24 баримт: 1 сая ам доллараас татгалзсан Г.Доржзодовын эргэн тойронд юу болов

Өнгөрсөн 2016 оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа бичлэг цацагдсан билээ. Тус бичлэгийг Г.Доржзодов гэх залуу нийтэд ил болгосон юм.  Түүнийг өчигдөр цагдаагийн байгууллага өөрийн хамгаалалтадаа авсан. Гэхдээ тэрбээр үүнийг хамгаалалт гэж үзэхгүй байгаа бөгөөд “Эрх баригчид дарамталж байгаа. Бичлэгийг эвлүүлэг байсан гээд гарын үсэг зурчихвал 1 сая ам доллар өгье гэсэн” хэмээн мэдэгдсэн  Ингээд 60 тэрбум төгрөгийн талаар бичлэг хийсэн Г.Доржзодов гэж хэн бэ, түүний эргэн тойронд чухам юу болсон талаарх “24 баримт”-ыг хүргэж байна.

avvsr4cqg96e7mrt0g9i8ptofГ.Доржзодов гэж хэн бэ?

Баримт 1:  Түүнийг Ганболдын Доржзодов гэдэг.

Баримт 2: Эхнэр нэг хүүхэдтэй. Өөрийг нь шалгаж, тагнаж буй асуудлаас болж гэр бүлээ Улаанбаатараас явуулсан.

Баримт 3: Түүний эцэг эх Дархан-Уул аймагт амьдардаг. Тагнуулын байгууллагынхан түүний эцэг, эхийн гэрийн ойр тойрноор ч эргэлдэж байгааг тэрбээр мэдэгдэв.
Баримт 4: Түүнийг “Тагнуулд Баяраа, Лекторд Болд, 60 тэрбумд Доржзодов” хэмээн нэрнийх нь талаар олон янзийн мэдээлэл гарсан.
Баримт 5: “Херо”-гийн Б.Баатар түүний иргэний үнэмлэхийг дэлгэв.

un261dtlv01ucp2ojf8np6bfoБаримт 6: Г.Доржзодов нь ОХУ-ын нэгэн Их сургуулийн Улс төр судлаачийн ангийг дүүргэсэн
Баримт 7: Төгсөж ирээд Стратегийн судалгааны хүрээлэнд мэргэжилтнээр ажилласан.
Баримт 8: Үүний дараа нэгэн хувийн компанид багагүй хугацаанд ажилласан. Цахимд тавигдсан мэдээллээр бол “Нова стандарт” компанид ажилладаг байж.
Баримт 9: Тэрбээр Төрийн албанаас 60 тэрбум төгрөг босгох талаарх бичлэгийг өөрийн албан ёсны @drop­mires гэсэн цахим хаягаараа дамжуулан тараасан юм.
Баримт 10: Түүнийг Монголын Сноуден, Жулиан Ассанж хэмээн нэрийдэж эхлэв.

 

“60 тэрбум” хэрхэн задрав

uikng0g0h68ogcj955qi82250Баримт 11: Тэрбээр 2016 оны 6 дугаар сарын 17-нд 90 минутын бичлэгээс гурван хэсгийг нь тасдан авч www.soundcloud.com сайтад нээлттэй байршуулжээ.
Баримт 12: Тухайн үед МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан хэвлэлийн бага хурал хийж, нийтэд бичлэгийг дүрсжүүлэн тараасан.
Баримт 13: Мөн АН хэвлэлийн хурал хийж, УПЕГ, АТГ, ЦЕГ-т хандаж байгаагаа мэдэгдсэн.
Баримт 14: Түүнчлэн Ц.Сандуй МАН-ын төв байрны үүдэнд яаравчлан мэдэгдэл хийсэн ч үүний дараа МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал зарлаж, Ц.Сандуйн хийсэн мэдэгдлийг эрс үгүйсгэсэн.

 

Хэрэг хэрэгсэхгүй болсон түүхүүд

3jnsfrec3m5u5ra3sl0pus5upnБаримт 15: Хууль хяналтын байгууллага дээрх асуудлыг шалгаж эхэлсэн ч Г.Доржзодовыг наймдугаар сарын 2-нд нийслэлийн Прокурорын газар дээрх саналын дагуу эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 208 дугаар тогтоол гаргасан.
Баримт 16: Ингээд Г.Доржзодовыг саатуулж, улмаар сар гаруйн дараа буюу 9 дүгээр сарын 28-нд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнийг анх Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэсгийнхэн баривчилж байжээ.
Баримт 17:  Харин 2 дахь удаад нь “Ариг” банкаар үйлчлүүлж байхад нь А.Ганбаатарын гаргасан гомдлын дагуу ТЕГ-ын долоон ажилтан саатуулсан байна.
Баримт 18: Г.Доржзодов Ц.Сандуй руу 2017 оны гуравдугаар сарын сарын 15-нд “Хэрэв надад болон миний гэр бүлд ямар нэгэн муу зүйл тохиолдвол бичлэг, ррт, эксель, зураг бүгдийг нь олон нийтэд дэлгэж нэр төрөө сэргээнэ” гэсэн мессэж илгээсэн байна.
Баримт 19: Эхнэр, хүүхдээ Улаанбаатар хотоос явуулж, Нийслэлийн прокурорын газарт орон байр, гэр бүлээ хамгаалалтад өгөөч гэж хүсчээ. Нийслэлийн прокурорын газраас “Энэ хүсэлтийг ТЕГ-т шилжүүл” гэсэн хариу өгсөн байна.

 

Хамгаалалтын талаар хэн, юу хэлэв

77a8tun0agmc3to6o6037rmaq3Баримт 20: Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр  энэ талаар “Цагдаа иргэн Г.Доржзодовын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтанд авсан байна. Ямар нэгэн баривчлах үйл ажиллагаа хийгдээгүй болно” хэмээн жиргэсэн.

 

Баримт 21: ЦЕГ-ын тэргүүн дэд дарга П.Батбаатар “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсанаас хойш Г.Доржзодов нь хоёр хоног “Иргэний хөдөлгөөний тэргүүн” Г.Баасангийн гэрт байрлаж, тэндээсээ янз бүрийн мэдээлэл нийтэлж ард иргэдийн төөрөгдүүлсэн. Сүүлийн дөрөв хоногт нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт байрлаж, худал мэдээ мэдээлэл зохион байгуулалттай цацсан нь тогтоогдоод байна. Г.Доржзодовыг ийм үйл ажиллагаа зохион байгуулах ажиллагааг явуулж байгаа хүмүүсийн зүгээс эсвэл нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхээс эсэргүүцэж байгаа хүмүүсийн зүгээс амь бие эрүүл мэндэд нь халдах байдал тогтоогдож болзошгүй гэх мэдээ мэдээлэл бодитойгоор авагдсан болохоор цагдаагийн байгууллага хамгаалалт нь авах нь зөв гэж үзсэн. Цагдаагийн байгууллага хуулиараа ЭБША-ны оролцогчдыг хамгаалалт авах үүрэгтэй. Энэ дагуу хамгаалалт авахаар өөрт нь мэдэгдэж, хамгаалалт авч байгаа. Түүнээс биш энэ хүнийг баривчлах ямар нэгэн үйл ажиллагаа болоогүй” гэв

 

Баримт 22: МАН-ын сонгуулийн штаб “60 тэрбум төгрөгийн асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө УИХ дахь АН-ын бүлгийн хэвлэлийн хурлаар мэдээлж, эвлүүлэг, бичлэг үзүүлсэн байдаг. Энэ үеэрээ “Хэрвээ Энхболд дарга зөвшөөрвөл чамайг алвал ч алчихна даа” гэж С.Ганбаатар хэлсэн гэдэг яриаг гаргаж эхэлсэн. Түүний дараагаар иргэн Г.Доржзодов өөрийн хуудсаараа дамжуулаад миний амь насанд аюул учирлаа гэдэг мессэжийг олон нийтэд хүргэхээр зохион байгуулалттай явуулсан байгаа.  Мөн үүний дараахан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэболдын найз гэх, АНУ-д амьдардаг, Дэлхийн банкны төсөл дээр ажилладаг залуу “Хэрвээ иргэн Доржзодовын амь насанд аюул учирсан тохиолдолд энэ хариуцлагыг “Энхболд, Ганбаатар, Сандуй, МАН хариуцах ёстой” гэсэн зүйлийг олон нийтэд мэдээлсэн.

 

Үүнтэй холбоотой манай намын ахмад зүтгэлтэнгүүд бидэнд “Гадаадын улс оронд болдог сонгуулийн технологитой ижил хэлбэрээр, өөрсдийнх нь зохиосон сонгуулийн хар пиарын ажил явагдаж байна. МАН болон МАН-аас нэр дэвшигч үүнд анхаарлаа хандуулахгүй бол болохгүй”  гэж сануулж, болгоомжлуулсан юм. Тиймээс бид иргэн Доржзодовыг монголын төр, төрийн өмнө үүрэг хүлээсэн байгууллага хамгаалалтдаа авах зайлшгүй шаардлага учирч байгаа учир анхаарал хандуулсан. Тиймээс бид хуулийн байгууллагад хандан иргн Г.Доржзодовыг хамгаалалтад авахыг хүссэн. Хэн нэг жүдогийн тамирчин иргэн Доржзодовыг цохисон байлаа гэхэд өрсөлдөгч хүчний зүгээс “МАН зохион байгууллаа” гэх үндэслэлтэй. Тэр ч үүднээс ЦЕГ, ТЕГ-т манай намын төв штабаас хүсэлт хүргүүлсэн” гэв.
Баримт 23: АН-ын дарга С.Эрдэнэ “60 тэрбумын тухай ярьж буй 90 минутын бичлэгийг ил болгосон эх оронч залуугийн эрх чөлөөнд халдах, түүнийг баривчлах үйлдэл хийж байгаа цагдаа, хүчний байгууллагын удирдлагуудад эгдүүцэж, харамсч байна. Хуулийн байгууллагынхан энэ залууг баривчлах биш хамгаалалтад авах ёстой. Төрийн тогтворгүй байдлыг бий болгосон, Монголын төрийг худалдсан гэмт бүлэглэлийг баривчилж шалгахын оронд гэмт үйлдлийг илчилсэн эх оронч аавын хүүг дарамталж байгаад үнэхээр харамсч байна. Энэ хүүг баривчлах, ял оноох битгий хэл Монгол Улсын баатар цол өгсөн ч багадахаар гавьяа байгуулсан гэж би хувьдаа үзэж байгаа. Манай АН-ын удирдлагууд ч ингэж үзэж байна” гэв.

 

Баримт 24: Г.Доржзодовыг гэртээ байлгаж байгаа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Өнөөдөр өглөө манай нөхөр над руу утасдаад, гэрийн гадаа олон цагдаа ирчихсэн байна, юу болж байгаа юм бол гэж асуусан. Би 60 тэрбумын хэргийн гэрч болсон, хэргийг илчилсэн Г.Доржзодов гэдэг залууг гэртээ байлгаж байсан. Нөхрөө утсаар ярихаар нь Доржзодовтой ярья гээд, ярьсан. Гэтэл Доржзодов “Өглөөний 04:00 цагаас эхлээд танай гадаа цагдаа нар бөөгнөрч эхэлсэн. Зураг нь энэ байна” гээд над руу явуулсан. Зургийг нь үзэхэд, манай гэрийн хашааг ар талаас нь давж орж ирээд, дотуур бүслэлт хийсэн байсан. Мөн хашааны гадна талаар бүслэлт хийсэн. Хотхоныг тэр чигээр нь бүсэлсэн байсныг зургаас харсан. 

 

Тэр даруй би Доржзодовын өмгөөлөгчтэй ярьсан. Тэгэхэд дотогшоо орж чадахгүй байна. Хэнийг ч оруулахгүй байна гэсэн. Харин сүүлд нь сэтгүүлч Мөнхбаясгалан шууд дамжуулалт хийгээд, юу болж байгааг хүмүүст үзүүлсэн. Гэтэл Доржзодовыг хамгаалах гэж цагдаа явуулсан гэсэн мэдээллийг МАН-ын зүгээс хийж эхэлсэн. Гэрчийг ингэж хамгаалдагүй юм. Эхлээд тэр хүнийг гэрчээр татах ёстой. Одоохондоо тэр залууг хэн ч гэрчээр татаагүй байгаа. Яагаад гэвэл хэрэг хийсэн хүмүүст хавтаст хэрэг үүсгэж байж Доржзодов гэрч болж, гэрчийн хамгаалалтад орох ёстой. Яг одоогийн байдлаар60 тэрбумын хэргийн буруутнуудад хэрэг үүсгээгүй учраас Доржзодов гэрчийн хамгаалалтад орж чадахгүй. Харин одоо түүнийг сэжигтнээр татаж, байцаалт авахыг оролдож байна. ТЕГ, ЭЦГ сэжигтнээр татаж, хэрэг үүсгэчихсэн. Сэжигтнээр татна гэдэг өөрийг нь хэрэгтэн болгох гэж оролдож байгааг харуулж байгаа юм. Гэрчийг хамгаалалтад авахад прокуророос зөвшөөрөл авах ёстой. Гэтэл ямар ч прокурорын зөвшөөрөл байхгүй байна. Тиймдээ ч гэрчийг хамгаалах хуулийн дагуу хамгаалалтад орох боломжгүй байсан, тэр залуу. Тиймээс л би хөдөө явахынхаа өмнө хэнд ч хэлэлгүйгээр Доржзодовыг гэртээ үлдээгээд ирсэн.  Нөхөртөө манай хамаатны хүн гэж хэлчихээд гарсан.  Энэ хүнийг ингэж л хамгаалж байна” гэв.

 Эх сурвалж: 24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.