Дизелийн түлш, автобензиний борлуулалтын үнэ нэмэгдэхгүй

Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх дизелийн түлш болон 90 хүртэл октантай автобензиний онцгой албан татварыг тонн тутамд 110 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензиний татварыг тонн тутамд 130 мянган төгрөгөөр нэмлээ.

 10546

Ингэснээр 90 хүртэл октантай автобензин тонн тутамдаа 160, 90 ба түүнээс дээш октантай нь тонн тутамдаа 180 мянган төгрөг болж байна. Эрээнцав боомтоор оруулж ирэх автобензины тонн тутамд 30 мянга, дизелийн түлшний тонн тутамд 50 мянган төгрөгийн татвар ногдуулахаар боллоо.

Цаашид автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавихыг сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болгов.

Манай улсын нийт шатахууны 80-90 хувь нь Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор орж ирдэг. Онцгой албан татварыг нэмснээр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд борлуулалтын үнээ нэмэхгүй байх  боломжтой гэж Засгийн газар үзлээ.

Тухайлбал АИ-80, АИ-92 автобензин, дизель түлш импортлогчид жижиглэнгийн үнээ өсгөхгүйгээр 0,5-6 хувийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо судалгаа ч гарсан байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд ажилдаа менежмент хийж, зардлаа хэмэх замаар цэвэр ашгаа 3-9 хувь хүртэл нэмэх боломжтой гэж тооцжээ.

Өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларснаас импортлогч аж ахуйн нэгжүүдийн зардал өсч, жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт орох нөхцөл үүссэн. Иймээс Засгийн газар үнийг тогтвортой байлгах зорилгоор яаралтай арга хэмжээ авч онцгой албан татварын хувь, хэмжээг гурван удаа бууруулсан байсан юм.

Харин одоо энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн учир жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулахгүйгээр татварын хувь, хэмжээг нэмэх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.

“Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувийг төрийн мэдэлд худалдаж авна

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувь буюу 10 сая 348 мянга 111 ширхэг хувьцааг давуу эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газарт худалдах талаар БНСУ-ын “Кореа телеком корпораци”-аас ирүүлсэн саналыг хэлэлцээд холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн мэдэлд худалдаж авахаар шийдвэрлэлээ.

“Кореа телеком корпораци” өөрийн эзэмшдэг хувьцаагаа хоёр сая таван зуун тавин мянган ам.доллараар худалдах санал гаргасан байна.

“Монголын цахилгаан холбоо” компани нь зургаан газар, 15 алба, Улаанбаатар хотын дөрөв, орон нутгийн 23 холбооны газартай бөгөөд 856 хүн ажилладаг. Тус компанийн нийт хувьцааны 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа телеком корпораци”, 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын иргэд эзэмшдэг юм.

“Монголын цахилгаан холбоо” компанийн суурин утас, суурин интернет, кабелийн телевиз гэсэн үндсэн үйлчилгээний зах зээл дэх эзлэх хувь нь байнга буурч ирсэн юм байна. Одоогоор суурин утасны зах зээлийн 25, суурин интернетийн зах зээлийн 11,3 хувьд борлуулалт хийдэг гэсэн судалгаа гарчээ.

 240 хүүхдийн цэцэрлэг ирэх намар хүүхдүүдээ хүлээж авна

“Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар барьсан 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг худалдаж авахад шаардагдах хоёр тэрбум гурван зуун арван дөрвөн сая төгрөгийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгалаа. Цэцэрлэгийг 2017-2018 оны хичээлийн жилд ажиллуулж эхлэхийг БСШУС-ын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

“Төрийн орон сууцны корпораци” ХУД-ийн 10 дугаар хороонд “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол төсөл”-ийн хүрээнд 1620 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан байна. Хорооллын дунд 240 хүүхдийн цэцэрлэг барьж өнгөрсөн оны нэгдүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгчээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 44 мянга 500 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн судалгаа гарсан байна.

Цаашид бүх яамнаас санал авч цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, энэ тухай холбогдох шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад даалгалаа.

Чуулга уулзалтад оролцсон дүнг ҮАБЗ-д оруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

Чуулга уулзалтад оролцсон нь хоёр орны улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх, харилцааны уур амьсгалыг бататгах, Стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болсон гэж Гадаад харилцааны яам үзжээ.

Эх сурвалж: zasag.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.