БУЯНЫ ДЭЭД НЬ ӨГЛӨГ ХЭДИЙ Ч…

olloo_mn_1501810449_Untitled-1Монголчууд бид “Хүний тус багаддаггүй” гэж ярьдаг. Үнэхээр ч “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусал”-вал тэр тус, жинхэнэ хүний сайхан сэтгэлийн илэрхийлэл болж, өгсөн авсандаа өлзий хишгээ хайрлах нигууртай. Монголчууд бид 27 жилийн өмнө 70 жил явсан замаа гэнэтхэн өөрчилж, зах зээлийн эдийн засаггай, хуучнаар бол капиталист нийгмийг сонгоцгоосон. Хэн овсгоо самбаатай нь, хэн аминдаа арчаатай ажилч хичээнгүй нь баян цатгалан, нэр төртэй амьдардаг зах зээлийн эдийн засагтай өнөөдрийн тухайд Монголын нийгэмд баян ядуугийн ялгаа улам л алсран холдож байгаа нь маргашгүй үнэн.

Үнэндээ банкинд аваачиж хадгалуулсан мөнгөнийхөө тоог байтугай аль банкуудад хадгаламжтай гэдгээ ч мартсан шинэ цагийн баячууд, улстөр, бизнесийн олигархиуд зун нь Монголд, өвөл нь Сингапур, Гонгконг, Солонгост тансаглан амьдардаг бол Улаанбаатарын захын гэр хорооллын ядуус өвөл нь хөлдөж үхэхгүйн тулд машины хуучин дугуй шатааж, бог малын цувдайг 10 хуваан идэж бор хоногийг өнгөрүүлдэг амьдралын өдөр, шөнө шиг хэв маяг нэгэнт бүрэлдэн тогтжээ.

Тэр ч утгаараа сүүлийн үед цахим ертөнцөд орон гэргүй, оочих аягагүй, өвчинд шаналсан, өтөлж, хөгширсөн гээд янз бүрийн насныханд туслахыг хүссэн уриалга байнга шахам харагдах болсон. Өрөвч сэтгэл нь амар байлгахгүй болохоор залуус нэгдэж, ТББ-ынхан хамтарч өвдөж, шаналсан, өнчирч үлдсэн, орон гэргүй гэх зэрэг олон хүнд тусалсан тухайгаа олон нийтэд мэдээлсээр байна.

Үүнийг тэрлэгч ч болж л өгвөл өөрөөсөө илүүчлэн тусламж, дэмжлэг хүссэн олон хүний дансанд чадах чинээгээрээ буян санаж хэд гурван төгрөг нэмэрлэх юм уу, гудамж, талбайд гуйлга гуйгаад сууж байгаа хүмүүсийн өмнөх хайрцагт мөнгө хийлгүй өнгөрч байсан удаа бараг л байхгүй. Өвлийн жавар тачигнасан царцам хүйтэн өдөр цементэн шалан дээр хариугүй муу хувцастай, ядруу дорой царайтай хүүхэд, хөгшид хоолны мөнгө гуйгаад сууж байхыг харчихаад дэргэдүүр нь зүгээр яваад өнгөрвөл том нүгэл үйлдсэн мэт санагдан сэтгэл сэмрээд болж өгдөггүй учир заавал хэдэн төгрөг хийчихээд л цааш замаа хөөгөөд сурчихсан.

…нэг удаа тусламж, дэмжлэг авсан хүмүүс “Олны хүчээр болдог юм байна” гэх бэлэнчлэх сэтгэлгээтэй болоод байна уу…

Гэвч бусдад туслана гэдэг нэг утгаараа буян боловч нөгөөтэйгүүр нүгэл болж хувирах нь уу гэлтэй. “Загас барьж өгөх бус, барих аргыг нь зааж өг” гэдэг дээ. Яг л түүн шиг нэг удаа тусламж, дэмжлэг авсан хүмүүс “Олны хүчээр болдог юм байна” гэх бэлэнчлэх сэтгэлгээтэй болоод байна уу гэх эмзэглэл сүүлийн үөд төрөх боллоо.

Үүний хамгийн сүүлчийн бэлээхэн жишээ нь цахим ертөнцөөр бие биенээ “луйварчин, дээрэмчин”-ээр дуудалцаж байгаа 37 хүүхэд үрчлэн өсгөж байгаа гэх М.Сарнай болон “Сарнай” хүүхдийн төвийг бүтээн байгуулахын тулд “Нэг хүн Нэг тоосго” аяныг санаачлагч Ц.Сувд-Эрдэнэ гэгч хоёр бүсгүйн дундах дажин гэж хэлж болно. Тухайлбал, Ц.Сувд- Эрдэнэ нь М.Сарнайгаа “Аав ээжтэй хүүхдүүдийг авч тэдний нэрээр мөнгө олоод орой нь архи уудаг. Төр засаг болон маш олон хүнийг хууран мэхэлсэн энэ хүний тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгнө. С.Дэлгэр эгч болон М.Сарнай нарын хамтын дансанд одоогоор 40 гаруй сая төгрөг цуглараад байгаа. Энэ мөнгийг ч үрэгдэхээс нь өмнө эздэд нь буцааж олгуулна” гэсэн бол М.Сарнай нь Ц.Сувд-Эрдэнийгээ “Тэр “Сарнай” хүүхдийн төвийн эзэн болж чадахгүйгээ мэдээд л намайг гүжирдэж байна. Би урьд нь мөнгөгүй болоод л байсан, одоо ч надад мөнгө хэрэггүй. Сувд-Эрдэнэ гол намайг Ерөнхий сайдаас шагнал авахдаа өөрийнх нь “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын нэрийг дурдсангүй гэж л дандаа уурлаж загнаж хонзон санахдаа энэ бүх гүжирдлэгийг хийж байна” хэмээн бие бие рүүгээ дайраад байгаа.

Ямартай ч Улаанчулуутын хогийн цэг дээрээс амьдралаа залгуулдаг хүмүүсийн хүүхдүүдийг асран хамгаалдаг “Дарь эх”-ээр тодорч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гараас шагнал хүртэл аваатахсан М.Сарнай гэгч нь хүний өөрийн 37 хүүхдийн нигүүлсэнгүй эх бус оройн цагаар архидан хөлчүүрдэг, тэдгээр хүүхдүүдээ олигтойхон хооллож хувцасладаггүй хахир хатуу “Хойд эх” болж таараад байгаа. Мэдээж заргалдагч хоёрын хэнийх нь үнэн зөв болохыг цагдаа, хууль шүүх, цаг хугацаа тогтоох нь дамжиггүй.

Хамгийн гол нь энэ мэтчилэн элдэв арга заль зохиож зовлон тоочсоор бусдаар бүхнээ бэлтгүүлдэг хүмүүсийн цувааг ад үздэггүй юм гэхэд дор бүрнээ өөгшүүлж, хөхиүлэн дэмжихдээ гол нь бус “Загас барих аргыг нь зааж өгөх” ядаж л “Энэ нийгэмд чи өөрөө л хувь заяандаа эзэн нь байх ёстой” гэдгийг тархи оюунд нь суулгаж өгөх хэрэгтэй болсон санагдана. Яах аргагүй ажил хийх чадваргүй, өвчтэй зовлонтой, андив тусламж үзүүлэхийг энд яриагүй. Өнөө маргаашгүй элэг, бөөрөө солиулах шаардлагатай, төрөлхийн согог гэмтэлтэй нялх үрсэд бид халуун гараа сунгахаас өөр аргагүй. Харин ажлын чадвартай, өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ төлөө хариуцлага хүлээх боломжтой хүмүүсийг ажилд оруулах, гэр бүлийн гишүүдийг нь цалинтай ажилд зуучилж өгөх нь л хамгийн том дэмжлэг, туслалцаа мэт санагдана. Мэргэжил, боловсролгүй гэж гологдоод байвал дүүрэг, хороонд нь уламжлаад янз бүрийн сургалт, дамжаанд хамруулаад өгөх хэрэгтэй.

…“Сайн үйлс хийж бай. Тус буяны хариу эргээд ирдэг юм” гэдэг ч бэлэнчлэх үзэлтэй, бусдыг шулж амьдрах сонирхолтой хүмүүст зориулж элдэв аян зохиох нь нийгэмд сөрөг үр дагавар олноор бий болгох магадлалтай…

Үнэхээр амьдрах хүсэл сонирхолтой хүн бол аргыг нь олоод өөдлөж дэвжээд л явчихна. Тухайн зовж, зүдэрч байгаа гэгдсэн иргэдийн оршин суугаа дүүрэг, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан зэрэг хүмүүс тодорхой хэмжээгээр тэднийхээ амьдралын хэв маягийг мэддэг, хэн нь хэн бэ гэдгийг гадарладаг. Тиймээс хэн нэгэнд тус болохыг хүсвэл “Загас барих арга”-ыг нь л хамгийн эхлээд заагаад өгчихсөн нь дээр. Сайн дураараа эвлэлдэн нэгдэж дэмжлэг тусламж хүссэн болгонд халуун гараа сунгаж байгаа ТББ-ууд, буянтай ажилд эвлэлдэн нэгдсэн залуучууд одоо эдгээр ажлынхаа эцсийн үр дүнг нь харж, ирээдүй рүү чиглэсэн зорилготой ажиллах болсон санагдана. Тус багаддаггүй гэдэг. Тэгээд ч ядарч зүдэрсэн нэгнийхээ төлөө гар сунгаж чадахгүй ч, сэтгэл зовнин байдаг монголчуудын сайхан сэтгэлийг ашиглах гэсэн хүмүүс бас байдаг гэдгийг санах л хэрэгтэй.

Хэдийгээр “Сайн үйлс хийж бай. Тус буяны хариу эргээд ирдэг юм” гэдэг ч бэлэнчлэх үзэлтэй, бусдыг шулж амьдрах сонирхолтой хүмүүст зориулж элдэв аян зохиох нь нийгэмд сөрөг үр дагавар олноор бий болгох магадлалтайг тусламжид ханаж, цаддаггүй зарим нэг хүний жишээ харуулж байгааг ч бодолцох учиртай.

Нөгөөтэйгүүр өөрсдөөсөө ч харамлах шахаж сэтгэл гарган тусалсан таны сэтгэлийн өргөл жинхэнэ эзэддээ хүрч байгаа эсэхийг хааяахан нягтлан шалгаж байхад гэмгүй. Үүнийг тэрлэгч гэрийн ойр “Тэнгэр” худалдааны төвөөс худалдан авалт хийх бүртээ кассны дэргэд байх тусламжийн хайрцагт хариулт мөнгөнөөсөө илүүчлэн хийгээд хэвшчихэж. Өчигдөр орой тэрхүү тусламжийн хайрцагт 1000 төгрөг нэмэрлэхэд энэхүү “тэрслүү” гэмээр бодол зурсхийн орж ирсэн юм. Эрхэм та авах гээхийн ухаанаар хандаарай.

Өглөөнийн сонин
Д.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.