Ногоон мөнгийг номхруулах цагаар…

6te9rldl97hkgh1en3pksst9s3_bЮАНИЙН СВОП ХЭЛЦЛИЙГ СУНГАВ

Манай улс Хятадын Ардын банктай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг сунгах болсон нь бас л сайн мэдээ. Ер нь своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх нь гадаад валютын дотоодын захад тогтвортой байдлыг хангах хөшүүрэг болдог. Тиймээс шаардлагатай тохиолдолд гадаад валютын зах дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх зорилгоор хэлцлийн гэрээг сунгасан байна. Энэ нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх боломж юм. Монголбанк, БНХАУ-ын Ардын банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг сунгах гэрээнд энэ сарын 6-нд гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр орны Төвбанк хооронд байгуулсан своп хэлцэл 2020 он хүртэл үргэлжлэхээр болов. Манай улсын худалдааны гол түнш болох урд хөршийн мөнгөн тэмдэг, буюу юанийг Монголбанк түргэн шуурхай бүрдүүлж, валютын захад нийлүүлэх замаар төгрөгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэх үзүүлэх чухал ач холбогдолтой. Анх 2011 онд гурван жилийн хугацаатай таван тэрбум юанийн своп хэлцлийг байгуулжээ. Харин 2012 онд дээрх дүнг хоёр дахин нэмэгдүүлж, 10 тэрбум юань болгосон. Улмаар 2014 онд дахин гурван жилээр сунгаж, дүнгийн хэмжээг таван тэрбум юаниар өсгөсөн юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ СЭРГЭХ ЧИМЭЭ

Ногоон мөнгө ноёлох тэнхээгүй болсон нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж буй хэмээн судлаачид хэлж байна. Мэдээж нэг үеэ бодвол хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Ерөнхий сайдын дэргэд хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих зөвлөлийг байгуулснаар хөрөнгө оруулагчид эрхээ хамгаалуулах, тулгамдаж буй асуудлаа Засгийн газарт хүргэх боломж бүрдсэн. Түүнчлэн Олон улсын валютын сантай хамтран ажиллах Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон нь манай улсын эдийн засаг, тогтвортой байдалд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн гэдгийг эдийн засагчид хэлж байв. Тиймээс Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, олгох зээлийн хэмжээ нэмэгдэх хөшүүрэг болж байгаа аж. Үүний дүнд бага хүүтэй эх үүсвэр татах, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх боломж бүрдлээ хэмээн албаныхан тайлбарлаж байлаа. Тухайлбал, Японоос 850 сая ам.доллар, БНСУ-аас 750 сая ам.доллар, Энэтхэгээс нэг тэрбум төгрөгийн бага хүүтэй зээлийг олгохоор болсон билээ. Гэхдээ хөрөнгө оруулагчид улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хүлээлтийн байдалтай байгаа юм. Нөгөө талдаа экспортын хэмжээ эхний хагас жилд өссөн үзүүлэлттэй байгааг статистикчид хэллээ. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн экспорт өмнөх оны мөн үеэс 913.3 сая ам.доллараар өсчээ. Энэ бол сайн мэдээ юм.

ЭРСДЭЛ БУУРНА

Хөрөнгө оруулалт сэргэж, валютын орох урсгал нэмэгдсэнээр “Ноён ногоон”-д дарлуулдаг цаг ард хоцрох нь. Олон улсын валютын сан БНХАУ-ын мөнгөн тэмдэгт юанийг дэлхийн нөөц валютын сагсанд оруулсан. Энэ нь манай улсад тун хэрэгтэй хэмээн эдийн засагч, шинжээчид тухайн үед онцолж байлаа. Тиймээс бид юанийн своп хэлцлийг тогтвортойгоор үргэлжлүүлэх нь валютын эрсдлийг бууруулах хөшүүрэг болох аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.