НЗДарга С.Батболд танаа: 1080 айлын хүүхдүүд тоглоомын талбайгаа барилгын компанид булаалгалаа

14974966675941fc5bde372Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамжинд байрлах “Шинэ Өргөө” хотхоныг “Ар Ий Си” ХХК  барьж ашиглалтанд оруулсан бөгөөд анх уг хотхоныг 22 орон сууцны барилгатай, хойд хэсэгтээ 1650м.кв талбайд автограж бүхий тоглоомын талбай, орон сууцны байрнуудын дунд 1300 м.кв талбайд мөн автогражтай тоглоомын талбай, урд хэсэгтээ 320 сурагчийн дунд сургууль, оффис үйлчилгээний төв, сургууль, үйлчилгээний төвийн дунд усан оргилуур бүхий  ногоон байгууламж байхаар төлөвлөн батлуулжээ.

Энэ төлөвлөгөөний дагуу хотхоноо барина хэмээн, барилгын төлөвлөлтийн хувьд хотхоны орчны 70%-д ногоон байгууламж, 2-3 хүүхдийн тоглоомын талбайтай, агаарын солилцоо, нарны тусгалыг зохистой түвшинд хүргэх, хотхон дотроо сургууль цэцэрлэгтэй, хамгаалалтын алба, хяналтын камер, цагдаагийн хэсэгтэй байх зэргээр оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн анхны А3 (агаар, амар, амгалан) стандартын хороолол гэж реклам, сурталчилгаа хийж,  худалдан борлуулсан. Дээрх реклам сурталчилгааны ачаар тус хотхоны барилга сайн борлогдон, ихэвчлэн хүүхэдтэй иргэд байр худалдан авч, ихэнх оршин суугчид байрандаа орсны дараа “Ар Ий Си”ХХК нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын албан тушаалтнуудтай хуйвалдан оршин суугчдад мэдэгдэлгүйгээр хотхоны орчны ерөнхий төлөвлөгөөг 2014,2015 онд өөрчлөн батлуулсан байжээ. “Ар Ий Си”ХХК нь 2016 онд  тус хотхоны 609, 610 дугаар байрны урд талд хүүхдийн тоглоомын талбай баригдана гэж сурталчилж байсан газар дээрээ барилгын суурь ухаж эхлэх үед оршин суугчид НХТЕТГ-т гомдол гаргахад тус газрын орлогч дарга Ш.Уртнасангийн гарын үсэгтэй 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05/277 дугаар албан бичгээр “… 6370 м.кв газрыг БСШУЯ-нд үнэ төлбөргүйгээр шилжүүлж төлөвлөгдсөн орон сууцны 4ш барилгыг хасаж 1 барилгыг шилжүүлэн төлөвлөж 2012, 2014, 2015 онд тус тус ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан байна” гэсэн хариуг ямар нэгэн тамга тэмдэггүй, хаанаас юунаас хуулбарласан нь ойлгомжгүй зургийн хамт өгчээ.

 

 

Тус зургаас өмнө нь хотхоны урд хэсэгт төлөвлөсөн байсан дунд сургуулийг хотхоны хойд хэсэгт шилжүүлсэн байх бөгөөд НХТЕТГ-ын хариунд дурдсанчлан 4ш барилгыг хасаж, 1 барилгыг шилжүүлэн төлөвлөсөн бус харин үнэн хэрэгтээ 5ш орон сууцны барилгыг хотхоны урд хэсэгт нэмж төлөвлөсөн нь тодорхой харагдана. НХТЕТГ нь “Ар Ий Си”ХХК-д  5 ш орон сууцны барилга нэмж төлөвлөж өгсөн атлаа  “4 ш барилгыг хасаж, 1 барилгыг шилжүүлсэн” гэж бодит байдалд нийцэхгүй тайлбар өгч, дээрх албан бичигт “Иймд тус баригдаж буй орон сууцны 20 айлын барилга нь шинэчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан  бөгөөд холбогдох баримт бичиг бүрэн “Шинэ Өргөө” хотхоноор нь барьж дуусгах 497/2013 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй болно” гэж бичсэн, харин хавсаргаж өгсөн зургаас харахад шилжүүлэн төлөвлөсөн гэх барилга нь 40 айлын барилга болох нь хэн ч харсан ойлгомжтой юм. Түүнчлэн НХТЕТГ нь 2016 онд дээрх албан бичгээр “хотхоноор нь буюу 609, 610 дугаар байрны урд талд барьж буй барилгыг барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй” мэтээр оршин суугчдыг төөрөгдүүлж уг барилгын ажлыг зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй, харин НМХГ-аас шаардлага хүргүүлснээр уг барилгын ажил түр зогссон боловч 2017 оны 5 дугаар сарын сүүлчээс дахин барилгын ажлаа үргэлжлүүлэх үед оршин суугчид эсэргүүцэн НХТЕТГ-т очиж шаардахад арга буюу барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй болохыг хүлээн зөвшөөрч, шаардах хуудсыг 2017 оны 5 дугаар сарын 30 өдөр “Ар Ий Си”ХХК-д хүргүүлжээ.

НХТЕТГ-аас ийнхүү шаардах хуудас хүргүүлсэн, оршин суугчдын гомдлоор НМХГ-аас байцаагч ирж мэдэгдэх хуудас өгч, зөвшөөрлөө шалгуулахыг шаардсан боловч “Ар Ий Си” ХХК нь барилгын ажлаа үргэлжлүүлсээр байсан тул оршин суугчид НХТЕТГ, НМХГ-т дахин гомдол, шаардлага гаргасны үндсэн дээр “Ар Ий Си”ХХК нь барилгын ажлаа арга буюу зогсоожээ. Одоо НХТЕТГ нь уг зогсоосон барилгыг төлөвлөгдсөн 20 айлын барилга мэтээр эсхүл уг барилга төлөвлөгдөөгүй мэтээр өөр өөр тайлбар өгдөг, гаргаж өгдөг төлөвлөлтийн зургууд нь ч мөн зөрүүтэй  байх бөгөөд орлогч дарга Ш.Уртнасангийн гарын үсэгтэй дээрх албан бичигт хавсаргаж өгсөн зурагт тусгагдсан, шилжүүлсэн гэх 40 айлын барилга нь тус газрын мэдээллийн санд тусгагдаагүй болох нь оршин суугчдын Мишээл худалдааны төвд байрлах Нийслэлийн иргэдэд үйлчлэх  төвөөс 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр авсан зурган мэдээллээс тодорхой харагдана.

“Шинэ Өргөө” хотхоны оршин суугчид НХТЕТГ-ын орлогч дарга Ш.Уртнасантай уулзаж энэ талаар тодруулахад “тус хотхоны ерөнхий төлөвлөгөөний талаар анх удаа сонсож байна, огт мэдэхгүй” гэж хариулсан бөгөөд оршин суугчдын уулзсан тус газрын ажилтнууд “мэдэхгүй, надад хамаагүй” гэх нь хачирхалтай. Түүнчлэн НХТЕТГ нь хотхоны урд хэсэгт төлөвлөгдсөн усан оргилуурыг хотхоны хойд хэсэгт буюу 619,620 дугаар байрнуудын хооронд шилжүүлэн төлөвлөснөө 2015 онд “Ар Ий Си”ХХК-ийн хүсэлтээр мөн л оршин суугчдад мэдэгдэлгүй өөрчлөн оронд нь үйлчилгээтэй албан конторын барилга төлөвлөж, орон суугчдад хэрэгцээтэй, тав тухтай амьдрахад зориулагдсан дугуйн зам, спорт талбай, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай зэрэг бүхий л байгууламжуудыг үгүй хийсний “үр дүнд” оршин суугчид амарч нарлах газаргүй, нялх хүүхдээ тэвэрч замын хашлага бараадан, хүүхдүүд машины зам дээр тоглож,  хотхонд байгаа цорын ганц тоглоомын талбайд тоглохын тулд хүүхдүүд дугаарладаг төдийгүй тийшээ очих замдаа хүүхэд  осолд орсон  тохиолдол удаа дараа гарч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна. Оршин суугчид удаа дараа гомдол гаргасны эцэст 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 08/1953 дугаар албан бичгээр “ДТ 15/208 дугаартай контор, үйлчилгээний барилгын зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсныг цуцлах болсныг мэдэгдэх” албан бичгийн хуулбарыг хариу болгон өгсөн боловч одоо хүртэл уг архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан НХТЕТГ-ын даргын тушаал гарсан эсэх нь тодорхойгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих