Х.Тэмүүжин Төв аймагт, Н.Энхболд нийслэлд өрсөлдөнө

-Засгууд М.Энхболдыг сонгуулиар дэмжихгүй гэж иргэддээ сануулжээ-

Нийслэлтэй хил залган оршдог Төв аймгаас УИХ-д Шадар сайд М.Энхболд, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Су.Батболд, Д.Дондог гэсэн гишүүд ард олныг төлөөлөн сууж байгаа юм. Энэ дөрвөн эрхэм дөрвүүлээ МАН-ын гишүүд. Харин ирэх сонгуульд одоогийн хэлцэгдэж байгаа сонгуулийн зургаар явбал Төв аймагт МАН-аас М.Энхболд, Су.Батболд, Ардчилсан намаас Х.Тэмүүжин нарын нэр нэгэнт зоогдсон гэдгийг эх сурвалж хэлэв. Харин Н.Энхболдын хувьд нийслэлийн тойрогт томилолт авсан бол Д.Дондогийн хувьд авлигын асуудалтай байгаа учраас МАН-ынхан далимдуулаад мандат өгөхгүй гэдгийг ч эх сурвалж дуулгав. Өнөөдрийн гарч байгаа зургаар бол Төв аймаг дөрвөн мандаттай байгаад хоёр мандаттай болж байгаа юм. Тэгэхээр намууд хамгийн шилдэг гэсэн нэр дэвшигчдээ Төв аймаг руу илгээх нь лавтай. Үүний тэргүүн эгнээнд МАН-аас М.Энхболд явж байгаа бол Су.Батболд хоёрдугаарт орж ирж байгаа юм.

Харин Ардчилсан намаас Төв аймгийн уугууль УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг өрсөлдүүлэхээр тогтожээ. Эрх баригчид хуваариа хийхдээ МАН-аас тэртэй тэргүй М.Энхболд гарч ирнэ. Харин түүнтэй хамт Су.Батболдыг өрсөлдүүлье. Хэрвээ шинээр Ардчилсан намаас орж ирж байгаа Х.Тэмүүжинд ялагдвал УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын хувьд Су.Батболд эрэмбээрээ гуравт бичигдэн орж ирэх юм байна. Өөрөөр хэлбэл, одоо зураг нь гараад байгаа шинэ хуулиар бол Су.Батболд пропорциониаль талбайд буюу намаас сонгогдох 28 гишүүний гуравт эрэмблэгдэн орж ирэх гэнэ.

Яахав, ингэсний дараа УИХ-д чи бол намын нэрээр орж ирсэн, би бол ард түмнээс сонгогдсон энэ тэр гэсэн хэрүүл л гарна биз, өөрөөр яах билээ дээ. Тэгэхээр ирэх парламентад тус аймаг УИХ-д МАН-аас М.Энхболд, Су.Батболд, Ардчилсан намаас Х.Тэмүүжин гэсэн гурван төлөөлөлтэй байх зургийг эрх баригчид гаргажээ. Гэхдээ энэ бол эрх баригчдын гаргаж байгаа аман зураг шүү дээ. Яг газар дээрээ бол байдал өөр байгааг бас нутаг зон дуулгана билээ.

Улсын нийслэлтэй хил залган оршдог Төв аймгийн хувьд дэд бүтэц гэхээсээ илүүтэй газар тариалангийн бүс нутаг гэдгээрээ ихэд онцлогтой. Тийм ч учраас хүн амын хувьд ч энэ зүгт анхаарал хандуулсан нөхдийг ихэд үнэлдэг юм байна. Харин Төв аймагт ирэх сонгууль шинэ зургаар явбал гуравдагч этгээдүүд тойргийнхоо наймааг явуулах тухай ч эртнээс яриа тохироо хийсэн бололтой юм. Жишээлэхэд “Монголын авьяастны академи”-ийн ерөнхийлөгч Д.Одгэрэл гэхэд Төв аймагт нэрээ дэвшүүлэх гэх. Тэрбээр “Ардчилсан намаас надтай тохироо хийвэл нэрээ татна” гэсэн саналаа аль эрт хэлжээ. Тэгэхээр нийслэлд ойр Төв аймаг гуравдагчдын хувьд бол мөнгө хийх гол талбар болох аж.

Хэрвээ сонгуулийн тухай хууль хуучнаараа явбал өнөөдрийн байгаа МАН-ын дөрвөн гишүүнээс Д.Дондог нийслэл рүү туугдаж, түүний оронд Ардчилсан намаас Х.Тэмүүжинг оруулж ирэх хувилбар ч давхар яригдаж байгаа аж. Харин нөгөө талаас гуравдагч этгээдүүд болох жижиг намын болон бие даагч нар Төв аймгийн тойргийг төрөөлөхөөр зэхэж байгааг ч дуулгасан. Хэрвээ хуучин тогтолцоогоор 2012 оны сонгуульд орвол МАН-аас хүчтэй шинэ өрсөлдөгч хоёр ч байгааг дуулгав. Түүнийхээ нэрийг одоогоор нууцалж байгаа бөгөөд хэрвээ хуучин зургаар явбал М.Энхболдод ихээхэн халгаатай нөхөд байгааг ч дуулгаж амжлаа. М.Энхболдын хувьд хэдийгээр Төв аймагт нэр нүүртэй байгаа ч сүүлийн үед албаны нөхдүүд түүнийг дэмжихгүй талаар нутагтаа уриалж явааг ч нутаг зонынхон дуулгалаа. Тиймээс Засаг дарга нар М.Энхболдыг сонгуулиар дэмжихгүй шүү гэж иргэддээ сануулж байгаа аж.

С.УУГАНБАЯР

МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих