Д.Зоригтод бас хэн өр төлөөд эхлэв ээ
Монголчууд “Агтны хариу жилдээ. Аяганы хариу өдөртөө” гэлцдэг. Үүний нэгэн жишгээр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга Г.Баярсайхан нар нэг нэгнийхээ ачийг хариулж эхэлсэн бололтой. “Анод” банкнаас хууль бус хувьцаа гаргаж, харилцагчдаа хохироох нөхцөлийг бүрдүүлсэн гол буруутан нь Г.Баярсайхан” хэмээн түүнийг хууль хяналтын байгууллага ид шалгаж байсан ч Санхүүгийн зохицуулах хорооны даргаар дахин томилогдсоныг нь гайхах хүн цөөнгүй бий. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Г.Баярсайханыг энэ албан тушаалд улираан томилоход УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нь өрөө төлж буйн нэг хэлбэр юм” хэмээн “Анод” банкны хохирогчдын түр хорооноос тухайн үед мэдээлэл хийж байсан.
Түүх сөхвөл, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригтын өмч болох “Гермес центр” ХХК-ийг 2009 онд хувьцаат компани болгохдоо Дархан, Эрдэнэтэд тус бүр 4000 ам.метр талбай бүхий барилгын материалын худалдааны төв барих нэрийдлээр 2.3 тэрбум төгрөгийн хувьцаа гаргаж байжээ. “Гермес центр” хувьцаат компани болсны дараа буюу 2009 оны гуравдугаар сарын 27-нд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Тулгаа, Ц.Орхонтамир, Н.Мөнгөнтулга, мэргэжилтэн Г.Мөнгөнхуяг нар үйл ажиллагаанд нь шалгалт хийж тайлангаа гаргажээ. Шалгалтаар “Гермес центр” ХК нь Дархан, Эрдэнэтэд ямар ч газаргүй, 2.3 тэрбум төгрөгийг хууль бусаар ашигласныг тогтоосон байна.
Хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн дээрх мөнгөөр “Монгол шуудан” банкнаас урт хугацаагаар авсан зээл болох нэг тэрбум төгрөгийн өрөө дарж, мөн богино хугацааны зээлээ ч тэглэсэн байна. Тухайн үед гүйцэтгэх захирлынх нь албыг хашиж байсан Т.Гансүлд хувьцаагаа барьцаалж 700 гаруй сая төгрөгийн зээл авч, хувийн хэрэгцээндээ Land cruiser 100, 200 машин авсан байсан аж. Гэтэл Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1.6-д “Хөрөнгө оруулагчийн эрх ашигт хохиролтой гэж үзсэн нөхцөлд үнэт цаасны арилжааг түр зогсооно”, 34.1.11-д “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс зөрчилтэй гэж үзсэн буюу арилжаанд оролцогч аль нэг талын хүсэлтийг үндэстэй гэж үзвэл тухайн үнэт цаасны арилжааг түр зогсоон шалгах, зөрчилтэй нь нотлогдвол түүний арилжааны хэлцлийг хүчингүй болгох”, 37.2.6-д “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг ямар нэгэн этгээд зөрчихөөр завдаж байгааг баримтаар нотолсон, түүнчлэн зөрчлийг тогтоосон нөхцөлд төвлөрсөн хадгаламж дахь дансаар хийх гүйлгээг түр зогсоох ёстой” гэж заасан байдаг. Харин дээрх байцаагч нар энэ тохиолдолд ямар ч арга хэмжээ аваагүйгээр барахгүй байцаагч С.Тулгаа өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын орлогч даргын албан тушаалыг хашиж байгаа юм.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйл буюу Хорооны даргын бүрэн эрх гэсэн хэсэгт 16.1.4-д “Хорооны гишүүний ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд нь хяналт тавина” хэмээн заасан байдаг. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга Г.Баярсайхан ямар ч арга хэмжээ аваагүй байгаа юм. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга Г.Баярсайханд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт “өр”-тэй болж хоцорсон аж. Дээрх асуудлаар “Гермес центр” ХК-ийн хувьцаа эзэмшигчид Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх тасагт гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Гэтэл өнгөрсөн сарын 21-нд нийслэлийн Прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсай “Гермес центр” ХК-ийнхан хувьцаа эзэмшигчдийн мөнгийг дотоодын хэрэгцээнд ашигласан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Гэтэл Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9.5-д “Үнэт цаас гаргаж хуримтлуулсан хөрөнгийг танилцуулгад заасан зориулалтаар зарцуулна” хэмээсэн байдаг. Тиймээс энэ бүхний цаана Д.Зоригт гишүүнд бас л хэн нэгэн нь өрөө төлөхөөр зүтгэж байгаа гэх хүн олон байна.
Р.Сарангоо
“Улс төрийн тойм” сонин
URL: