Бөхчүүдийн онигоонуудаас

1499817443596565e38bb5bМотор нь халчихлаа
Баяр наадмын бэлтгэлд гарсан улсын заан Д.Мягмар өөрийнх нь сахлын машинаар сахлаа хусч байсан заан Д.Хишигдоржийг хараад шогломоор санагджээ.
-Хөөе, одоо болно. Талбай ихтэй, мотор нь халчихна ш дээ гэж хэлж бөөн инээдэм болж байсан гэдэг.

Хөл залгуулсан нь
Д.Мягмар заан улсын баяр наадмын өмнөхөн гэр бүлээ эргэж тойрохоор нийслэлийн хойд зүгт орших Жигжид зусланг зорьж. Зам дагуу хүн, амьтан ер үзэгдэхгүй, нэг л эл хуль байгаад байх юм гэнэ. Тэгтэл ашгүй нэг дугуйтай хүн гараад иржээ. Заан ч ихэд олзуурхан гараа өргөтөл дугуйтай хүн зогсоод ихэд танимхайрч, хэрдээ л хөл алдсан байна. Дугуйчин зааныг ардаа сундлаад цааш хөдөлж нэлээд явжээ. Гэтэл зааны шөрмөс татчихаж. Хэсэг хугацаанд хөлөнд нь иллэг хийсэн дугуйчин “Наадмын бэлтгэлээ сайн хийхгүй байгаа юм уу. Зуслан хэсэхээ болимоор юм. Сайн явган явах хэрэгтэй” гэчихээд орхиод явчихжээ.

Хуушуур хийсэн бол ч…
Говьсүмбэр аймгийн уугуул, улсын арслан Д.Азжаргал хэдэн жилийн өмнө үндэсний бөхийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор нийслэл хотноо ирж. Нэгэн бэлтгэлийн дараа нэлээд өлссөнөө мэдэрч, ахиухан махтай хоол хийж идэхээр шийджээ. Хоолоо хийж байгаад нөгөө өрөөндөө ороод мартчихаж. Гэнэт хиншүү ханхлаад явчих нь тэр. Галын өрөө рүүгээ гүйгээд ортол хуурга нь түлэгдээд идэхийн аргагүй болсон байж гэнэ. Ихэд өлссөн Азжаргал “Хайран хуурга маань хайрга болчихож. Хуушуур хайрсан бол ядахдаа гурил нь түлэгдээд мах нь үлдэх байсан байх даа” гэж халагласан гэдэг.

Чамд бол нударганы татлагатай
Төрийнхөө их баяр наадамд хоёронтаа үзүүрлэсэн Увс аймгийн уугуул, улсын арслан Мядагийн Мөнгөн мэргэжлээрээ бол ботаникийн эрдэмтэн. Сонирхол, хообийгоор бол зохиолч хүн. Гэтэл нэгэн халамцуу эр арслантай тааралдаад “Чиний зохиолч гэж юу байдаг юм. Бөхөөрөө бол нэг муухан азны арслан ш дээ” гэсэн аястай үг чулуудсан байна. Тэгэхэд нь арслан:
Бөхөөрөө би арслангийн даялагатай
Ботаникаараа би докторын даллагатай
Бичих туурвилдаа би онгодын хаялгатай
Чамд бол би нударганы татлагатай
Эр хүн ч бөх хүн ч гэжээ.

Намайг бүгд танина
Өмнөговь аймгийн уугуул, улсын арслан Г.Дэмүүл наадмын өмнөхөн Өвөрхангайн Хархориноос машинаараа гурил тээвэрлэхээр очтол оочер дугаар ихтэй гэж жигтэйхэн. Дугаарлаад зогсож байтал улсын дөрвөн удаагийн аварга, саятан жолооч Н.Цоолой гэж данагар эр алдар нэрээрээ далайлган урдуур орох гэж зүтгээд бөөн маргаан үүсгэжээ. “Тэр кабины хаалган бичсэнийг хардаг ч болоосой”
гээд л. Гэтэл оочерлож зогссон Г.Дэмүүл арслан уурсаж “Чамайг хаалгаа салгаад бариад явдаггүй юм бол хэн таньдаг юм бэ. Намайг бол ард түмэн улсын арслан Дэмүүл гээд л таньж, хайрлан хүндэлнэ” гэхэд Н.Цоолой жолооч юу ч хэлж чадалгүй дугаарын сүүлд очиж зогссон гэдэг.

Хэлтэй бол хөлтэй
Увс аймгийн Наранбулаг сумын уугуул, улсын заан, чөлөөт бөхийн ОУХМ уран мэхт Санжжавын Сүхбаатар нэгэн үе Монголдоо 74-82 кг-ийн жинд босоо явсан нэгэн. Тэр жил манай чөлөөтийнхөн улсын наадмын өмнө олон улсын тэмцээнд оролцохоор Болгарыг зорьжээ. Усанд сэлж чаддаггүй тэрбээр Софид очоод бага ч гэсэн бэлтгэл хийхээр бассейн руу нууцаар явжээ. Багийхан нь түүнийг мэдээд яаж хөглөхийг нь сэмхэн харсан байна. Гэтэл сэлж байсан Сүхбаатар маань гэнэтхэн хөл алдаж, живж эхлэх нь тэр. Тэгээд нутгийнхаа аялгаар “Хүн байна уу, авраарай” гэв. Мэдээж хэн ойлгохов, нэмэр болсонгүй. Эцэст нь “Люди, помогите мне” гэж чадлаараа хашгиртал бассейнд сэлж явсан хоёр болгар түүнийг уснаас татаж гаргажээ. Гавьяат тамирчин Н.Бүргэдаа, Д.Оюунболд хоёр найзыгаа авахаар очиход тэрбээр “Гадаад хэл үнэхээр хэрэгтэй юм байна шүү. Сая гэхэд би чинь хэлнийхээ ач тусаар амьд гарлаа” гэсэн гэдэг.

Том шагнал
“Та төрийн ямар өндөр шагнал хүртэж байсан бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн арслан Ц.Түвшинтөр жаахан бодолхийснээ “Би чинь Сэрвэй суманд түрүүлж эсгий, Цогт-Овоо суманд түрүүлж хавтастай толь, Ноёнд үзүүрлэж халуун саваар шагнуулж байлаа” гээд ярьж эхэлжээ. Сэтгүүлч ”Үгүй ээ, төрийн одон, медаль” гэвэл арслан сая л учрыг ойлгож
“Үгүй чиш, юу гэж тэр том шагнал над мэтийн хүмүүст байдаг юм” хэмээн уцаарлангүй хариулсан гэдэг.

Эхнийх нь зөв байж
Баянхонгор аймгийн уугуул, улсын начин Ч.Баасанхүү, Архангай аймгийн арслан Д.Жамц хоёр улсын наадмын дөрвийн даваанд барилдах болж. Арслан өрөнгүүтээ суйлтал начингийн элэг бүс нь тасраад дахин барилдах болсон байна. Дахин барилдахад Д.Жамц арсланг Ч.Баасанхүү начин засуултай нь хамт давхар хамаад унагатал арслан “За Баасанхүү минь, ерөөсөө эхнийх нь зөв байж” гээд хариу хэлэх завдал өгөлгүй тугаа тойроод явчихсан гэдэг.

Хачирхалтай шийдвэр
Наадмын өмнөх нэгэн сорилго барилдааны үеэр Архангай аймгийн уугуул, улсын начин Б.Хүрэлбаатар Өвөрхангайн Б.Ганбаатар начинтай барилдаж, зэрэг унажээ. Энэ үед хөлийн цэцээр ажиллаж байсан аймгийн заан, дэд хурандаа Н.Нямдаваа: “За байз, энэ Хүрлээ начингийн зүүн тохой яг газардаагүй, тэр өндөр өвсөнд хүрэн алдаад босоод ирсэн. Ер нь энэ өндөр ургасан өвсийг хадуураар хяргачихъя, тэгээд дараа нь ахин барилдуулчихъя” гэсэн сонин шийдвэр гаргаж байжээ.

Аятайхан гутал
Улсын начин Х.Амараа ах “Аз” хүүхдийн их дэлгүүрт гутлын тасагт нэг хөөрхөн арьсан гутал үзэж байснаа “Худалдагч аа, энэ гуталнаас 42 размерийнх байна уу” гэж асуужээ.


URL:

Сэтгэгдэл бичих