Зарлаагүй дайны төгсгөл буюу командлагчийн ‘урвалт’

7368527Өнгөрсөн өдрүүдэд номын сангаасаа нэгэн бүтээлийг шүүрэн  аваад, постпанк шүлгүүдэд нь шимтэн, цас бороог ч үл анзааран суухын зуур монголын яруу найргийн чиг хандлага, шинэчлэлийн тухайд нэгэн адгуу бодол төрснийг хуваалцахыг хүслээ. Нэгэнтээ би номны өмнөтгөл бичээгүйгээс хойш шүлгээс нь ишилж, санаагаа тулгахыг урьтал болгосонгүй. Тэрхүү номын төгсгөлд: Модернист фронт командлагч (хамгийн чухал нь) (С.Энхбаяр), Модернизмын архитекторч (Ж.Нэргүй), Монголын утга зохиолын үзэгдэл мөн (Б.Бадрал), Баатарын Галсансүхийн hyper-ертөнц (Г.Аюурзана), Тэр бол жинхэнэ яруу найрагч (Л.Өлзийтөгс) гэсэн илт ‘магтаал’-ын шинжтэй шүүмж, сэтгэгдлүүд хэвлэгдсэн байдаг.

Сайнаар харвал уран бүтээлчийнх нь хувиар түүнийг ингэж үнэлээд, итгэж найдаад “яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн”-д үджээ. Энэ цаг үе 90-ээд оны эхэн байлаа. Өрнө дахинд модерн урлагийн ‘гаж’ санаанууд дэлгэрч Эдвард Мане зургаа зурж, Г.Стайн, Т.Элиот, Каммингсын эрэлхийлэл, нээлтүүд хүн төрөлхтний оюун санааг цочроож, “сэтгэлийг хоослогчид” хэмээн цоллуулсан 1900-аад оны эхэн үетэй түүнийг зүйрлүүлдэг. Нийгэм, цаг үеийн өөрчлөлт, шинэчлэлтийн үрээр монголын уран зохиолд явагдсан туршиц, шинэчлэлийг 1920 он болон 1990-ээд оноос тод томруунаар харж болно.

ebccccb9b76ccd3foriginalИчмэг газраа халхлан гараа тавьсан, чармай шалдан зураг бүхий нимгэн шүлгийн түүвэр нь хэвлэгдэж, хүн судлалын экспрессионист, симболист, сонгодог авангард, экспериментал шүлгүүд шүүмжлэгчдийн зүгээс магтаал, урмын үг сонсож, уншигчдын нүдийг бүлтийлгэсэн тэр үе ч дээрхийн нэгэн адил шинэчлэл, эрэлхийллийн эхлэлтэй давхцдаг. Шилжилтийн үеийн уран зохиолд шинэчлэл хийнэ хэмээн зориглон дуугарсан тэдгээр хөвгүүд ч өдгөө үндэстний утга зохиолын ирээдүй хойчийг шийдэх насандаа хэдийнэ хүрчээ. Гэвч тус тусын замыг хөөж, ихэнх нь уран зохиолын ашиггүй замаас холдсон байна.

