XXI зууны санхүүгийн луйвар

Монгол Улс зах зээлийн нээлттэй эдийн засгийн харилцаанд шилжээд 20 жилийн нүүрийг үзэж байгаач ардчилсан Монголын хамтарсан Засгийн газар, түүхэнд анх удаа үндэстэн дамнасан корпорациудын эрх ашигт нийцүүлэн, тэдгээрийн санхүүгийн луйврыг ард түмнийхээ хөрөнгөөр барьцаалан баталгаажуулж өгөв.

Олон улсад мөрдөгдөж буй бизнесийн хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулалт шууд ба шууд бус хоёр хэлбэрээр хийгддэг. Шууд хөрөнгө оруулалтаар төрийн өмчийн улсын үйлдвэрийн газрын дүрмийн сангийн тодорхой хэсгийг болон дэд бүтцийн объектэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулж, төрийн өмчийг хувийн эзэмшил, менежментэд шилжүүлдэг. Шууд бус, багцын хөрөнгө оруулалтаар санхүүжилтийн үйл ажиллагаанд болон шийдвэр гаргалтанд хяналт тавих боломжгүй юм.

Нийт үйлдвэрлэлийн зардлыг санхүүжилтийн давуу эрхийн хувьцааны хэлбэрээр хөрөнгө оруулалтад тооцож, ирээдүйд бүтээгдэхүүн борлуулалтын ашгаас давуу эрхийн хувьцааны ноогдол ашиг болон хүүгийн хуримтлагдсан төлбөрийг эн тэргүүн ээлжинд шаардаж гаргах эрх эдлэх замаар хэрэгжүүлдэг. Үүгээрээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан санхүүжүүлэх давуу эрхийн хувьцаа нь шууд хөрөнгө оруулалт бус, багц хувьцааны, давуу эрхийн санхүүгийн луйвар, өндөр хүүтэй санхүүгийн давхар түрээс, шууд бус хөрөнгө оруулалтын нэгэн хэлбэр юм.

Гэрээнд зааснаар Айвенхоу Майнз Монголиа инк \АММИ\ ХХК нь \цаашид хөрөнгө оруулагч\ Монгол Улсын компанийн тухай хуулиар байгуулагдсан ХХК бөгөөд толгой компани болох Айвенхоу Майнз ЛТД нь 1995 онд Канадын Юкон улсын бизнесийн корпорацийн хуулийн дагуу бүртгүүлсэн нээлттэй корпораци \incorporated\. Гэтэл тэд 1997 онд дүрмийн сангаа хязгааргүй тооны нэрлэсэн үнэгүй энгийн хувьцаа, мөн хязгааргүй тооны давуу эрхийн хувьцаа болгон өсгөсөн. Нью Йорк, Торонтогийн хөрөнгийн бирж дээр IVN нэрээр бүртгэлтэй, 2009 оны гуравдугаар улиралд зах зээлд 378 сая ширхэг энгийн хувьцааг гаргасан бол компаний хувьцааны зах зээлийн бодит үнэлгээ Торонтогийн хөрөнгийн биржид 1,8 миллард ам.доллар, Нью Йоркийн хөрөнгийн биржид 2,3 миллард ам доллар байв.

Хөрөнгө оруулалтын гэрээ хийсний дараа нэмэлт хувьцаа гарган нэгж хувьцааны үнэ 25 канад доллар буюу 2 дахин өсөж компаний зах зээлийн үнэлгээ мөн тэр хэмжээгээр нэмэгдээд байна. Энэ үнэлгээ, мэдээж “АММИ” ХХК-д шууд хамааралтай бөгөөд Засгийн газрын ажлын хэсэг Айвенхоу Майнзийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хөрөнгө болох АММИ ХХК-ний Оюутолгой төсөлд орсон 1,0 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалтыг санхүүгийн аудит шалгалтгүйгээр, хувь нийлүүлэгчдийн зээл хэлбэрээр тооцож, жилийн 9,9% дээр АНУ-ын хэрэглээний индексээр нэмэгдүүлсэн хүүг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс тооцохоор тусгасан нь өнөөдрийн байдлаар хувь нийлүүлэгчдийн зээлийн төлбөрт ойролцоогоор 123 сая ам.долларын хүү нэмэгдэж, зээл, хүүгийн төлбөрт 1,123тэрбум ам.долларын өр үүсгэж, 2013 оны 3 сар хүртэл 3,369 тэрбум ам.долларын өртэй болж байгаа.

