Түймэр нэг л өдөр дүрэлзээгүй, Шадар сайд У.Хүрэлсүх ч нэг л өдөр сэхээрсэн юм биш

shadarЖил бүрийн 3-6, 9-11 дүгээр сарыг ид хуурайшилтын, гал түймрийн зэрэг өндөртэй улирал гэж тооцдог. Гэвч долдугаар сар шувтрах тийшээ хандаж байхад Монгол орон даяараа түймрийн гал дүрэлзэж байгаа нь хаврын хуурайшилтаас зуны хуурай халуунд шилжсэний илэрхийлэл. Нийт нутгаар гандуу,хуурайшилт харьцангуй өндөр байгаа тухай мэргэжилтнүүд сануулсаар байсан.

Монголчуудыг сонгуулиар халуурч байсан зургадугаар сарын дунд гэхэд  Сэлэнгэ, Хэнтий, Төв, Булган, Улаанбаатар хотуудад түймэр гараад байв.Хэт халалт эхлээгүй хаврын түймэр шууд  хүний буруутай үйл ажиллагаанаас болдог.

Хэт халалтын үед аянга буух, хуурай модод хоорондоо үрэлцэх зэргээр байгаль өөрийгөө шатаах тохиолдол байх ч нэн ховор. Өнгөрсөн тавдугаар сард  Богд ууланд гарсан түймэр  аялж явсан гурван залуу тамхины ишээ хаяснаас болж гарсныг тогтоож байв.

Өнгөрсөн өвөл цас бага орсноос хавар хуурай байх нь гэдгийг албаныхан сануулж байв.  Үүнийгээ шийдвэр болгон Монгол Улсын Шадар сайд,Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн  “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар албан даалгавар гарч байв. Албан даалгаврыг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг тухайлбал зургадугаар сарын 15-нд Шадар сайд У.Хүрэлсүх холбогдох албаныханд өгч байжээ. /Энэ тухай  https://nema.gov.mn/?p=25384 холбоосоор уншина уу/

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин зургадугаар сарын 16-нд Шадар сайдад мэдээлэл өгөхдөө, сүүлийн  14 хоног нэг ч бороо хур ороогүйг учирлажээ. Ногоон бүсэд хуурайшилтын зэрэг өндөр байна, хэд хэдэн удаа үүлэнд нөлөөлж бороо оруулах оролдлого хийсэн ч  хур тунадасны агууламжтай үүл орж ирээгүй тул амжилтгүй болсон гэжээ. Засгийн газраас 1000 ширхэг борооны пуужингийн мөнгө шийдэж өгсөн юм байна.  Энэ пуужин нь долдугаар сард буюу одоо орж ирж буй ажээ. Гэхдээ бороонд нөлөөлөх пуужингийн нөөц тасраагүй аж.

Шадар сайдын албан даалгаврын дагуу зургадугаар сарын 15-нд У.Хүрэлсүх холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн байдаг.  

БОАЖ-ын сайдад:

  • Хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэхийг хязгаарлах
  • ойн дагалт баялгийг ашиглахыг түр хугацаагаар хориглох
  • аялал зугаалгаар явах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж, хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг сайжруулахыг үүрэг болгожээ.
  • Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын мэдээлэл, сансрын хиймэл дагуулын мэдээгээр авсан ой, хээрийн гал түймрийн голомт, тархалтын зураг, хуурайшилтыг мэдээллийг шуурхай боловсруулан дор бүр нь ОБЕГ-т хүргэж байх,
  • үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг боломжтой нөхцөл байдалд хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өгчээ.

Харин аймаг, нийслэлийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга нарт:

  • Түймрийн эрсдэл ихтэй бүх нутгуудад хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтын цэг байгуулах,
  • Урамшуулалт морин эргүүл ажиллуулах,
  • Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах,
  • Түймэр унтраах ажилд дайчлагдан ажиллаж байгаа алба хаагчдад шаардлагатай хангалтын ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг, чиглэл хүргүүлэхийг Улсын Онцгой комиссын ерөнхий нарийн бичгийн даргад даалгажээ.

Мөн

  • Ой, хээрийн түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчийг хуулийг дагуу тогтоон, хариуцлага хүлээлгэх ажлыг эрчимжүүлэх
  • Урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, хяналт шалгалтын цэг ажиллуулах,
  • Нийслэлийн ногоон бүсэд зорчих иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах,
  • Гал түймрийн нөхцөл байдал хүндэрсэн үед мэргэжлийн анги, албад, нутгийн иргэдийг татан оролцуулах, шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагаас дэмжлэг авах саналаа холбогдох журмын дагуу яаралтай танилцуулан шийдвэрлүүлэх,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчид гал түймрийн нөхцөл байдлыг талаар мэдээлэл хүргэх чиглэлийг холбогдох байгууллагуудад Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх зургадугаар сарын 15-нд өгчээ.

Шадар сайдын эрхлэх асуудлынхаа  хүрээнд   гал түймэрт  анхаарч, холбогдох газруудад үүрэг чиглэл өгсөөр иржээ.

Сонгуулийн ид халуурлын үед Шадар сайд У.Хүрэлсүх л  түймрийн голомтод очиж ажиллаж байсныг санаж байгаа байх.

Өөрөөр хэлбэл, асуудал эрхэлсэн сайд ажлаа хийж байжээ. Гагцхүү бусад албан тушаалтнууд, орон нутгийн засаг захиргаа хайхрамжгүй хандсан байна. Үүрэг, даалгаврыг ёсчлон биелүүлж,   газар дээр хэрэгжүүлж, хүмүүсийг зохион байгуулах  үүрэгтэй албан  тушаалтнууд сонгууль, наадмын өдрүүдэд ажилдаа хариуцлагагүй хандсанаас гал түймэр Монгол орныг бүрхэх хэмжээнд хүрсэн байна.

Нэг үгээр Шадар сайдын үүрэг, чиглэлийг биелүүлэх үүрэгтэй шат шатны тушаалтнууд сонгуульдаж, наадамдаж явсаар  сүх далайтал үхэр амар гэгч л болжээ.

Хэдийгээр У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын дарга ч гаргасан тушаал, шийдвэр бүрээ газар дээр нь очиж хянах боломжгүй. Газар дээр нь ажлаа хийх үүрэгтэй албан тушаалтнууд цалгар назгай хандсанаас түймэр газар авчээ гэж үзэх бүрэн үндэстэй байна. Түймрийг унтраалцахаар монголчууд нэгдэж, тусламж дэмжлэгийн гараа сунгаж байна. Монголчуудын эх оронч үзэл энд л сэргэж байгааг бахдах учиртай. Гэвч сошиал хөөсрөлтөд хэт автаад өнөөдрийг хүртэл хэн ч юу ч хийгээгүй, түймэр ч нэг л өдөр дүрэлзчихсэн мэтээр сүгсэлзэх хэрэггүй. Түймэр нэг л өдөр дүрэлзээгүй, асуудал хариуцсан сайд У.Хүрэлсүх ч нэг л өдөр гэнэт түймрийн голомтод очоод ажиллаж буй юм биш.

Шадар сайд У.Хүрэлсүх түймрийн голомтод очиж ажиллаад, өнөөдөр Улсын онцгой комиссыг хуралдуулж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 22 түймэр асч байна. У.Хүрэлсүхийн мэдээлснээр нийт 700 гаруй албан хаагч, иргэд түймрийн голомтод ажиллаж байна.

Т.Үлэмж

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих