АТГ гэгч тоглоомын байгууллагыг татан буулгая

Авлигын хамгийн том үүр нь УИХ

Авлига гэхээр амьтан хүн тоохоо ч больж дээ. Гэвч энэ тухай бичихгүй байх аргагүй. Авлигын дэргэдүүр дуугүй өнгөрвөл түүнийг дэмжигч болон хувирч хэзээ нэгэн цагт үр ачдаа ч юм уу, хэн нэг шударга иргэний өмнө ад үзэгдэх биз. Монгол орон маань юугаар “баян” болов гээд бодоод суутал энэ авлига гээч юмаар хахаж цацсан улс болчихож. Тэр нүүрс, алт малт бол дэргэд нь үнэндээ юу ч биш. Зөвхөн хэрэглэх төдий. Ялангуяа улс төрийн авлига улам хүчээ авлаа. Уг нь авлигатай тэмцэх газар гэдэг шинэ бүтэц бий болгон энэ гайтай үзэгдлийг хумих гэж оролдоод анхны дарга нь ёс бусаар тэнгэрт хальсан. Дараагийнх нь өөрөө ноцтой хэрэг үйлдэж ял эдэллээ. Одоо тэгээд бүтэн жил шахам энэ айл дарга, дэд даргагүй болж, эзэнгүйрээд байна. Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нар нь анхан шатны шүүхээр ял сонсмогц УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэндхийн Тамгын газрын дарга, түшмэдийг дуудан амаар “Лүндэн” буулгаж, “Дарга нарынхаа асуудлыг бүрэн шийдэгдтэл ажлаа хэвийн явуулж бай” гэжээ. Энэ нь нэгэн бодлын төрөөс ийм чухал, онцгой эрх дархтай газарт анхаарал хандуулсан мэт. Гэвч хуулиа аваад харвал Д.Дэмбэрэлд ийнхүү зөнд нь орхих “том” мэдэл байхгүй байжээ. Нарийн яривал ингэж тэр өөрийн дураар тэнд нөлөөллөө тогтоох ёсгүй байлаа. Ч.Сангарагчаа нарыг Дээд шүүхийн хяналтын шатны шүүх ялтай нь үлдээсний дараа ч Д.Дэмбэрэл дарга дахиад ёс бус аашлав. Тэрбээр иргэд болон Дээд шүүхээс ирүүлсэн бичиг сачгийг мэдэн будилж нуун дарагдуулсан “хэрэг”-т орохоо шахлаа. Шахлаа ч гэж дээ, ер нь Авлигатай тэмцэх газрын дараагийн даргын асуудлыг албан тушаалаа урвуулан ашиглаж, үгүйсгэж буй хэрэг мөнөөс мөн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн бас ялгаагүй, анхан шатны шүүхээс нэгэнт ял сонссон дарга нарыг заавал УИХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг хүлээж байна гэсэн өгнө аясаар хандаж томилгоог удаашруулснаараа авлигыг өөгшүүлсэн гэх хардлагыг яалт ч үгүй төрүүлээд байна. Авлигын эсрэг хуульд бол Авлигатай тэмцэх газрын дарга гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол шууд огцруулдаг байхаар заачихсан байгаа. Гэтэл Д.Дэмбэрэл болон түүний намынхан Ч.Сангарагчааг буцаагаад ажилд нь оруулахыг мөрөөдсөөр гурав дахь шатны шүүхийн шийдвэр гартал хүлээсэн юм. Тэдний энэ процесс нь харин одоо хүмүүст харуусал, хардлагыг зэрэгцүүлээд нааж орхилоо. Эндээс Ардын нам, Ардчилсан нам болон аль ч намыг гол болгодоггүй, зөвхөн эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчийн нэрийг хүртэл сэвтүүлэхүйц хардлага төрөөд байгаа юм. Ерөөсөө Авлигатай тэмцэх газрыг байгуулснаас хойш монголчууд юу хожив. Тоймлоод харъя гэхээр олигтой юм үнэндээ олдохгүй байна. Улс төр, бизнесийн ил, далд бүлэглэлүүдээс томоохон ямар хэргийг шалгаж шийдэв. Юу ч алга. Авлигын “торонд” нь хэдэн жараахай л орж байна. Акулууд нь авлигын дараагийн алхмуудаа хийгээд хэнэг ч үгүй явдаг нь нууц биш. Тэдний дуулиан тариад байсан лут том хэргийн сэжүүрүүд одоо замхарч бүдгэрсээр түрүүчээсээ хэн нэгний, хэзээ ч юм бүү мэд, уянгын аястайгаар зохиож түгээсэн хошин үлгэр лугаа болж үлдлээ. “Хадгаламж” банкны 14,2 тэрбумын хэрэг зөвхөн банкны хэдэн ажилтнуудаас халиагүй. Тэдний гулруулсан энэ мөнгөний дээжийг хүртэж Солонгосын казинод “аз” үзсэн У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарын хэрэг тэгсхийгээд замхарсан. Яс мөрдөж шалгасан бол үнэндээ Гаалийн Х.