Мэргэн бууч (Өгүүллэг)

b69b5c23f58f287egreatМОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаан”-д ирүүлсэн шилдэг бүтээлүүдээс манай сайт уншигчдадаа цувралаар хүргэж байна.

Үдшийн шар гэгээ тасарч хөл хөдөлгөөн зосглоо. Нам гүм ноёлох Дүблин хотыг шөнийн харанхуй нөмрөн авахад сэмэрсэн үүлний цаанаас тусах саран авхайн үл ялиг гэгээнд байшин барилгууд арайчүү ялгаран харагдана. Хотын захаар ганц хоёр удаа буун дуу хадах, нохой боргон хуцах нь шөнийн нам гүмийг хааяа нэг эвдэх ажээ. Ирландын эрх чөлөөний хөдөлгөөнийхөн болон бүгд найрамдахчуудын дунд Иргэний дайн болж буй нь энэ.

О’Коннель гүүрний дэргэдэх нэгэн байшингийн дээвэр дээр бүгд найрамдахчуудын мэргэн бууч хэвтээд эргэн тойрноо тун няхуур ажиглах аж. Түүний өмнө мэргэн буучийн дурантай винтов байх агаад царай нь оюутан байрын боловч харц нь үхэл үзэж, долширсон хэрцгийдүү харагдана. Ямар нэг сэжигтэй зүйл ажиглагдаагүй тул дээшээ харж хэвтээд хавчуургатай талхаа үмхэлж гарав. Өглөөнөөс хойш юм идээгүй болохоор бүтэн талхыг дор нь залгиж орхиод халааснаасаа дашмагтай виски гаргаж ирэн томхон балгаж орхилоо. Бага зэрэг дулаацаж, бас өл залгасан мэргэн буучийн толгойд тамхи асаах хүсэл эргэлдэж эхлэв.

Тун чиг эрсдэлтэй алхам боловч тамхины үнэр хамар цоргих шиг санагдаж, тэсгэлийг нь алдагдуулна. Тамхины цогийг харанхуйд дайснууд нь олоод харчихаж болно. Тэгвэл хэтэрхий үнэтэй эцсийн тамхи болно. Эцэст нь хүсэл гэгч дийлж, тамхиа зуугаад хоёр гараараа халхлан байж түүнийгээ асаатал эсрэг талын байшингийн дээврээс бололтой сум шунгинан орж ирлээ. Түүнийг буудсан мэргэн бууч буугаа дахин сумлах хооронд амжиж зүүн тийшээ үсрэн зайлав. Яг хаанаас буудсаныг мэдэхээр аажмаар өнгийвөл дахин гал манасхийж, түүний арын хуучин тоосгон ханыг онох дуулдав. Огцом доошилж, яндангийн араар ороод толиор нэгд нэгэнгүй тандвал юу ч харагдсангүй. Хэдэн хормын дараа хуягласан байлдааны машин хүрч ирлээ.

Ердөө тавь орчим метрийн зайтай зогсох дайсны машины хөдөлгүүрийн хүржигнээн тодхон сонсогдох ажээ. Удалгүй булан тойроод алчуур нөмөрсөн настай эмэгтэй гарч ирэв. Шулуухан явсаар машин дээр ирж, ямар нэг зүйлийг ярилцах агаад түүний байгаа зүг рүү зааж дохихыг харвал мэдээлэгч бололтой. Хуягт машины хаалга онгойж, нэгэн эр гарч ирээд дээврийн зүг хянуур харав. Түүнийг нам буудах хүсэл дотроос нь хатгана. Гэтэл өндийх л юм бол эсрэг талын байшингийн дээвэр дээр бас нэг хүсэл нь хатгасан нөхрийн хуруу гохон дээрээ байгаа нь ойлгомжтой. Гэвч яаж ийгээд буудчихмаар санагдав.

Гэнэт хорин алхмын зайтай хуучны зузаан тоосгон яндан байгааг олж харлаа. Аажим мөлхсөөр ард нь орж, нуруугаараа налан өндийв. Одоо дайсны мэргэн бууч түүнийг олж харахгүй, таамагласан ч буудаж чадахааргүй болжээ. Харин мэдээлэгч эмэгтэй болон хуягт машинаасаа цээжээ цухуйлгасан эр алган дээр тавьсан мэт илхэн харагдах аж. Амьсгаагаа түгжээд эхлээд хуягт руу буугаа чиглүүлэв. Тасхийж, мөнөөх эрийн толгой машиныхаа төмөр хаалтыг хүчтэй савах нь дуулдлаа. Дахин тасхийхэд настай эмэгтэй хоолойгоо барин үсэрч унав. Гэнэт эсрэг талын дээврээс хариу буудах нь сонсогдтол буу нь газар унаж, дээвэр даган гулсахад ухасхийж очоод авах гэсэн боловч түүнийгээ даасангүй.

Түүний шууг хуга буджээ. Намайг оночихлоо доо гэж тэрхэн агшинд бодоод хойш сууж нуугдаад дээврийн хашлага дагуу мөлхлөө. Шархдсан баруун гараас нь цус урсаж, хамаг хувцсыг нь будна. Гэхдээ зүгээр л тасдаад авчихсан мэт ямар ч өвчин үл мэдрэгдэнэ. Халааснаасаа тонгорог гаргаж, ханцуйгаа тасдаад харвал сум нэвт гаралгүй ясанд нь тээглээд тогтжээ. Гадуур хувцасаа тайчин хаяад жижиг цүнхнээс шилэн савтай йодын уусмал гаргаж шархаа цэвэрлэв. Одоо л мэдээ орж байгаа бололтой, янгинаж эхэллээ. Нэгэнт хэрэггүй болсон ханцуйгаа цуу татан шархан дээрээ тавьж сайтар боогоод шүдээрээ татаж чангаллаа. Ямартай ч цус алдаж үхэхээргүй боллоо. Боож дуусаад зовиуртайгаар дээшээ харж хэвтэв.


Гудамжинд дахиад л нам гүм. Машинтай хүмүүс үхсэн нэгнийхээ толгойг санжигнуулан гүүр даван алга болов. Хоолойгоо даран хэвтэх настай эмэгтэй тэр чигээрээ байхыг үзвэл аль хэдийнэ амьсгал хураасан бололтой. Одоо түүнд шархдсан гараа эмчлэх, зугтах төлөвлөгөө гаргах хангалттай хугацаа байгаа. Өглөө нь энэ дээвэр дээрээс дайснууд шархдсан мэргэн буучийг олох ёсгүй билээ. Гэтэл замын нөгөө талаас дайсны мэргэн бууч түүний зугтах боломжийг хязгаарлана. Түүнийг ч бас тонилгох ёстой. Гэтэл винтов буугаа хэрэглэж чадахгүй болсон байдаг. Гар буугаараа азаа үзэж болох юм. Ингээд яаж зугтах талаар бодож эхэллээ. Малгайгаа буундаа өлгөөд цухуйлгаж үзвэл тэр дороо л сум шунгинан иржээ. Цоо буудуулсан малгай нь хийсэн унахтай зэрэгцэн нэг санаа толгойд нь гялсхийн орж ирэв.

Зүүн гараараа винтовоо барин нэг сарвалзуулаад үхсэн мэт санжигнуулахад буу нь дээврийн дагуу гулсан гудамжинд уналаа. Ингээд чимээ гаргаж мэдэгдэлгүйгээр аажмаар мөлхөн нэг буланд шигдээд, заль мэх нь хэр амжилттай болохыг хүлээн суув. Удалгүй дайсан эсрэг талын байшингийн дээвэр дээрээс итгэлтэйгээр босч ирээд түүний үхсэн биеийг олж харахыг хичээх аж. Үүнийг л хүлээж байсан мэргэн бууч янгинан өвдөж эхэлсэн баруун гараа аль болох хөндөхгүй байхыг хичээж, хэдийнэ оволзож эхэлсэн амьсгаагаа арай ядан дарж, хөмхийгөө зуугаад гар буугаа чиглүүллээ. Овоо хараанд лавтай орж ирмэгц гохоо дартал чих дүлийрэм дуу гарахын зэрэгцээ бууны тийрэлт сульдаж ядарсан гарыг нь савтал тийрч орхив. Утаа арилахад дайсан хашлага тэгнүүлдэн гулдайн унажээ.

Тэрбээр дээврээс аажмаар гулссаар явган хүний зам дээр пидхийтэл унав. Зуны урт шөнө үргэлжилсэн тулаан түүний ялалтаар өндөрлөсөн нь сайн хэрэг боловч дайсныхаа үхсэн биеийг харахад тийм ч таатай байсангүй. Сэтгэл нэн таагүй байхын зэрэгцээ шархын халуунд автаж эхлэв бололтой. Хамаг хөлс нь цувж, шүд нь тачигнаж, эгээ л ухаан солиотой хүн шиг амандаа бувтнан хараал идсэн дайныг, дайснаа, өөрийгөө, ер нь хүн бүрийг зүхэж эхлэв. Гэнэт гарт нь буй утаа суунаглах гар буугаа харан цочисхийн шидэж орхитол сум алдан тасхийжээ. Түүний ухаан сая нэг юм сэргэж, айдсаасаа саллаа. Үлдсэн вискигээ гаргаж ирээд дуустал нь хөнтрөв. Бага зэрэг тайвширч, эрүүл саруул ухаан ч эргэн иржээ. Одоо дээврээс бууж, даргадаа илтгэх хэрэгтэй. Хөсөр шидсэн гар буугаа авч түрийлээд шархандаа зовиурлан ярвайсаар арай ядан доош буулаа.

Гудамжинд гараад явах замаа тандан зогсож байснаа гэнэт өөрийн тонилгосон мэргэн буучийг очиж хармаар санагдав. Ер нь ч тэгээд гар буугаар хэр сайн буудсанаа харах хэрэгтэй байлаа. Бас таньдаг, мэддэг хүн ч байж магад гэж бодов. Иргэний дайн эхлэхээс өмнө хамт алба хааж байсан юм уу эсвэл сургуульд хамт сурч байсан хэн нэгэн байж болох л юм. Сониуч зандаа хөтлөгдөж, дахиад л эрсдэлтэй алхам хийхээр шийдлээ. Харанхуй буланд хэсэг зогсож, чимээ анир чагнаад нам гүмийн дундуур гулсах мэт аажмаар дөхөж очив. Гэтэл гудамжны нэлээн дээхнээс автоматын богино ээлжийн гал орж ирэх нь тэр. Үсрэн зайлж, мөнөөх буудаж алсан мэргэн буучийнхаа хажуугаар биеэ далдлан хэвтэв. Автомат ч чимээгүй боллоо. Гэхдээ түүний өндийхийг хүлээж байгаа нь лавтай. Хэсэг хэвтээд сониуч зандаа дийлдэн хэнийг хороосноо мэдэхээр толгойг нь татан харвал түүний төрсөн дүү нь дүрээрээ байлаа.
Лиам О’Флаэрти
Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан Ш.Баяржаргал

URL:

Сэтгэгдэл бичих