Энэ нь Айвенхоу Майнз компанийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хөрөнгийг хууль бусаар дээрэмдсэн, өмчлөх эрхт нь халдсан санхүүгийн хувьцааны луйвар бөгөөд цаашид Айвенхоугийн хувьцаа эзэмшигчидийн зүгээс хөрөнгийн маргаан үүсгэх бодит нөхцөл байдал үүсээд байгааг Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд болон Улсын Их хурал Аюулгүй байдал гадаад бодлого. Хууль зүйн байнгын хороо анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Нууц байсан хувь нийлүүлэгчдийн гэрээгээр АММИ XX \нээлттэй хувьцаат\ компанийг цаашид Оюутолгой ХХК \хаалттай хувьцаат\ компани болгон өөрчилж, хувь нийлүүлэгчид нь Британийн Виржинийн Арлын улсын хуулийн дагуу үсгэн байгуулагдсан Оюутолгой \Ай Би Ви\ ХХК, Нидерланд улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Оюутолгой Нидерланд \Би Ви\, Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, төрийн өмчит компани “Эрдэнэс МГЛ” ХХК болгон өөрчилж, Төрийн өмчит компани нь шинээр өөрчлөн байгуулагдсан Оюутолгой компаний энгийн хувьцааны 34% эзэмшиж, энэ хувьцаанд оногдох хөрөнгийг Айвенхоу компаний хувьцаа эзэмшигчид санхүүжүүлэх хувьцаа хэлбэрээр төлөх үүрэг хүлээж үүнд мөн 9,9% дээр АНУ-ын ХҮИ-ээр нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээнд тусгажээ.

Хөрөнгө оруулалтын гэрээний 9,5-д Оюутолгой төсөлд шинээр нэмж оруулах хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 4,0 тэрбум орчим ам.доллар \анх оруулж ирсэн гэрээний төслөөс 1,0 тэрбум ам.доллар бууруулсан\ гэж гэрээнд заасан ба үүний төрийн эзэмшлийн 34% нь 1,176 тэрбум ам.доллар болж байна. Гэрээнд заасны дагуу эхний найман жилд ноогдол ашиг хувиарлахгүй хувилбараар тооцвол энэ хугацаанд зээлийн хүүд 1,157 тэрбум ам.долларын хүүгийн өр хуримтлагдаж, санхүүжүүлэх хугацааны эцэст төрийн өмчийн компанийн энгийн хувьцааны эзэмшлийн хуримтлагдсан өр 2018 онд 2,333 тэрбум ам.доллар болж энэ өр цаашид ямар хэмжээнд хүртэл өсөх нь тодорхой бус юм.

Хэд хэдэн хувилбараар тооцоог хийж үзэхэд наад зах нь 20 жил цаад тал нь 30 жилийн дараа Монголын тал ноогдол ашиг авч эхлэх учраас Монголын талд зээлээр энгийн хувьцаа эзэмших нь ашиггүй хувилбар болох нь тодорхой байна. Мөн Монголын тал цөөнх хувьцаа эзэмшигчийн хувьд Оюутолгой компаний ТУЗ-д санал гаргаж, ноогдол ашиг хувиарлах, үндсэн хөрөнгө, хөрөнгө оруулалтын бодлого зэрэгт нөлөөлөх боломжгүй юм. Түүгээр үл барам Монгол Улсын компанийн тухай хуулийн ашиг сонирхолын зөрчилтэй хэлцлийг хязгаарласан Компанийн хуулийн 12 дугаар бүлгийг хувь нийлүүлэгчдийн гэрээний 5.2-т хязаарласан заалт оруулсан нь Монгол Улсын компанийн тухай хуулийн заалтыг зөрчин, олонхи хувьцаа эзэмшигч Айвенхоу болон түүний хамааралтай этгээдүүдийн эрх ашгийг хамгаалсан, цөөнх хувьцаа эзэмшигч Монголын талын эрх ашгийг боомилсон шудрага бус хэлцэл болсон байна.

Хөрөнгө оруулалтын гэрээний үндэслэлд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтыг зөвхөн Айвенхоу Майнз компаний хувьцааны арилжааны хөрөнгөөр санхүүжүүлэхээр заасан. Оюутолгой төсөлд нэмэлт хөрөнгө оруулалтын 66 хувь буюу 2,640 тэрбум ам.долларын хөрөнгөд шаардагдах хэмжээний санхүүжүүлэх хувьцааг Оюутолгой компаниас гарган энэхүү хувьцааг Айвенхоу, түүний томилсон Рио Тинто групп, эсвэл Айвенхоугийн салбар компаниуд тэргүүн ээлжинд эзэмшин, улмаар санхүүжүүлэх хувьцаа нь давуу эрхийн хувьцаанд хөрвөж, улирал тутамд ноогдол ашиг төлөх, төлөөгүй тохиололд хуримтлуулж тооцох, ноогдол ашгийг тооцохдоо АНУ-ын инфляцийн түвшингээр өсгөж тооцох, давуу эрхийн хувьцааг шаардаж гаргах эрх эдлэх, санхүүжүүлэх хувьцаанд 9,9 хувь дээр АНУ-ын ХҮИ-ээр нэмэгдүүлсэн хүүг тооцож байхаар гэрээнд заажээ.

