90 саяын Б.Гансүх: Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн тухай хэлсэн, бичлэгийн үнэн тайлбар

9a3a18be6b01e652d31c607d9ccd0bf9Намайг Гансүх гэдэг. Хүмүүс намайг ихэвчлэн 90-саяын Гансүх гэдэг. Би амьдралдаа том алдаа хийж залуу сайхан насаа алдсан нь үнэн. Гэхдээ би одоо алдаагаа засан амьдрах гэж хичээж яваа жирийн л нэгэн эр хүн.

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2011-оны хавар Баасанхүү овогтой Гансүх над дээр жүжигчин Б.Амарсайхан ирж уулзаж таны амьдралаар кино хийх гэсэн юм гэсэн хүсэлт тавьсан юм. Ингэж кино хийнэ гэж санал тавьсан жүжигчин Амарсайхан, ерөнхий продюсер Уянгаа гэх мэт зарим хүмүүс тэр өдрөөс хойш нэг их удалгүй намайг студид авчирч миний амьдралыг судлах зорилгоор миний өнгөрсөн амьдралыг надаар 5 цаг орчим яриулсан юм.

Энэ үед продюсер эмэгтэй Уянгаа миний яриаг таслаж: Таны ээжийг үхлээ хүлээгээд хэвтэж байна гэсэн тухай нийтлэлтэй сонингийн тасархайг та олж хараад шоронгоос оргосон гэсэн гэхдээ та тэр нийтлэлийг хэн гэдэг ямар сэтгүүлч бичсэнийг олж мэдсэн үү? гэж надаас асуусан юм. Би мэдэхгүйгээ хэлэхэд тэр эмэгтэй үргэлжлүүлэн надад: Тэр нийтлэлийг сэтгүүлч Мөнхбаясгалан бичсэн гэсэн яриа байдаг шүү дээ гэж хэлсэн юм. Би энэ үгийг сонсоод үнэхээр гайхаж гомдсон. Учир нь 1998 он шиг санагдаж байна. Өвлийн хүйтэн өдөр шоронд надаас ярилцлага авах гэж сэтгүүлч бүсгүй Мөнхбаясгаланг ирэхэд нь шоронгийн удирдлага Мөнхбаясгаланд хандаж: Энэ газарт хэдийгээр шоронд эрхээ хасуулсан хүмүүс байгаа ч бид Гансүхийн өөрийнх нь саналыг сонсох ёстой, хэрвээ Гансүх таньд ярилцлага өгөхгүй гэвэл та тэрнээс ярилцлага авах боломжгүй, хэрвээ тэр таны хүсэлтэд зөвшөөрвөл та түүнээс ярилцлага авч болно гэсэн юм билээ.

Ингэж энэ сэтгүүлч эмэгтэй Мөнхбаясгалан нь Гансүх надаас авсан ярилцлагаараа тухайн үедээ “Оны шилдэг сэтгүүлч – Ган үзэгтэн шагнал” хүртсэнийг би зурагтаар харсан юм. Шоронд зурагт байдаг л даа. Түүний амьдрал дэвжин хөгжихөд нь ядарсан хоригдол (тухайн үедээ би хоригдол байсан) миний амьдрал тус хүргэсэн атал яагаад тэр эмэгтэй хэвтэрт байгаа хөгшин эхийн минь үхэх сэхэх тухай сонинд бичсэн юм бол доо гэж би гайхаж гомдсон.

Тэгээд энэ яриаг таслаад би киноны хүмүүст амьдралаа үргэлжлүүлэн ярьж эхэлсэн юм. Эргээд 15-орчим минутын дараа дахиад продюсер эмэгтэй Уянгаа надаас дахин ингэж асуусан юм. Тэр сэтгүүлч эмэгтэй шоронгийн атаман гэгдэх тэр талийгаач залуутай холбоотой байсан гэж сонссон тэр үнэн юм уу, та тэр хүнтэй нь хамт байсан уу? гэж асуусан юм. Энэ үед би ээжийнхээ хэрхэн нас барсан талаар яриад тайвширч амжаагүй байсан учраас хэдхэн хоромын өмнө ярьж байсан нөгөөх сэтгүүлч эмэгтэйн талаар дахин яриа сөхөгдөхөд тэдэнд хандаж: Би талийгаачтай шоронд бол хамт байгаагүй ганц худагт мөрдөнд бол нэг өрөөнд хамт байсан. Шорон дамжсан яриагаар бол холбоотой байсан гэнэлээ гээд өөрийнхөө сонссон зүйлээ л тэдэнд ярьсан юм. Энэ яриа минут орчим л болсон юм. Тэгээд би үргэлжлүүлээд зөвхөн өөрийнхөө амьдралыг тэдэнд ярьсан. Гэхдээ би тэдэнд анхааруулан хэлсэн. Би та нарт итгээд өөрийнхөө болон хүмүүсийн амьдралаас дурьдлаа та нар эндээс авах юмаа аваад энэ бичлэгийг устгана гэсэн биз дээ гэж лавлаж асуухад тэд бүгд тийм ээ тэгэлгүй яахав та битгий санаа зов гэж хэлж байсныг би одоо ч гэсэн тодхон санаж байна.

Ер нь бол ийм л юм болсон доо. Харин хэдэн жилийн өмнөөс интэрнэтэд “Гансүх сэтгүүлч эмэгтэйгийн талаар ингэж ярилаа” гэсэн тэр бичлэг цацагдаж эхлэхэд би их гайхаж санаа зовсон тэгээд тэр үед ажиллаж байсан киноны хүмүүсийг ямар итгэлгүй хүмүүс болохыг нь мэдэж маш их гомдож харамссан. Тэр бичлэгийг таслаж оруулсан байсан л даа. Тэгээд би шууд жүжигчин Амарсайхан уруу утсаар ярьсан. Тэр надад хэлэхдээ: Ганаа ах аа, дүү нь бол бүх бичлэгээ устгасан, энэ бичлэгийг Уянгаа эсвэл Төрмөнх л алдсан байх гэж хэлсэн. Би жүжигчин Амарсайханаас, сэтгүүлч эмэгтэй Мөнхбаясгалантай уулзуулж өгөхийг хүссэн. Амарсайхан надад тэрны гар утасны дугаарыг олж өгсөн. Гэхдээ тэр өөрөө маргааш тань уруу залгах байх аа гэж надад хэлсэн. Тэгээд би түүнийг эхэлж залгахыг хүлээсэн.

Маргааш нь тэр над уруу залгасан бид уулзахаар болсон. Харин тэр утсаар надад хандан: Би таны ээжийн талаар тэгж бичээгүй энэ бол үнэхээр худал мэдээлэл байна. Та тэр талаар зөвөөр ойлгох ёстой, харин би эмэгтэй хүн байж хэн нэгнийг хайрласныхаа төлөө яагаад ингэж доромжлуулах ёстой юм бэ? гэж хэлсэн. Би түүнийг маш сайн ойлгож, тэрний яриаг анхааралтай сонсож байлаа. Тэгээд тэр үргэлжлүүлэн надад харилцуурын цаанаас: Би таны ажил дээр маргааш очьё оо тэгэхдээ ганцаараа очно, тэгээд би танаас гар утсаараа видео бичлэг авьяа, та надад би сэтгүүлч Мөнхбаясгалангийн тухай яриагүй ээ, би тэс өөр Мөнхбаясгалан гэдэг хүний тухай ярьсан юм аа гээд хэлээд өгөөч гэсэн юм. Түүнийг тэгж хэлэнгүүт би татгалзаж тэрэнтэй уулзахыг зөвшөөрөөгүй юм.

Гэхдээ би сэтгүүлч Мөнхбаясгаланд хандаж хариуцлагатайгаар ингэж хэлсэн юм. Хэрвээ энэ бичлэг таны нэр хүнд сэтгэл санаанд хохирол учруулж байгаа бол надад бас яг адилхан байна. Тиймд та шүүхээр шийдвэрлүүлж болно шүү би ч гэсэн эзэн холбогдогчийг нь олж мэдмээр байна гэж хэлэхэд тэр надад ганцхан хариу өгч мэссэж бичсэн нь: Бүгдийг Бурханы шийтгэлд үлдээе гэсэн байсан. Ингэж бид дахин уулзаагүй юм.

Гэтэл энэ бичлэг одоо бүр янз бүрийн зүйлд ашиглагдаж хэрэглэгдэж байгаад би маш их харамсаж байна. Саяхан нэгэн сайтаас талийгаач залуугийн ээж Гэрэлмаа гэдэг хүний ярилцлагыг би олж уншсан. Тэр эмэгтэй намайг шүүхэд өгнө гэсэн байнлээ. Би тэр нийтлэлийг уншаад баярласан. Тэр эмэгтэй шүүхэд өгөөсэй билээ. Тэгвэл бүх зүйлийн үнэн мөн нь олдохсон доо.

Б.Гансүх

zuv.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.