Дэлхийн аваргаас таван медаль хүртлээ

Литвийн нийслэл Вильнюс хотноо энэ сарын 10-нд эхэлсэн самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 35 дахь удаагийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө.

Дэлхийн 45 орны 400 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнээс Монголын тамирчид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, Литвийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулжээ.

Монголын баг тамирчид 14 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос эмэгтэйчүүдийн 68 кг-д хүч үзсэн Э.Аззаяа, эрэгтэйчүүдийн 62 кг-д зодоглосон Х.Дамланпүрэв нар мөнгөн медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийг 56 кг-д өрсөлдсөн Б.Солонго, эрэгтэйчүүдийн 62 кг-д Д.Амартүвшин, 90 кг-д зодоглосон Б.Ариун-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ.

Дашрамд дурьдахад, самбо бөхийн ДАШТ-ий үеэр Олон улсын сонирхогчдын самбо бөхийн холбооны 23 дахь удаагийн чуулган болсон байна. Чуулганд Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир оролцжээ.

Чуулганаар хэлэлцсэн гол сэдэв нь самбо бөхийн төрлийг олимпийн төрөлд багтаах асуудал байсан бөгөөд FIAS буюу Олон улсын сонирхогчдын самбо бөхийн холбооноос ОУОХ-нд хүсэлтээ хүргүүлээд байгаа ажээ.

Н.Пунцаг


URL:

Сэтгэгдэл бичих