Ингэж ярихаар, үүнээс өмнөх хугацааг дан ганц соцреализмд хамаатуулж, магтаалын шүлэг, хувьсгалын дуугаар төсөөлж, модерн урлагийг туурвилын аргазүй мэтээр хүлээн авч болохгүй. Нийгмийн оюун санааг үзэл суртлаар угааж, усалж, урлагийг үзэл сурталд завшсан тэр онуудад ч уран зохиолын үнэлэмж хэмжүүрт нийцэхүйц бүтээл цөөн боловч бичигдсэнийг нь бид уншиж сууна. Тийм ч учраас монголчууд үндэстний утга зохиол, ялангуяа яруу найргийн туурвил зүйгээр хүний өмнө нүүр улайхааргүй нь л үнэн юмдаг. Харин нийтийн дунд ‘яруу найраг’ гэх ерөнхий нэрээр ойлгогддог, номын дэлгүүрийн лангуу дэрлэн нойрсогч хэвлэмэл шүлэглэлүүд энэ ярианы аль ч хэсэгт хамаарахгүй. Шинэчлэл, эрэлхийлэл, хэлний хөгжил, туршиц үзэгдлүүд орчин үеийн уран зохиолын анхдагчдын дунд ч өрнөснийг тэмдэглэх нь зүйтэй.  Харин, шууд утгаараа ‘шинэчлэл’-ийн тухай ярихад хүрвэл илтэд дорнын аяс бүхий Ванчинбалынхны дэг сургууль, орчин үеийн уран зохиолын туршиц, шинэчлэлийн анхдагч Д.Нацагдорж, 60-аад оны яруу найргийг унтаа байдлаас нь сэрээж, утга уянгын өнгө аясаараа эрс ялгарсан Б.Явуухулан, наашлуулж харвал Д.Нямсүрэн, Б.Лхагвасүрэн, Д.Урианхай гээд төгсөнө. Шинэчлэл, үзэгдэл бус сайн шүлгүүдийг түүвэл энэ жагсаалт цааш урт үргэлжлэх нь тодорхой. Үүнийг яруу найргийн эмхэтгэлүүдээс үзэхэд хангалттай. Харин бүтээл бүхлээрээ уран зохиолын үзэгдэл болон тодорч, үндэстнийхээ утга зохиолын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон нь цөөн биз.

Тэгвэл дээрх нэрс Б.Галсансүхээр үргэлжлэх үү?

Модерн хөдөлгөөн анхнаасаа ямар бодит зүйлд тэмүүлж, тодорхойлохыг оролдсонгүй. Ойлгомжгүй, утга учиргүй байдлаас утга учрыг хайх урлагийн шинэ хандлагын үечлэл болж хөгжсөний хувьд тэдэнд ч зорилго байж л таараа. Үүнийг дотоод сэтгэл, далд ухамсар, мэдрэмж зэрэг нүдэнд харагдаж, гарт баригдаж, бүрэн тодорхойлогдошгүй идеалуудаас өөрсдийн уран бүтээлийг дэгээдэн гаргагч үзэлтнүүдээр хүрээгээ тогтоосноос харж болно. Энэхүү явц эхэндээ хий хоосон хэлбэрдэлт, утгагүйтэл гэсэн зэмлэл шүүмжийг дагуулж байсан ч хүний ертөнцийн хөгжил хөдөлгөөн бидний дотоод мөн чанар, оюун санаанд хэрхэн тусч буйг илэрхийлэгч урлагийн хэлбэр болон төлөвшжээ. Яруу найраг дахь модернистууд дан ганц агуулга, утга санаагаар бус хэлбэр болон хэлээр эдгээрийг тодорхойлж болно хэмээн үзэж байлаа. Хүүрнэл зохиолын нарийн түвэгтэй дотоод бүтэц, яруу найрагчдын хэлний шинэ хандлага модерныг тунхаглахад чиглэсэн гэхэд хилсдэхгүй. Шүлэг юм уу, юу ч юм бэ дээ гэх мэдрэмжийг авангард найрагчдын шүлгээс мэдэрч болно. Бидний амьдарч буй ертөнцийн хэцүү бэрх, эрээ цээргүй, хатуу ширүүн бүхий л зүйлс яруу найрагчийн дотоодоос гарахдаа яруу найргийн хэлээр дамждаг гэсэн ойлголтыг модернистууд барьдаг. Энэ утгаараа түүний шүлгүүд соцреализмын яруу найрагт нэн элбэг хайрцаглал, толгой сүүл холбоц, улигласан тоочимж, дүр дүрслэлийг чухалчилсан тогтмол хандлагаас ямагт зайлсхийсэн нь бий.

