Саудын Араб улс Катарт хоол хүнс, эмнэлгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэж мэдэгдлээ

f3b054c7e23d9cfdd25241f7eb637374_x3Саудын Араб улс шаардлагатай бол Катарт  хоол  хүнс,  эмнэлгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байна. Энэ  тухай  тус улсын  гадаад хэргийн  сайд Адель Аль Жубейр  мэдэгдсэнийг “Скай Ньюс  Арабиа” мэдээлсэн юм. Энд тэмдэглэснээр тусламжийг хаан Салманы аврах,  хүмүүнлэгийн тусламжийн  төвөөр дамжуулан  олгохоор төлөвлөж буй юм байна.

Саудын Арабын Гадаад хэргийн сайд Аль Жубеир АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзсаныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн  бага хурал дээр ийнхүү мэдэгдсэн байна.  Тэрбээр  Саудын  Арабын  Катарт  зарласан  бойкот бол бүслэлт  биш  гэдгийг онцлон  тэмдэглэжээ. Мөн  Катарын боомтууд,  нисэх  онгоцны буудлууд  нээлттэй  байгаа.  Гэхдээ Саудын  Араб улс  Катарын  хөлөг онгоцууд,  нисэх онгоцуудыг нутагтаа  нэвтрэхийг нь  хориглосон гэж тайлбарласан байна.

Катартай холбоотой асуудлаарх дараагийн  алхам, шийдвэр  хэт даврагчдыг  дэмжихээ,  тусгаар улсуудын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохоо  зогсоо гэдэг  шаардлагуудын хариуд  Доха ямар  арга хэмжээ авах  эсэхээс  шалтгаалахыг  Аль  Жубейр сайд мэдэгдсэн  юм. Энэ сарын эхээр  буюу  зургаадугаар сарын  5-нд  Саудын  Араб,  Арабын нэгдсэн Эмирт улс,  Бахрейн,  Египет  улс Катараас  дипломат харилцаагаа  таслаж  байгаагаа зарласан.

Булангийн араб орнууд Дохаг терроризмыг дэмжигч,  дотоод хэрэгт нь хөндлөнгөөс  оролцож байна гэж буруутгасан  юм.  Дээрх улсуудын араас Мальдив, Маврики, Мавритани улс Катараас дипломат харилцаагаа тасласан. Мөн Иордан, Жибути  Катар дахь  дипломат  төлөөлөгчийн газрынхаа  түвшинг бууруулсан.  Сенегал, Нигер, Чад  улс Элчин сайдуудаа  эргүүлэн татсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.