Дархан, Сэлэнгэ аймгийг нэгтгэж хот болгоё

Монголын хамгийн гоё цэвэрхэн, утаа униар, хог шороогүй хот Дархан, Эрдэнэт байлаа.

Нэг хэсэг манай шинэ цагийн баячууд Улаанбаатарын утаа униараас зугтан Дархан хотод байр худалдан авдаг байв. Дарханаас Улаанбаатар руу машинаар хоёр цаг гаран давхин ажилдаа явдаг нь ч байлаа.

Гэтэл УИХ-ын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан ба Хөтөл хороог нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумтай нэгтгэж, Засаг захиргааны нэгжийн хувьд Дархан хотыг Дархан, Шарын гол, Хонгор, Орхон гэсэн дөрвөн сумтай, 24 багтай болгож орхив.

Ёстой нөгөө “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч л болсон. Аймаг болсноос хойш Дархан хотын хөгжил нам зогссон. Хотын уугуул иргэн болон төлөвшиж байсан иргэд нь Улаанбаатар хот руу дайжих болов. Дарханы Газрын албаны мэргэжилтэн нарын алдаанаас болж хот төлөвлөлтөд нь ч алдаа гарчээ. Үүнээс болж өнөөдөр Хээтэй болон Шинэ, Хуучин хорооллын иргэд утаагаар амьсгалж эхэлжээ.

“Ухаангүй ноёнд ургашгүй албат” гэгч л болсон. Бурхантын хөндийд Мангирт, Хабитатын гэр хороолол бий болгосон болохоор аргагүй л дээ. Хуучин Дарханд ч мөн ялгаагүй гэр хорооллын бүсийг бий болгожээ. Уг нь анх энэ хотыг байгуулахдаа гэр болон, орон сууцны хорооллыг төмөр замаар тусгаарлан заагласан байдаг.

Аймаг болсон юм чинь орон сууцны барилгаар биш гэр хорооллоор тэлэх ёстой гэж Газрын албаны болон Хот төлөвлөлтийн албаны дарга нар нь ойлгосон бололтой.

Анх Сэлэнгэ аймгийн нутгаас таслан Дархан хотыг Орхон, Хараа голын сав бүсэд байгуулсан түүхтэй. Бурхантын хөндийд 1961 оны аравдугаар сарын 17-нд Дархан хотын суурийг тавьж Монгол Улсын хоёр дахь томоохон хот болгохоор төлөвлөж. Тус хотыг хуучин социалист орнууд болох ЗХУ, Болгар, Польш Унгар, Чех, Зүүн Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн тусламжтайгаар барьж байгуулсан байна.

Дархан хот нь ОХУ-ын хилээс 110 км, Улаанбаатар хотоос 220 км зайд Сибирийн ой тайгийн өмнөд хэсэгт Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба зундаа 30 хэм давж хална, өвөл 40 хэм хэтэрч хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай аж.

Нутаг дэвсгэр нь харьцангуй бага 327.5 мянган га талбайтай. Тийм болохоор иргэдэд хувьчлан өмчлүүлэх газар бага байдаг. Нутаг дэвсгэр бага болохоор бэлчээрийн мал аж ахуй хөгжих боломж байхгүй. Сэлэнгэ аймгийн сумдтай байнга л нутаг дэвсгэрийн маргаантай байх аж. Хараа голын баруун талд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Ширээнд нуруунд бүхэл бүтэн гэр хорооллын суурин үүсчээ. Үүнийг хоёр аймгийн дарга нар хэлэлцэн ярьж шийдсэн аж. Газар өмчлөл нь хуулийн дагуу гэнэ.

Дарханыг тойроод Сэлэнгэ аймгийн сумдад байдаг Мандал, Баянгол, Сайхан сум, Хөтөлийн иргэд Сэлэнгэ аймгийн төвдөө очихын тулд Дарханаар дамжин очно. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот нь улсын хойд хил дээр орших нь бүр ч гайхмаар “Зангууны үлгэр” шиг ёстой нэг холин бантан болсон хоёр аймаг байсаар байна. Энэ мэт аймгийн дотор орших аймгууд Монгол Улсад нэлээд хэд байгаа аж.

Төв аймгийн нутагт Улаанбаатар хот, Булганы нутагт Орхон аймаг, Дорноговийн нутагт Говьсүмбэр, Сэлэнгийн нутаг Дархан-Уул аймаг оршиж байна.

Аливаа зүйл жижгэрэх тусмаа хүч нь суларч, томрох тусмаа хүчирхэг болдог гэдгийг төрийн түшээд мэдмээр юм. Энэ бүх засаг захиргааны алдаа завхарлыг засч чадахгүй УИХ-ын 76 хууль үйлдвэрлэгч бидэнд хэрэг байна уу. Нэг л их хууль, дүрэм, хоёр нам, хоёр толгой ярьж цэцэрхсэн төрөөс төрсөн тэрбумтангууд байх юм. Тэдэнд эх орноо хөгжүүлэх бодол байдаггүй бололтой. Сонгуулийн дөрвөн жилд хэрхэн баяжиж, ард түмнийг ямар амлалтаар хуурч дахин сонгогдох вэ гэдэгт л ухаан бодлоо уралдуулдаг бололтой юм.

Дархан, Сэлэнгэ аймгуудыг нэгтгэж нэг том хоттой болж яагаад болохгүй билээ. Улаанбаатартай эн зэрэгцэхүйц том хот бий болгож зарим нэг төрийн байгууллагыг нүүлгэн шилжүүлбэл нийслэл рүү чиглэсэн их нүүдэл, Улаанбаатар хотын зоо нуруу тэнийх байх. Мөн замын хөдөлгөөний түгжрэл саарч, утаа униар багасах магадлал бий. Дарханд барилгын материал болон нүүрс, алт, төмрийн хүдрийн арвин их нөөцтэй аймаг юм. Эдгээр түүхий эдэд түшиглэн Шарын голын нүүрсний уурхай, Цемент, Силикат, Байшин үйлдвэрлэх комбинат, Керамзит, Эрдэс хөвөн, Төмөр бетоны үйлдвэр, Хар төмөрлөгийн үйлдвэр болон “Хүнсний үйлдвэр”, Гурил тэжээлийн үйлдвэр, Нэхий Эдлэлийн үйлдвэр, Max комбинат зэрэг үйлдвэрүүдийг барьж байгуулсан байдаг.

Барилгын материалаа холоос зөөхгүйгээр барилга барина гэдэг өртөг хямдтай орон сууц бий болох үндэс юм. Улаанбаатартай ижил хөгжилтэй хот бий болбол хүмүүсийн урсгал тийшээ чиглэх нь тодорхой.

Н.Отгонбаатар http://www.niigmiintoli.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих