Хандив, тусламж утгаа алдлаа

10864

Хандивын аян өрнүүлж, 90 гаруй настай эмээг орох оронтой болгож, түүгээрээ олонд танигдсан  Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй  фэйсбүүк хуудсаараа дамжуулан  “Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аян зогсож байгааг албан ёсоор мэдэгдлээ.  Шалтгааных нь тухайд “Сарнай эгчийнд байдаг хүүхдүүдийн 90 хувь нь эцэг эхтэй болохыг оршин суугчдаас мэдсэн. Хүүхдүүдийн тухай судлаж үзэхэд Хогийн цэг дээр амьдарч байсан хүүхэд бараг байсангүй. Мөн хүүхдүүдийн 90 хувь  нь эцэг эхтэй гэр оронтой хүүхдүүд. Хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахад Сарнай эгч тэдэнд гэртэй болгоно хүүхдээ өг гэсэн байна. Мөн зарим хүний гэрийг барьцаалж хүүхдээ өгөхгүй бол гэрийг чинь өгөхгүй гэж дарамталсан байна. Сарнай эгчийн талаар сөрөг зүйлс их ирдэг байсан ч би зөндөө өмөөрч хамгаалж байлаа. Харамсалтай нь олны үг ортой байжээ. Одоо утсаа ч авахгүй. Ерөнхий сайдаас шагнал авсны дараа сайтуудад мэдээлэл нь “Их нигүүсэл” ТББ – ийн тэргүүн М.Сарнай гэсэн гарчигтай мэдээллүүд цацагдсан. Утсаар залгаж учрыг нь асуувал тоймтой зүйл хэлсэнгүй. Дотор нь байгаа миний хувьд намайг түлхсэн явуулах гэсэн санаа илт харагдаж байна. Надаас нууж хийгээд байгаа зүйлс миний, ард түмнийг эргэлзэхэд хүргэж байна. Ирээдүйд энэ төвийг бизнес болгох гэж байгаа бол бид босгож чадахгүй” гэж тайлбарлажээ.

Мөн төвийн бүтээн байгуулалтад зориулан эхлүүлсэн  “Нэг хүн нэг тоосго” аяны хандивыг Дэлгэр гэгч хүний гурван өөр банкны дансанд төвлөрүүлж байсны зэрэгцээ сарын өмнө тус хандив 40 сая төгрөг болсон байсныг ч тэрбээр мэдэгдсэн байна.  М.Сарнайн тухайд  хүүхдийн төв байгуулах газраа  НЗДТГ-аар  шийдүүлж,  сарын өмнөхөн Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр хүртэл шагнуулсан юм. Гэтэл  Ц.Сувд-Эрдэнийн бичсэнээр 37 настай 30 гаруй хүүхэд өсгөж яваа эмэгтэй залилагч болж таарав. Энэ мэтээр сүүлийн үед маш олон хандивын аян өрнөдөг ч,  иргэд зарцуулалтад нь хяналт тавьж чаддаггүйг далимдуулан  залилагчид олширсоор байгаа нь  нууц биш.

Саяхан гэхэд хотын төвд салон ажиллуулдаг нэг эмэгтэй хүүхэд нь өвчтэй хэмээн худлаа ярьж, байсхийгээд л хандив цуглуулдаг талаар мэдээлэл гарч эхэлсэн. Бас өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард гэхэд дуучин Нара өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж өвчтэй хүүхдийн нэр барьж, хандив цуглуулах луйвар хийж байгааг мэдээлж байсан юм. Өвчтэй хүүхдээ эмчлүүлэхийн тулд эцэг эх нь хандивын данс нээхэд нь өөр хүмүүс хуурамч данс нээн хандивыг нь  авч байсныг хүүхдийн эмээтэй ярьж илрүүлсэн талаараа дуучин бүсгүй бичиж байлаа.

Үнэхээр тусламж хэрэгтэй, үр хүүхэд хайртай дотны хэн нэгнийгээ харсаар байж алдахгүйн тулд эцсийн найдвар болгон халуун сэтгэлт ард түмнээсээ тусламж гуйх нэгэн байх. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр сайхан сэтгэлийн хандив утгаа алдаж, хэн нэгэн сувдаг сэтгэлтний амьдралаа залгах өгөөш болж хувирлаа. Амжилт олсон хандивын аян алийг тэр гэх вэ. Гэхдээ  очих эзэнтэй, зарцуулалтад нь тавих хяналттай хандивын аян зохион байгуулж, зөв зүг рүү нь чиглүүлэхгүй бол болохгүй нь.

Ер нь хүнд өвчин туссан, гадаадад эмчлүүлэх шаардлагатай, бусдын тусламж зайлшгүй хэрэгтэй байгаа хүмүүст хандив цуглуулж өгдөг 2-3, магадгүй түүнээс арай олон ТББ байвал ямар вэ.  Эмчилгээний төлбөрөө олох гэж ядаж байгаа иргэд нэр бүхий хэдхэн ТББ-д хандаад, зөвхөн түүгээр л дамжуулж мөнгөө цуглуулдаг байвал яасан юм. Мэдээж хандив цуглуулж өгч байгаа учраас тодорхой хувийг нь авч, санхүүждэг байх хэрэгтэй болов уу. Гэхдээ тийм өндөр биш 10 юм уу түүнээс арай их хувийг нь авдаг байхад л болно. Жаахан хяналттай байхгүй бол иргэд хандив тусламжид итгэл алдарч, үнэхээр хэрэгтэй нэгэн нь хохироод дууслаа.

Эх сурвалж: Мminfo.mn

http://www.mminfo.mn/news/view/13960


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.