Санхүүжилтийн хугацааг хувь нийлүүлэгчдийн гэрээнд гэрээ хүчин төгөлдөр болсоноос хойш зургаан жилийн хугацаанд үйлчлэхээр заасан байна. Тэгвэл санхүүжилтийн хугацаанд 1,948 тэрбум ам.долларын санхүүжүүлэх хувьцааны хүүгийн өр, давуу эрхийн хувьцаанд хөрвөснөөс хойшхи хуримтлагдсан ноогдол ашиг 792саяам. долларын өр нийт 2,740 тэрбум ам.долларын өр үүсэж байна.
Гэрээний нөхцөлөөс харахад Айвенхоу Майнз компанийн хувьд маш олон давуу боломж олгогдсон. Ямарч хэлбэрээр хөрөнгө оруулсан байлаа гэхэд Айвенхоу Майнз болон түүнд хамааралтай этгээдүүд эхний ээлжинд авсан бүх зээлээ хүүгийн хамтаар төлүүлэх, Айвенхоу Майнз компанийн хөрөнгө оруулсан гэх хувь нийлүүлэгчдийн зээл 1,0 тэрбум ам. долларын өр хүүгийн хамт төлөгдөх.

Тэдэнд хамааралтай этгээдээс авсан бүх зээлийг хүүгийн хамт төлсөн байх, санхүүжүүлэх хувьцаанд тооцсон ноогдол ашгийг хүүтэйгээр эргүүлэн төлсөн байх, бусад давуу эрхтэй хувьцааны хуримтлагдсан ноогдол ашгийг төлсөн байх энэ бүх өр төлөөсийн дараа төрийн өмчийн компанийн энгийн хувьцаанд ноогдол ашиг хувиарлах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна. Тиймээс Монголын тал ойрын ирээдүйд ногдол ашиг авах боломжийг хаагаад зогсохгүй авсан зээлийнхээ хүүнд маш их алдагдал хүлээж, Оюутолгой компаний ашгийг үндсэндээ Айвенхоу хүртэх боломжийг бүрдүүлжээ.

Ийнхүү Айвенхоу Майнз компани нь Оюутолгой ордын баялгийг үнэлж хувьцаа гарган энэхүү хувьцаанаас оруулсан хөрөнгө оруулагч нарын хувьцааны хөрөнгийг Оюутолгой компанид санхүүжүүлэх хувьцаа хэлбэрээр жилийн 12,3-12,5% хүүтэй зээлээр санхүүжүүлж, санхүүгийн түрээсийн зуучийн үүргийг гүйцэтгэжээ. Улмаар уг санхүүжүүлэх хувьцааг санхүүжүүлэлтийн хугацаа дууссаны дараа Оюутолгой компаний давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэх замаар компаний 66 хувийн хувьцааг эзэмшиж, улирал тутам хуримтлуулсан ноогдол ашиг тооцож байгаа нь санхүүгийн илт луйвар Айвенхоу Майнз компаний хувь нийлүүлэгч нарыг Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Хамгийн энгийнээр ойлгоход Засгийн газар ба гадаадын хөрөнгө оруулагч нарын хооронд Оюутолгойн ордыг ашиглах талаар тохиролцоод буй төсөл нь санхүүгийн томоохон хэмжээний гүйлгээ юм. Монгол Улсын хувьд газар доор байгаа нөөц баялаг нь ихээхэн хэмжээний санхүүгийн хөрөнгө буюу актив, гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд өөрийн биет хөрөнгө, олон улсын хөрөнгийн зах зээлд гарах шууд гарц, хөрөнгө босгох менежментийн ур чадвар зэрэг нь мөн актив хөрөнгө бүрдүүлэх үндсэн нөхцөл юм. Тиймээс энэхүү том хэмжээний санхүүгийн гүйлгээний гэрээ хэлцэл хийх зорилго нь хоёр тал өөрсдийн тус тусын активыг нийлүүлж нэг үйл ажиллагаа болгож, ашиг алдагдал, эрсдэлийг хуваалцаж, аль нэг тал нь энэхүү хэлэлцээрийн нөхцөлийг өөртөө давуу ашигтайгаар шийдвэрлэх учиргүй.

Өнөөдрийн байдлаар энэ хэлэлцээрийн үр дүнд Монголын тал хөрөнгө оруулалтын зээлийн бүх эрсдэлийг ундсэн хуульд заасан төрийн өмч болох ашигт малтмалын нөөцөөр барьцаалан, үйлдвэрлэл ашиглалтанд ороод алдагдал нөхөх найман жилийн хугацаанд 15,608 тэрбум ам.долларын өрийг Аивенхоу болон түүний хамааралтай этгээдэд эргүүлэн төлөхөөр байгаа нь Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг гурав дахин эргүүлэн төлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих