Нэг гэр бүлийн таван хүний ирээдүйг сүйтгэснийхээ төлөө 500 мянгаар торгуулаад өнгөрөх үү

1c3e687ff13858b446598acddf66ec53Хүнд даацын автома­шины ачааг зориу­лал­тын бэхэлгээгүй тээвэрлэсний улмаас зам тээврийн осол аваар ихээр гарах болсон. Тодруулбал, цөөнгүй жилийн өмнө гадаадын жуулчдын сууж явсан автобус дээр ачааны машины тээвэрлэж явсан чингэлэг унаж олон жуулчин нас барсан харамсалтай хэрэг гарч байв.

Мөн 2012 оны долдугаар 9-ны өдөр олон хүний амийг авч мэдэхээр томоохон осол гарсан нь 40 тонны чингэлэг суудлын автомашин дээр унасан тохиолдол байв.

Энэ ослоор нэг хүн нас барж, хоёр хүн хүнд бэртсэн юм. Тухайн үед чингэлэгт ахуйн хэрэглээний 220 граммын хэмжээгээр савласан 2328 хайрцаг буюу 65184 ширхэг шингэрүүлсэн, шатдаг хийтэй баллон байжээ. Ослын үеэр хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсанаас болж шингэрүүлсэн шатдаг хий агаарт тархсан байсан юм.  Иймд Аврах гал унтраах 26 дугаар ангийн алба хаагчид орчны агаарыг саармагжуулж, хамгаалах, болзошгүй гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор усан хөшиг татаж, чингэлгийг хөөсөөр хучсанаар аюулыг бууруулж чадсан байдаг.

Энэ мэт хариуцлагагүй нэгний буруугаас болж осол аваар гарч, олон арван хүний эрүүл мэнд, амь насыг авч одсоор байна. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн X хороо, Баянхошууны хуучин эцсийн тойрог орчимд ачааны автомашин чингэлэг тээвэрлэх явцдаа хамгаалалтын бэхэлгээ хийгээгүйн улмаас 40 тоннын чингэлэг “приус” машин дээр унасан хэрэг гарсан билээ.

Ослын үеэр приус автомашинд долоон сартай нярайгаас 36 насны нэг гэр бүлийн таван зорчигч явсан бөгөөд тэдний амь насыг аврах ажиллагаанд энгийн ардаас эхлээд Онцгой байдлын Ерөнхий газрын аврах ангийн аврагчид гурван цагийн турш ажилласан байдаг.

Өнөөдрийн байдлаар ослын шалтгаан бүрэн тогтоогоогүй байгаа бөгөөд Замын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Урьдчилсан дүгнэлтээр тухайн чингэлгийг ачих үед хамгаалалтын бэхэлгээний гогцоо байгаагүйн улмаас даруулга ашигласан бөгөөд замын хөдөлгөөнд оролцох үеэр ачааны машины тормоз ажиллагаагүй болсон гэсэн дүгнэлт гарчээ. Эндээс үзвэл, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцсон автомашины жолооч болон тухайн ачааг тээвэрлэх захиалга өгөхдөө чингэлгийг аюулгүй тээвэрлэх нөхцөл боломжийг хангаж өгөөгүй захиалагчийн хариуцлагагүй байдалтай салшгүй холбоотой юм.

Тэдний ийм хайхрамжгүй, эрх ашгаа бодсон үйлдлээс болж нэгэн гэр бүлийн таван хүн эрүүл мэндээрээ насан туршдаа хохирч үлдэх боллоо. Осолд орсноос хойш энэ гэр орлогын ямар ч эх үүсвэргүй болсон байна. Тиймээс сайхан сэтгэл гаргаж, туслахыг хүссэн иргэдийн тусламжийг авахаас өөр аргагүй болсон ажээ. Ослын улмаас гэр бүлийн таван гишүүд Гэмтэл, согог судлалын сэргээн засах үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн ч эмнэлгийн ор хүрэлцээгүйн улмаас гэрээр эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй болжээ. Дээр хэлсэнчлэн өөрсдийн өчүүхэн чинээ эрх ашгийн төлөө элэг бүтэн нэгэн гэр бүлийн эрүүл эндийг “булааж” авсан захиалагч компанийн удирдлагуудад хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцэх буй за. Тиймээс энэ удаагийнхаа сурвалжлагаар дээрх төрлийн осол, гэмтэлтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон уг хэргийг хэрхэн шийдвэрлэж байгааг холбогдох албанаас тодруулахын зэрэгцээ хохирогчтой уулзаж биеийн байдал хэр байгааг тодрууллаа.

Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Очирбат:

-Хүнд даацын автома­шины ачаа унасан тохиолдол олон гарлаа. Том оврын ачаа тээвэрлэхэд ямар дүрэм, стандарттай байдаг вэ?

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 22 дугаар бүлэгт ачаа тээвэрлэх гэсэн тусгай заалт бий. Энэ заалтын 22.2-т ачааг унаж, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцоход аюул учруулахгүй байх нөхцөлийг хангана гэж заасан байдаг. Мөн ачааг ачихдаа жолоочийн харах орчинг хязгаарлахгүй байх, тээврийн хэрэгслийн тогтворжилтийг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэх байх шаардлагыг заасан. Түүнчлэн тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх чиг заадаг гэрэл буюу гараар өгөх дохио, улсын дугаар, таних тэмдгийг халхлахгүй байхаар ачааг ачих ёстой. Их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр, тоос шороо босгохгүй, зам орчныг бохирдуулахгүй байх гээд дүрмээр нарийн заасан. Эдгээр шаардлагыг хангаж байж ачаа тээвэрлэх ёстой. Мөн хот суурин газарт 22.00 цагаас 06.00 цаг хүртэл дуу чимээ гарган ачаа ачиж, буулгахыг хориглосон байдаг.

-Хотын хэмжээнд хүнд даацын автомашиныг хэрхэн зохицуулж хөдөлгөөнд оролцуулдаг вэ. Техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, ачилтын дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслүүд олон байдаг. Энэ асуудалд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Хотын хэмжээнд ачаа тээвэрлэлтийг зохицуулах зорилгоор 2014 оны зургадугаар сард нийслэлийн ИТХ-аар тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоолоор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ачааны автомашиныг цагийн хязгаартай оролцуулах түр зөвшөөрөл олгох журмыг баталсан байдаг. Түр зөвшөөрлийг Нийслэлийн Тээврийн газраас олгодог. Өөрөөр хэлбэл, стандарт шаардлагад нийцсэн, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг харгалзан Е, С зөвшөөрлийг зургаан сарын хугацаанд олгодог. Мөн хориглосон газруудад зорчихын тулд Нийслэлийн Тээврийн газраас түр зөвшөөрөл олгодог юм. Хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон цаг болон автозамын нэршлийг журамд тодорхой заасан байдаг. Тухайлбал, Е ангиллын ачааны автомашин 11.00 цагаас 20.00 цаг хүртэл зорчихыг хориглосон автозамд Багатойруугаас дотогш, Энхтайвны өргөн чөлөө, МУБИС-ийн уулзвар, Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвар зэрэг орно. С ангиллын ачааны автомашин Баруун, зүүн дөрвөн зам болон сая дурдсан автозамууд багтана. Түүнчлэн замын хөдөлгөөний дүрэмд техникийн бүрэн байдал хангаагүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог. Хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдлыг жолооч өөрөө шалгах ёстой.

-Хэрвээ зөрчил гаргавал ямар хариуцлага ногдуулах ёстой вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 14.7-гийн 47 дахь заалтад замын хөдөлгөөний дүрэмд зааснаар ачаа тээвэрлэх журам зөрчсөн тохиолдолд хувь хүнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалттай. Мөн энэ хуульд ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хувь хүнийг 25 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 250 мянган төгрөгөөр торгох заалттай.

-Саяхан 40 тоннын чингэлэг суудлын автомашин дээр унасан хэрэг гарсан. Урьдчилсан дүгнэлтээр автомашины тормоз ажиллаагүй, чингэлгийг бэхэлгээгүй ачиж явсан гэсэн. Ийм төрлийн хэргийг хэрхэн шийдвэрлэдэг юм бэ?

-Энэ хэргийн шалгалтын ажил үргэлжилж байгаа учир эцсийн дүгнэлтийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хэрвээ чингэлгээ бэхэлгээгүй тээвэрлэж байсан нь тогтоогдвол Замын хөдөлгөөний дүрмийн 22.2-т зааснаар ачаа унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд аюулд учруулсан гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үг. Мөн дээр дурдсан тоормосны механизм эвдрэлтэй техникийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон заалтыг зөрчсөн гэсэн үг. Эдгээр зөрчлөөс улбаалаад жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хувь хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно гэж хуульд заасан байдаг. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол Гэмт хэргийн тухай хуулиар асуудлыг шийдвэрлэдэг.

-Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол жолоочоос гадна чингэлэг ачих захиалга өгсөн хүмүүст хариуцлага хүлээлгэх үү. Захиалагч талаар хохирогчдийн хохирлыг бүрэн барагдуулах зохицуулалт хууль, эрхзүйн орчинд байгаа юу?

-Шалгалтын явцад буруутай этгээдийг тогтоож, хохирлыг нь барагдуулах үйл ажиллагааг шүүхээс эцэслэн шийдвэрлэнэ.

Замын цагдаагийн албаны холбогдох албаны тушаалтнаас ийм мэдээлэл өгсөн юм. Тиймээс приус автомашинд сууж явсан гэр бүлийнхэнтэй уулзахаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд очсон боловч “Эмнэлгээс гарсан” гэх мэдээллийг өгсөн тул гэрт нь очиж уулзлаа.

Д.Мөнхбаатар: Цаашдаа яах бол гэж бодохоос айж, дотор харанхуйлж байна

-Тэр өдөр чухам юу болсон бэ?

-Манайх Баруун салаанд зусланд гарчихаад түймрийн утаатай байсан учраас хүүхдүүдээ агаар салхинд гаргах зорилгоор уул руу гарч сууя гэж бодоод гэр бүлээрээ явж байсан. Бага хүү минь халуунтай байсан болохоор эмийн сангаас эм авах санаатай эргэсэн юм. Баруун салааны тойргийн уулзвар, гэрлэн дохиогоо хүлээгээд зогсож байтал Жанцан дэлгүүрийн талаас контейнер ачсан том оврын машин эгц өөдөөс давхиад ирэхээр нь сандарсандаа баруун гар тийшээ дараад 3-4 метр явж амжаагүй байтал контейнерийн булан харагдсан. Түүнээс хойш юу ч санахгүй байгаа юм. Ухаан ороод сэрээд хартал хажууд суусан хоёр хүүхэд ухаан алдчихсан, арын суудал дээр явж байсан эхнэр, бага хүү хоёр ухаан алдаад сэрсэн байсан. Яг тухайн үед аз болж 103-ын эмч залуу бидний ойролцоо явж таараад  бидэнд тусалсан. Эхлээд эхнэр, бага хүү маань хоёрыг машинаас гаргасан. Урд суудалд явж байсан хоёр хүү хавчуулагдчихсан, өвчиндөө тарчлаад уйлалдаж, хоёр цагийн турш хэчнээн удаа ухаан алдаж, сэрснийг мэдэхгүй байна. Эмч залуу хоёр хүүд ээлжлээд л хиймэл амьсгаа хийж амь насыг нь торгоож байх үед яаралтай түргэн тусламж, онцгой байдлынхан гэр бүлийн минь амийг аварсан.

-ГССЗҮТ эмнэлэгт хэд хоног эмчилгээ хийлгэсэн юм бэ. Хэзээ эмнэлгээс гарсан бэ?

-Долдугаар сарын 16-наас 28-ыг хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Манай хүүхдүүд ослоос болж бүгд тархины гэмтэлтэй болсон. Гурван настай дунд хүү маань зүүн гар нь хугарч, зөрчихсөн байсан учир яаралтай хагалгаанд орсон. Арван таван настай том хүүгийн уушги нь няцарсан тул уушгийг сэргээх талын эмчилгээнүүд хийсэн. Гэр бүлээрээ 12 хоног хэвтэж эмчлүүлсэн.

-Одоо үргэлжлүүлээд гэ­рээ­рээ эмчлүүлж байгаа гэ­сэн. Хүүхдүүдийн тань биеийн байдал ямар байгаа вэ?

-Бага хүү баруун гуяндаа хугаралтай, долоохон сартай болохоор учраа мэдэхгүй байнга уйлагнаад байж байна. Гурван настай хүү бусдыгаа бодоход тархиндаа илүү гэмтэлтэй тархины яс цуурсан байдалтай болохоор толгой нь байнга өвдөж уйлна. Том хүү баруун хөл мэдээгүй, зүүн хөл нь хугарсан. Эмч нар 7-8 сар тууштай сайн эмчилгээ хийвэл баруун хөл нь мэдээ орох магадлалтай гэж хэлсэн. Миний биеийн байдлын тухайд эмч нар хэлэхдээ, зүүн хөлийн өвдөг жийргэвч мөгөөрс нь урагдсан, шингэн нь асгарсан, булууны ясанд нэлээд өөрчлөлт орсон байна гэж оношилсон. Хагалгаанд орох гэтэл ГССЗҮТ-ийн “Ачаалал ихтэй байгаа учраас хагалгаа хийх боломжгүй. Түр хугацаанд хүлээж бай” гэсэн. Тэгэхээр нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт хагалгаа хийлгэх зардлыг судалж үзтэл бараг таван сая төгрөгөөс наашгүй юм байна лээ.Би өөрөө өнөө маргаашгүй эмнэлэгт хэвтэж хагалгаанд орох шаардлагатай байгаа. Дунд хүүг ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн эмчид үзүүлсэн, сул ор гараагүй учраас хэвтэн эмчлүүлэх хугацаа нь хойшилсон. Гуравдугаар эмнэлэгт том хүүгээ хэвтүүлэхээр оочер хүлээж байна.

-Эмчилгээний зардал мөнгийг яаж зохицуулж байна вэ. Хүмүүс тусламж үзүүлж байгаа юу?

-Манай монголчууд их сайхан сэтгэлтэй юм. Эхнэр бид хоёрын хамаатан, садан, байгууллагын хамт олон, арван жилийн найз нөхөд гээд бүгд тусалсан. “Хүнд үеийг даваад хурдан эдгээрэй” гэсэн зурвас илгээж, тав арван төгрөг дансанд хийж байгаад нь баярлаж  байна. Хандивын мөнгөөр үнэ өртөг өндөр нэн ховор эм тариаг нь авч байгаа. Ядаж ганцхан хүн биш гэр бүлээрээ өвчин зовлонтой хэцүү л байна.  Эмчилгээний урсгал зардал ихтэй юм. Цаашдаа яахаа мэдэхгүй л байна.

-Осол гаргасан жолооч та бүхэнтэй холбоотой байгаа юу. Та бүхэнд тусалж байна уу?

-Жолооч нь 53 настай хүн байна лээ. Насаараа том тэрэг барьсан гэхэд хариуцлагагүй байгаа юм. Эмнэлэгт байх хугацаанд эм тариа зөөж, гэр бүлийнх нь хүн эргэж тойрч байсан. Осол гаргасан жолоочийн хариуцлагын даатгалаас “Тэнгэр” даатгал таван сая төгрөг эмчилгээний зардалд эхний ээлжинд өгсөн.  Замын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, жолоочийг байцааж байгаа гэсэн.

-Танд сэтгэл санааны хувьд үнэхээр хэцүү байгаа байх. Гэхдээ та яг одоо юу бодож байна

-Өнөө маргаашдаа эм тариа хэрэглээд өвчин намдаж байгаа хэдий ч ирээдүйд яах бол гэж бодохоос л дотор харанхуйлж байна. Хүүхдүүдээ л эрүүл саруул болгочих юмсан гэж бодоод сууна. Том хүү маань сэтгэлзүйн хувьд хэцүү л байна. “Ааваа, би хичээлдээ явж чадах болов уу, насан туршдаа тэргэнцэр дээр суумгай болчих юм биш биз дээ” гэх мэт асуугаад уйлах юм.

Бид осол гаргасан 53 настай жолоочтой утсаар холбогдсон боловч тэрбээр харамсаж байгаагаа илэрхийлсэн ч, хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Эрдэнэт хүний таван амийг хохироогүй ч, тэд насан туршдаа бие, сэтгэлийн зовлон эдлэж амьдрах нь лавтай. Албаны хүний хэлснээр энэ хэрэг удахгүй шийдэгдэнэ гэсэн. Гэсэн ч чингэлэг тээвэрлэх захиалга өгсөн компанийн удирдлагууд хариуцлагаас мултарч үлдэх магадлалтай гэдгийг сурвалжлагын үеэр хэлсэн юм. Тиймээс шүүх, цагдаагийн байгууллагын албан хаагчдад эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон нэгэн гэр бүлийн хохирлыг барагдуулахад хоёргүй сэтгэлээр хандаарай гэдэг үгийг дайя.

Б.ЦЭНД-АЮУШ, С.БЭРЦЭЦЭГ

Үндэсний шуудан сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.