“Пума Империал” зочид буудлын 17 давхараас цахилгаан шат унажээ

40cd24523c76fd78a4938b1a121b9ba9Өчигдөр буюу наймдугаар сарын 1ний 15 цаг 40 минутын орчим Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн байртай залгаа “Пума Империал” зочид буудлын шинэ өргөтгөлийн байрны 17 давхараас цахилгаан шат доош унан хүний аминд хүрэх эрсдэлтэй осол болжээ.

Тухайн хэрэг гарах үед цахилгаан шатанд найман хүн явж байсан бөгөөд хоёр хүний хөл гэмтэн гишгэж чадахгүй байснаас гадна зарим нэг хүн нь дотуур доргилттой дотор нь муухай оргин бөөлжсөн гэнэ.

Цахилгаан шатанд найман хүн суухад даац хэтэрсэн гэх ямар нэгэн дохиолол дуугараагүй учраас тэд доош буужээ. Гэтэл цахилгаан шат 5-6 давхар орчмоос унаж эхэлжээ. Цахилгаан шатны дээрээс шороо унаад, гэрэл нь тасарч доошоогоо маш хүчтэй унаад, дээшээ ойхдоо нэг давхрын талд нь ирээд гацсан байна. Харин дотор нь байсан хүмүүс дээшээгээ авирч гарч ирсэн гэж тухайн газар байсан хүмүүс ярьжээ.

Хохирогч болсон иргэд цахилгаан шатнаас гарч ирээд, үүдний ресепшнд нь хандан удирдлагаа дууд гэхэд “Манай байгууллагад ямар ч хамаагүй. Цахилгаан шат хийсэн компанид л хамааралтай. Зүгээр л байна ш дээ, юун сүртэй юм бэ” гэх мэтийн зүйлс ярьж уурласанд тухайн иргэд гомдолтой байгаа аж.

“Пума Империал” зочид буудлын осол гарсан цахилгаан шат нь “Dresdon Elevator” брэндийн есөн хүн суух боломжтой буюу  630 кг ачааны даацтай юм.

Ямартаа нь хүний амь нас хохирч болох эрсдэлтэй ийм осол гарчихаад байхад тухайн зочид буудлын удирдлагууд хэргийг булзааруулж, өөр хэн нэгэн рүү хариуцлагыг чихэж болно гэж үү. Өөрсдөө үйл ажиллагаа явуулж байгаа учир үйлчлүүлэгч нараасаа ядаж уучлалт гуйж, цахилгаан шат оруулж ирсэн компаниараа техник үйлчилгээг нь байнга шалгуулж байх нь тэдний үүрэг юмсан.

dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих