийн албан хаагчдын хувьд хамгийн боломжтой шаардлагыг ч компанийн зүгээс тавьсан байна. Ам метр тутам нь 888 мянган төгрөг. 45 ам метр талбайтай байрыг 40 сая төгрөгөөр авах боломжтой. Оршин суугчид урьдчилгаа 20 сая төгрөгийг өөрийн нэр дээр дансанд нэг жилийн хутацаагаар хадгаламжид хийчихэд л болно. Цэргийн албан хаагчдын хувьд зах зээлийн үнээс хямд байртай болохыг илүүд үзэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд явах хүсэлтэй албан хаагчдын тоо эрс нэмэгджээ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирэхэд байрныхаа урьдчилгаа мөнгийг олох боломжтой. Үүнийг ч Зэвсэгт хүчний жанжин штаб, төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс дэмжиж иржээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс хорооллын дэд бүтцийг шийдвэрлэх болон Засгийн газраас батлагдсан урьдчилгаа төлбөрт дэмжлэг үзүүлэх журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг хүлээжээ. Нэг ёсондоо салбарын яамны зүгээс гэсэн үг. Ийнхүү Д.Бат-Эрдэнэ сайдын үед эхэлсэн төсөл Ц.Цолмон сайдын үед ч үргэлжилсэн байна. Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон уг төслийг дэмжиж, дэд бүтцийн ажлыг эхлүүлэхэд 250 сая төгрөгийг шийдвэрлэж өгчээ. “Тод сүндэрэл” компанийн зүгээс уг хөрөнгөөр хорооллын цахилгааныг тавьж, эхний орон сууцуудыг барьж дуусгажээ. Одоо төслийг үргэлжлүүлэхэд 750 сая төгрөг шаардлагатай болсон байна.

…төслийг санхүүжүүлэх хөрөнгө Батлан хамгаалах яам, улсын төсвөөс гардаггүй юм байна. Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргээ илгээдгийг дэмжин НҮБ-аас cap бүр нэг сая ам.долларыг манай улсад шилжүүлдэг аж…

Энэхүү хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг Б.Бат-Эрдэнэ сайдаас хэдэнтээ хүсчээ. Гэвч одоог хүртэл ямар нэгэн шийдвэр байхгүйгээс барилгын ажил таг гацчихаад байгаа аж. Үүнээс үүдэн “Ахлагч” хороололд орохоор урьдчилгаагаа төлсөн албан хаагчид ч хүлээлтийн байлалтай өдөр хоногийг өнгөрөөж байна. Үнэндээ төслийг санхүүжүүлэх хөрөнгө Батлан хамгаалах яам, улсын төсвөөс гардаггүй юм байна. Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргээ илгээдгийг дэмжин НҮБ-аас cap бүр нэг сая ам.долларыг манай улсад шилжүүлдэг ажээ. Нэг жилд 52 тэрбум төгрөг НҮБ-аас орж ирдэг юм байна. Уг хөрөнгө Монгол Улсыг зэр зэвсгээ сайжруулах, шинэчлэх, цэргийн албан хаагчдыг сургах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зориулалттай байдаг аж. Тийм ч учраас “Ахлагч” төслийн эхний 250 сая төгрөгийг энэ хөрөнгөөс гаргуулжээ. Одоо шаардлагатай байгаа 750 сая төгрөг ч уг хөрөнгөөс гаргах боломжтой гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас үзэж дэмжжээ. Гэтэл сайдын өмнө очоод энэ асуудал замхраад байгаа нь хачирхалтай. Сайд дэмжчихвэл өнөөдөр ч энэ төсөл үргэлжлэх боломжтой юм байна. АН-ын үеэс суурийг нь тавьж сөрөг хүчин МАХН-ын сайдын үед ч дэмжигдэн үргэлжилж ирсэн “Ахлагч” орон сууцны төсөл эрх баригч намын үед ингэж зогсох нь олон нийтэд, цэргийн албан хаагчид, тэдний ар гэрийнхэнд хүнд цохилт, басхүү үл итгэлийг бий болгож байна.

Эдүгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үе ид өрнөж байна. МАН-ын нэр дэвшигч М.Энхболд “Эвтэй Монгол, ээлтэй төр” уриатай сонгуульд өрсөлдөж буй. Тиймээс нэр дэвшигчийн энэ уриагаар эрх баригчдын үг, үйлдлийг үнэлж, цэгнэж болно гэсэн үг. Тэгвэл цэргийн албан хаагчдынхаа бүх хангамж, урамшууллыг хасчихаад, дээр нь орон сууцтай болох эрхийг нь хазаарлаад сууж байгаа үйлдлийг ээлтэй төр гэж үзэж болох уу?

Зууны мэдээ
Б.Зориг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.