Баатараас том тул юм уу, акул “загас”-ууд эндээс баригдах байсан гэж учир мэдэх хүмүүс дурсан ярьсаар байгаа. За тэгээд, Эрдэнэт үйлдвэрээс мөнгө саадаг эрхмүүдийг хэзээ хойно онилсон боловч амжилт олоогүй. Эрдэнэтэд Н.Энхбаярын санхүүг босгогчид, Т.Бадамжунай, Д.Сугарын шахааныхан, Наранхүүгийн луйврын мөнгө тоологчид, Л.Пүрэвдоржийн зуучлагчид цөмөөрөө өнөөдөр хоорондоо өрсөлдөн мөнгө туусаар. Үүнийг Авлигатай тэмцэгчид нь саармагжуулаад л хаячихаж байна. Д.Дондог гишүүнийг мөрдөн шалгах гэтэл яалаа даа. УИХ-ын тухай хуульдаа өөрчлөлт оруулж “Хэргийн газар дээрээ гардуулчихаагүй бол” УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй болгочихсон байсан. Үүгээрээ түрүү бариад Д.Дондогт Ардын намынхан нь хир халдаахыг хүссэнгүй. Уг нь мань эрийн хэдэн тэрбум төгрөг залилсан, авлигадсан нь мөрдөн шалгах явцад илрээд байгаа. Үүн дээр бас аз болоход Үндсэн хуулийн цэцээс хуулийн тэрхүү гажиг заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Гэвч хэргийг шалгах явц сүүлдээ саараад ирлээ. Үүнээс өөр олон хэргийг Ч.Сангарагчаагийн үед хав дарсан гэдэг мэдээлэл ч бий. Энэ нөхөр тухайн үед Ардын нам, Ардчилсан намын аль алиных нь томоохон луйврын хэргийг мөрдөн шалгахад хаалт тавьж байсан бололтой. Тиймээс ч ажилтнуудаа тагнаж чагнаж байсан биз. Авлигатай тэмцэх газрын анхны дарга Б.Дангаасүрэн агсны амьд сэрүүндээ хэлсэн нэг ноцтой үгийг зарим нь санах байх. Тэрбээр “Энэ байгууллагад тагнуул, цагдаагаас тун бүтэхгүй хүмүүсийг дээрээс тулгаж чихээд байна” гэсэн утгатай үгээ хэвлэлээр дамжуулан хэлж байлаа. Үүнээс хойш Авлигатай тэмцэх газар ер нь өөдөлсөнгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа Авлигатай тэмцэх хуулийн 26-1 дэх заалтыг “хөнжилдөө” зассан. Тэр “сонсоно” гэдэг үгийг “хэлэлцэнэ” болгосон байв. Уул нь энд “УИХ авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар Авлигатай тэмцэх газрын мэдээллийг сонсоно” гэж УИХ-аас ёсчлон баталсныг тийнхүү өөрчилсөн нь одоо ч засагдаагүй байна. “Хэлэлцэнэ” гэж өөрчилснөөр тус газар нь УИХ болон улстөрчдийн хараат байдалд орох өндөр магадлалтай гэж мэргэжлийн шинжээчид үздэг юм билээ. Монгол дахь авлигын гэмт хэргийн тэргүүн эгнээнд өнөөдөр улстөрчид жагсаж байгаа. Олон улсын болон дотоодын судалгааны байгууллагууд ингэж үзэж байна. Тухайлбал Авлигатай тэмцэх газрын дэргэдэх судалгааны байгууллагаас авлигын төсөөллийн судалгаа хийсэн дүнг харахад ч ийм л байгаа юм. Тэдний өнгөрөгч өвөл хийсэн судалгааны дүнгээр авлигад хамгийн их өртөх магадлалтай газар нь УИХ болжээ. Мөн улс төр, хууль хяналтын хүрээн дэх авлигын төсөөллийн үнэлгээ 2010 онд 4,07 болж өмнөх оныхоосоо 0,12 пунктээр өссөн байна. Энэ онд ч мөн өсөх төлөвтэй гэж зарим ажиглагчид үзжээ. Энд жаахан тодруулбал улс төрийн хүрээн дэх авлигад өртөмхий байдлынхаа үнэлгээгээр УИХ нь 4,00, төрийн захиргааны төв байгууллага буюу яам, агентлагууд 4,40 гэж үнэлэгдэн тэргүүн байр эзэлсэн байна. Үүний нэг том баримт, баталгаа нь Оюутолгой, Тавантолгойн гэрээ юм. Энэ талаар нэмж нурших нь илүүц биз.

Эрэн сурвалжлагчдыг дэмжвэл авлигачдыг жинхэнэ сүйрүүлнэ

Бид хэдий болтол авлига гэгч ийм аймшиг дунд амьдрах ёстой юм бол оо. Авлигатай тэмцэх хүсэл сонирхол энэ УИХ-ын 76 гишүүнд лав үгүй юм байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрыг тэд зүгээр л нэг тоглоомын байгууллага болгож хувиргаж буй ажээ. Сүүлийн үед даргаар нь Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг “боевик” хочит Б.Билэгт, Н.Ганболд мэтийн хүмүүсийг томилох тухай яригдах боллоо. Энэ хоёр хүн урьд нь Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байв. Б.Билэгт нь ядаж хуульч биш. Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг гэдгээрээ гул барьж, энд тэнд зодоон хийж л явсан болохоос өөр гавьтай юм бараг хийгээгүй. Аа, гэхдээ ямар зөн совин нь хатгасныг бүү мэд, тэр жил өнөөх гайтай Гаалийн Х.Баатарыг баривчлахад зохих хувь нэмрээ оруулсан юм гэдэг. Харин Н.Ганболд бол насаараа шахуу цагдаад ажилласан. Хотын цагдаагийн дарга энээ тэрээ томхон алба хашиж явсаар тагнуулын байгууллагыг хэсэг толгойлсон. Бас л бүтэл муутай эр. ЦЕГ-ын дарга асан “Шанага” гэгддэг М.Ганболдтой гар зөрүүлж, согтуу үедээ буу шийдэмдээ тулж явсан гэлцдэг. Тэр урд зүгийн цусны хольцтой, эрх баригчдын булхайтай үйлдлүүдийг сайн мэддэг онцлогтой. Гэвч мэдэхийнхээ хэрээр шалгах, шийдэхийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй нь түүний бодит үнэн. Иймдээ л тэр өнөөдөр авлигатай тэмцэгчдийг толгойлох хэмжээнд нэр нь тодорсноос зайлахгүй. Хэрвээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ хоёр хүний алийг нь ч сонгож, томилгоо руу зүтгүүллээ гэсэн олон нийт сайнаар хүлээж авахгүй. “Өө, нөгөө Элбэгээ чинь хөгийн юм хийж байна. Хараач, очиж очиж ийм лайтай амьтанг Авлигатай тэмцэх газрын даргаар тавиад байхдаа яахав дээ” гээд шуугилдаж гарна. Үүнтэй хамт Ц.Элбэгдоржийн рейтинг навсайтлаа унаж таараа. Авлигатай тэмцэх газрын нэгэнт шороотой холилдсон нэр сүр ч сэргэнэ гэж байхгүй. Шударга, тууштай, сэтгэлгээний хувьд шинэлэг, аль ч намын нөлөөнд автахгүй, алсын хараатай, авлигын акулуудаас хэнээс нь ч айхгүй тулж чадах, зоримог, шийдэмгий, бас тэгээд уран нарийн арга барил, эрүүгийн нөхцөл байдлын торгон мэдрэмжтэй тийм хуульч уг нь монголоор дүүрэн бий. Яагаав, Баабар шоглон хэлж байсан даа, “Санаандгүйгээр чулуу шидэх тоолонд нэг хуульчийн толгойг оночихоод байдаг” гэж. Ийм олон хуульчтай улс манайхаас өөр огт байхгүй. Наад зах нь Банзрагчийн Дэлгэрмааг АТГ-ын даргаар биш гэхэд дэд даргаар томилбол ёстой хуйхалж өгнө. Гэвч түүний шударга чанараас Ц.Элбэгдорж эмээж байгаа болов уу. Тэр бүү хэл Ардын намын хэдэн чулуу шиг “зүрхтэй” авлигачид нь үхтэлээ айх тул энэ эмэгтэйг тийш нь зүглүүлэхгүй байх. Академич С.Нарангэрэлийг Ц.Нямдорж өрөөсөн нүдээрээ ч хялайж харахыг хүсэхгүй. Яагаад гэхээр мань хүн түүнийг олон удаа “тоншсон”. Цаадах нь шударга юм яриад байхаар Ц.Нямдорж ямагт шоглохыг оролдсоор өдий хүрсэн гэнэ лээ. Энэ мэтээр тоочоод байвал өнөөгийн энэ дарга нарт таалагдах хүн бараг олдохгүй нь ээ. Олдож буй цөөн хэд нь тэдний өрөөсөн дугуйнууд. Иймээс Авлигатай тэмцэх газар гэж ер нь байгаад ч нэмэргүй болжээ. Асар өндөр зардалтай энэ газрыг өөрчлөх ганцхан зөв сонголт үлдэв бололтой. Тэр нь юу гэвэл, татан буулгах. Ингэж мөнгө хэмнээд цагдаа, тагнуулын байгууллагын чиг үүрэг дотор чихэж орхивол илүү үр дүнтэй шийдэл болох юм шиг байна. “Авлигын талаархи соён гэгээрүүлэх ажил” хэмээх догматик хэлбэрээсээ салж чадаагүй зүйлийг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэнд өгвөл өлхөн хийнэ дээ. Мөрдөн шалгах ажлын зарим хэсгийг эрэн сурвалжлах сэтгүүлчид үүрээд явж бас чадна. Ганцхан тэдэнд найдвартай санхүүжилт хэрэгтэй. Тэд цагаа тулахаар хэр баргийн хэргийг илрүүлээд, бүр мөрдөн шалгах ажиллагааг нь ч сайн дураараа хяначихдаг улс. Мөн дээрээс нь иргэний байгууллага, хувийн мөрдөгчдийг хөхүүлэн дэмжээд эхэлбэл бүүр болоод явчих байх аа.

Б.Отгонбаяр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих