“С.ЗОРИГИЙН ХЭРЭГ” ЭЦЭСЛЭГДЭХ ҮҮ

olloo_mn_1501813349_5b61918f4ec2e8ad432061e732cdbf7aС.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн  шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр болсон. ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид таван өдрийн турш хаалттай хуралдсан  шүүх хурлаас шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутайд тооцож, ялын дээд хэмжээ оноосон билээ.

Харин тэдний ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдэж, Давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сард болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар хэрэгтнүүдийг хорих ангиудад шилжүүлэн байршуулсан билээ. Гэвч уг хэргийн дуулиан, шуугиан одоо ч намжаагүй. Хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандан хэргийг дахин сайтар нягталж үзэхийг хүссэн.

Түүнчлэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, шүүхээс ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн удаа дараа мэдээлэл хийж, анхан болон давж заалдах шатны шүүх хуралд уг хэргийн  газар дээр нь байсан цорын ганц гэрч Б.Булганыг оролцуулаагүй нь  шүүхийн шийдвэрийг хардах үндэслэл болж байгаа хэмээн мэдээлсэн юм. Тэд хэрэг гарах үед буюу 1998 онд Б.Булганы өгсөн мэдүүлэгтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар огт таарахгүй байсан ч  хуулийнхан энэ талаар огт мэдээлэл өгөөгүй бөгөөд Шүүх хурлын дараа анхны ам зурагтай таарсан гэснээс өөрөөр Б.Булган хэрэгтнүүдийг таньсан гэдэг үгийг хэн ч хэлээгүй гэдгийг онцолж байсан билээ.

Ямартай ч “С.Зоригийн хэрэг” хэмээн нэрлэгдсэн  төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг 18 жил шалгасны эцэст өнгөрсөн онд шийдвэрлэсэн. Тэгвэл хэргийн шүүх хурал бүх шатны шүүхээр явж өнөөдөр эцэслэгдэж магадгүй байна. Учир нь шүүх хурлын бүрэлдэхүүнд ямар нэгэн төлөвлөөгүй зүйл  болохгүй бол өнөөдөр Улсын дээд шүүхэд хяналтын шатны шүүх хурал товлогдсон байгаа юм. Хяналтын шатны шүүх хурлаар өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хянаж  шийдвэр гаргана.


URL:

Сэтгэгдэл бичих