527-1370777383galsanДавтагдсан зүйрлэлүүд, ингэхдээ утга агуулгын авцалдаат, эвсэл авцалдаагүй үгсийг хүртэл “мэт”-ийн давталтуудаар зүйрлэн холбодог, авангардуудын шүлэгт элбэг тохиодог үеэр таслалтууд, нэг мөрт бичсэн үгсээ үеэр таслан шад болгох, дүрслэлийн амьдчилал “онгоц шанаагаа тулан бодлогоширох”, гадаад үг хэллэг, Аллен Генсбергийн шүлэг шиг хэмнэлүүд, утгын кодууд гээд түүний шүлэгт модерн яруу найргийн “хэлний” бүхий л оролдлого хийгдсэн.  Ерөөсөө уран зохиол хэлний маш том үүргийг гүйцэтгэдэг. Авангардуудын эгнээг бүрдүүлэгч  өрнө зүгийн найрагчид ч эх хэлнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстойг чухалчилж, өөрсдийгөө “хэлний дайчид” хэмээн нэрийдсэний учир ийм. Халх аялгуунд уусаж буй буриад аялгууны үг хэллэгийг С.Эрдэнийн хүүрнэл зохиолуудаас хойш яруу найрагт шинээр нээсэн Галсансүхийн үзэгдлийг эх хэлний өмнө хүлээх хариуцлага мэтээр хүлээн авч болох юм. Түүнчлэн командлагчийн шүлгээс шинэчлэгдсэн аман зохиол, бөөгийн тамлага, уянгын яруу найргийн халил, Г.Стайн, Каммингс, Рэмбо, Элиот, Бродский, Панк рок дууг ч үзэж болно. Түүний шүлгүүдийг бүхэлд нь шинэчлэл гэж үзэх үү, эсвэл туршиц-бүтээл үү гэдэг асуудал армийн “командлагч” болтол нь дэвшүүлсэн магтаалтай цуг замхарчээ. Б.Галсансүх “шинэчлэгч”, “командлагч” мөн эсэх нь тийм ч чухал биш. Гэвч ямарваа урлагийн шинэчлэлд гол дүрийн, эрчимлэг баатарууд хэрэгтэй. Монголын уран зохиолд хэний ч хийж зүрхлээгүй “панк”-уудыг бүтээснээрээ тэр “шинэчлэгч”, энэ шинэчлэлээ магтаалаар хулдан орхисноороо тэр “шинэчлэгч” ч бас “удирдагч” ч биш.

Урлагийг урлан бүтээх чиг хандлагуудаар ‘тодорхойлон’ нэрийдсэн “Хүн судлал” (1992) ном ийм зүйл бичиж болдгоо хэмээн хүмүүсийг цочроож, “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн” (2003) шинэчлэл, яруу найргийн шинэ салхи сэвэлзсэнийг улам баталлаа, “Сэтгэл гэдэг эрхтэн” (2005) өөр эрэлхийллүүдийг багтаажээ гэх магтуу дүгнэлт цааш хөвөрч болох ч “Бурханд хэлэх зөвлөгөө: постпанк шүлгүүд” ном эцсийн буудал болчихлоо.

Эрхэм “командлагч”-ийн уран зохиолын үүд хаалгаар дуу шуутайхан орж ирсэн тэр үе нэгэнт мартагдаж, номнууд нь яруу найраг, утга зохиолын ярианы завсарт хааяахан хавчуулагдаж, өөрийг нь “Болор цом” хэмээх наадмын шүүгчийн суудлаас харж, улс төрийн шинжтэй цуурхлаас нэрийг нь сонсож суугаа минь яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн төгсгөөгүй дайныг сануулж, “командлагч”-ийн тухайд дахин бодоход хүргэсэн юм. Мэдээж Галсансүх хэмээх хувь хүний улс төрийн үзэл, амьдралын элдэв явдал бидэнд хамаагүй, харин тэр монголын уран зохиолын өмнө хүлээсэн үүрэгтэй.

Удирдагч ‘удирдагч’ хэвээрээ үлддэг. Тэгж чадаагүй нь дурсамж л болдог.

Монголын уран зохиолд хов яриа, хэрүүл уруулын бус үйл хэрэг, үзэг цаасаар командлагчид хэрэгтэй. Зуун жилийн дайнаа ч дуусгаагүй командлагч хаашаа жилийв. Мөнөөх “Улаан, цэнхэр дүрийн бурхаддаа зөвлөгөө өгч” суугаад хасагдаж, адлагдсан уран зохиолоо тоохоо байв уу? Муу эр дайнд хөөрөхийн үлгэрээр би дайныг хүснэм. Эрэлхийлэл, шинэчлэл, мэдлэг, мэдрэмжийн төлөөх оюун санааны их дайн. Тэр нь уран зохиолын төлөө бол уухайлан дэмжинэ.

Уртнасангийн Бямбаням


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.