Ерөнхий сайдын мэдэл дэх 7 яамыг дэмжих үү

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг  явагдаж байгаа.  Хэлэлцүүлгийг олон нийтийн дунд өрнүүлж, мөн цахимаар санал авах байдлаар үргэлжлүүлж байгаа юм.  Үндсэн хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах асуудлыг хөндөхөд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн нэлээн маргаан дагуулдаг. Учир нь УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламент дахь нам эвслийн олонх эвсэл олон суудалтайгаас үл хамааран Засгийн газраа бүрдүүлэхдээ яамдын тоо, бүтцийг байнга өөрчилдөг.   Ер нь Засгийн газрын бүтэц өнгөрсөн хугацаанд өргөн тэлж, яам, агентлагийн тоо нэмэгдсээр ирсэн.  Дээр нь Засгийн газрын гишүүд давхар дээлтэй байх эсэх гээд олон асуудал маргаан дагуулдаг.

 10247

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг үүргийг давхар хаших нь парламентаар асуудлаа шийдүүлэхэд эерэг талтай гэж үздэг хэдий ч сайдаар томилогдсон эрхэм парламентын үндсэн ажлаа хийхгүй, хуралдаандаа суухгүй цалгардуулах наад захын  асуудал үүсдэг.

Тиймээс ч парламентад аль нам олонх болсноос үл хамааран Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг  Үндсэн хуулиндаа тусгаж өгье гэсэн саналыг улстөрчид ч олон нийт ч дэмждэг.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд оруулах энэ удаагийн төсөлд дээр саналыг тусгажээ, уг нь.

Өнөөдрийн тухайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар 16 сайд 13 яамтай үйл ажиллагаагаа явуулж байна. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын бүтэц дэх үндсэн чиг үүргийг яамыг тусгайлан зааж өгсөн байна.  Үүнд:

-Хуульзүй долтоод хэргийн яам,

-Сангийн яам,

-Гадаад харилцааны яам,

-Батлан хамгаалах яам,

-Байгаль орчны яам гэсэн таван үндсэн чиг үүргийн яамтай  байхаар тусгажээ.

Харин Ерөнхий сайдад нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн долоон хүртэл яамыг нэмж байгуулахаар УИХ-д саналаа оруулах эрх олгох аж.

Төсөлд тусгасныг өнөөдрийнхтэй харьцуулахад Засгийн газрын бүтэц хумигдсан хийгээд тэлсэн зүйлгүй. Гэхдээ тээр жилийнх шиг  18 сайд, 16 яамтай данхайж байснаас чиг үүргийн яамдыг Үндсэн хуулиндаа тусгасан нь зүйтэй биз. Хэрвээ дээрх хуулийн төсөл батлагдвал дараа дараагийн Ерөнхий сайд өөрийн мэдлийн яамыг байгуулахаар  хуульд заасан дээд хэмжээнд  нь УИХ-д саналаа оруулах нь мэдээж. Учир нь аль үеийн Ерөнхий сайд намынхаа мэдэлд байдаг, нам олон мянган гишүүнтэй. Тэд сонгуулиар намдаа хүчин зүтгэснийхээ шанг Засгийн аль нэг албан тушаалд томилогдсоор хүртэх чин хүсэлт өвөрлөдөг.

Харин “давхар дээл”-ийн тухайд Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний 3/1 нь УИХ-ын гишүүн байж болохоор төсөлд тусгажээ.  Гэхдээ энэ заалт олон нийтийн хэлэлцүүлгээр дэмжлэг авах хэдий ч  парламентаар хэлэлцүүлэхэд  батлагдах  эсэх нь эргэлзээтэй. Улстөрчид парламентын гадна байхдаа асуудлыг нийгмийн талд, “эрүүл”-ээр сэтгэдэг. Учир нь өөрөө ч тухайн үедээ энгийн иргэн болсон байдаг. Харин парламентад сонгогдсоны дараагаар асуудлыг томруулдаг шилний цаанаас харж, шилэн дансны өмнүүр ч хөшиг татахыг эрмэлзэж, эрх ашгийн зөрчил үүсдэг талтай. Тиймээс өнөөдрийн гэлтгүй аль ч парламентын үед дээрх заалтыг хэлэлцэхэд шууд дэмжигдээд явна гэсэн баталгаа байхгүй. Юутай ч хуулийн төсөлд тусгагдсан нь сайшаалтай. Хэрвээ дээрх заалт дэмжигдвэл  үндсэн чиг үүргийн яамыг “давхар дээл”-тэй гишүүд буюу УИХ-ын гишүүд тэргүүлэх биз.

Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар Ерөнхий сайдыг огцруулах саналыг гишүүдийн 4/1 буюу 19 гишүүн өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ хэлэлцэн шийдвэрлэдэг. Энэ заалт хэвээр үйлчлэх аж.  Ингээд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг гишүүдийн олонх нь дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг 7 хоногийн дотор хэлэлцэн томилохоор хугацаа зааж өгсөн байна.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд тусгаж өгснөөр цаашид бүрэн эрхийн хугацаанд тогтвортой ажиллуулах нөхцөл бүрдэж, төрийн бодлогын уламжлалт  холбоо сайжирна гэж хууль санаачлагчид үзэж байгаа.

Ямартай ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг есдүгээр  сарын 15-ны хүртэл үргэлжилнэ.  Тиймээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд тусгах эсэх нь хэлэлцүүлгийн үр дүнгээс  ихээхэн хамаарах юм.

Н.Энхлэн

http://www.shuud.mn/content/read/485550.htm


URL:

Сэтгэгдэл бичих