​Монголчуудыг чандарт мөргүүлж, их хааныг дорд үзэх нүгэлт сэтгэл

405536_116071138515630_100003382343794_80715_2002505259_n_499ce9ba8057860692014-11-24-09-38[www.urlag.mn]Оны өмнөхөн C1 теле­ви­зээр “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг үзлээ. “Улаанбаатар буян” компани хэний өмч болох, түүнд бурханч лам Г.Пүрэвбат болоод гэргий нь хамааралтай эсэхийг эрэн сурвалжилж эхэлсэн нэвтрүүлэг талийгаачдыг чандарлах зан үйл буруу хийгдэж байгаа тухай дүгнэлтээр өндөрлөлөө. Энэ асуудал дээр тогтож ярьсан бурханч ламын яриа олон нийтэд хортой үр дагавартай учраас дуугүй байж тэвчсэнгүй. Бурууг мэдсээр байж буруу гэж хэлэхгүй өнгөрөөх нь өөрөө нүгэл учраас энэхүү нийтлэлийг бичиж байна.

Г.Пүрэвбат бол бурханч лам нарын уламжлал хариугүй тасардгийн даваан дээр галыг нь тэтгэж, залгамж халааг нь бэлтгэж, буцаан сэргээсэн гавьяатан. Монголын орчин үеийн урлагийн түүхэнд үлдэх ёстой олон сайхан бүтээл хийсэн нэрт урлаач. Мөн бурханы шашны сургаал нь зөв амьдрахуйн сургаал болох тухай сүсэгтэн олонд айлтган таниулах талаар ихээхэн зүтгэл гаргадаг соён гэгээрүүлэгч. Энэ утгаар нь би түүнийг ихэд хүндэлж, нэгэн цаг үед амьдарч байгаагаараа бахархдаг. Гэхдээ энэ нь түүний зарим үг үйлдэл нь надад огт таалагддаггүйг нуух шалтгаан болох ёсгүй. Олны танил, нийгмийн тодорхой хэсгийн сэтгэлийг дагуулсан хүний үг үйлдэл бүр нь хариуцлагатай, зөв шударга, олон нийтийн эрх ашгийн төлөө байх ёстой гэж мөхөс би мунхагладаг. Түүний энэ удаагийн айлдвар өмнө өгүүлсэн, хийсэн хэд хэдэн хариуцлагагүй үйлдлийн үргэлжлэл болж байгаа тул нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагыг нь сануулах үүднээс баримт түшин өгүүлье.

НЭГ ДЭХ ТОХИОЛ БУЮУ “ЧИНГИС ХААНЫ ХӨРӨГ”

b-002Бурханч лам маань Монголын төртэй нэг хэсэг нягт хамтран ажилласан. Тэр үед хийсэн ажлын нэг нь “Чингис хааны хөрөг” болон хумхыг 2006 онд бүтээсэн явдал. Төрийн ордонд залах их хааны хөргийг монгол зураач монгол зургийн аргаар хийгээгүй. Харин бурханч лам Г.Пүрэвбат зурах болж, түвдийн тиг горимоор бурханчлан бүтээсний цаана шашин, улс төрийн том агуулга байсныг тэр болгон хүн анзаараагүй өнгөрсөн байх. Урлагийн бүтээлийн хувьд энэ хөрөг содон шийдэлтэй, ур хийц сайн нь үнэн. Гэхдээ энэ бол урлагийн талын л үнэлэмж. Харин Монголын төр тэр үедээ 30 сая төгрөг төлөөд бүтээлгэсэн Их хааны хөрөг, төрийн ордонд хүндэтгэн залах ёстой бүтээл гэдэг талаас нь авч үзвэл энэ хөрөг монгол төрийн уламжлалыг хадгалаагүй, харин ч эсрэг утга бэлгэдэлтэй зүйл болсон. Мөнх тэнгэр шүтлэгт Чингис хааныг түвд тигээр бурхан дүрд оруулж, монгол төрийн амин сүнс болсон хар, цагаан сүлдийг нь хүртэл байрлал сольж зурсанд нь ихэд эмзэглэдэг. Төрийн сүр хүчний бэлгэдэл хар сүлдийг өргөөний баруун талд, өөрөөр хэлбэл өрх гэрийн шүтээн зүг хоймор тийш харсан хүний бол зүүн гар талд байрлуулдаг энгийн үнэнийг бурханч ламтан маань мэдэхгүй байсан гэхэд эргэлзэнэ.

Монгол гэрийн хоймор хийгээд баруун талыг эр хүний тал гэж үздэг, түүхнээ Зүүн гарын улс гэж нэрлэгдсэн ард түмэн маань ертөнцийн зүгээр баруун талд оршин буйн учир нь монголчууд Алтан гадас одыг хойд буюу хоймор зүг гэж үзээд түүн рүү хандан хүндэтгэл үзүүлэхэд баруун зүг маань зүүн гар тал болдог онцлогтойг монгол уламжлалын зах зухтай хүн болгон л мэддэг дээ. Аливаад бэлгэдлийг эрхэм болгодог монголчуудын хувьд Г.Пүрэвбатын “Чингис хааны хөрөг” дэндүү бэлгэ муутай зүйл болсныг сануулъя.

ХОЁР ДАХЬ ТОХИОЛ БУЮУ ОЧИРВААНИЙН САЛТААН ДАХЬ ЧИНГИС ХААН

ochirvaaniБурханч ламтан маань 18 метр өндөр Очирваань бурханыг зээгт наамлаар бүтээлгэсэн нь урлагийн бүтээлийн хувьд үнэхээр гайхамшиг. Монголд толгой цохих сайхан бүтээл. Дээр нь монгол туургатнууд хамтдаа бүтээсэн болохоор үнэ цэнтэй. Гэхдээ утга агуулгын хувьд дахиад л уучилж болшгүй алдаа бий. Яагаад гэвэл Очирваань бурханы орой дээр Шагжамунийг залж, хөл дор нь Чингис, Өгөдэй, Хувилай хаануудыг хөрөглөн бүтээсэн, тэгэхдээ Чингис хааныг яг Очирваанийн алцайсан салтаан дор урласан нь ихээхэн шашинжсан, Их хаан хийгээд монгол төрийг доромжилсон, түүхэн үнэнийг гажуудуулсан бусармаг үйлдэл байлаа. Ийнхүү их хаанаа “салтаадсан” нь энэ чинь хэн бэ гэх эргэлзээг минь бататгасан билээ.

Очирваань бурхан монголчуудтай холбогдсон уг түүх нь огт өөр. Улаагчин луу жилд (1577 он) III Далай лам Содномжамцыг Түмэдийн Алтан хааны заллагаар Хөх хотноо ирээд байхад нь халхын Автай сайн хаан бараалхсан байдаг. Дараа нь Түвдэд очиж уулзаж байв. Ийнхүү ойртон шадарласан Автай сайн хаанд Далай лам “Очирваань бурханы хувилгаан, Очирай бат Түшээт хаан” гэдэг цол олгосон бөгөөд Түвдэд очиж уулзахад нь “Энэ олон бурхадын дотроос дуртайгаа ав” гэхэд нь Автай хаан Очирваанийг сонгож нутагтаа залснаас хойш Очирваань монголчуудыг даасан бурхан гэгдэх болсон түүхтэй. Энэ бол Чингис хаанаас хамаагүй хойно буюу 16 дугаар зууны үйл явдал. Чингис хааныг Очирваанийн дүр байсан гэх зохиомол домгийг ном судруудад шургуулах болсон нь түүнээс ч хожим үе. Монголчуудыг шашнаар дамжуулан номхотгох бодлогоо манжууд хэрэгжүүлэхдээ Их хааныг маань шашны түүхтэй санаатайгаар хольж хутгасан хорт бодлогыг XXI зуунд үргэлжлүүлж, хөрөг дүрийг нь бурханд салтаадуулах нь хэнд ашигтай байв, үүгээрээ юуг илэрхийлэх гээд байна вэ, ер нь үүнийг бүтээгчийн маань чинхүү санаа монголчуудынхаа төлөө юу үгүй юу гэж эргэлзэх асуулт ч зүй ёсоор урган гардаг. Бурханч ламын хувьд ийм төсөл хэрэгжүүлж мөнгө босгох л чухал болохоос энэ бүтээлийн агуулга, утга бэлгэдэл, танин мэдэхүйн хийгээд түүхэн ач холбогдол, холбогдон гарах үр дагавар нь нэг их чухал биш байсан байж магадгүй юм.

ГУРАВ ДАХЬ ТОХИОЛ БУЮУ БӨГСӨНДӨӨ БУРХАНТАЙ ХӨШӨӨНҮҮД

ЧингисМонгол Улс төрийн ордноо шинэтгэн өргөтгөж өмнө талд нь Их Чингис хаан, Өгөдэй, Хувилай нарын хөшөөг суурилуулж байсан үе. Бурханч лам Г.Пүрэвбат гурван хааны хөшөөн дор язгуурын гурван бурханы хөрөг шуумлыг нэг нэгээр нь байрлуулна гэж зүтгэн төрөөс 180 сая төгрөг нэхэж эхэлснийг мэдэх гэрчүүд өнөөдөр нэлээд хэд бий. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс дээр энэ асуудал яригдаж, тухайн үедээ бяцхан дуулиан болоод өнгөрч байв. Комиссын зарим хүний зүгээс төр шашныг холих нь буруу, түүхэн талаасаа ч боломжгүй гэж татгалзсанаар энэ асуудал намжсан ч үүрийн харанхуйгаар олны нүднээс нууцлан байж мөнөөх зан үйлээ гүйцэлдүүлсэн болох нь хожим тодорхой болсон билээ. Үүнийхээ төлөө бурханч ламтан ямар харамж авсан нь эрх биш төр юм хойно данс хараанд нь бичээстэй байгаа л байх.

Хамгийн харамсалтай нь язгуурын гурван бурхан гэгдэгч Жанрайсиг бурхан бол Түвдийг даагч, Манзушир бурхан нь Хятадыг ивээгч, Очирваань бурхан нь Монголыг даагч гэж үзэн цагаан, шар, хөх гурван өнгөөр бэлгэдсээр ирсэн түүхэн уламжлал талаас нь харвал энэхүү зан үйл ихээхэн эргэлзээтэй, ёр далласан хачин зүйл санагддаг. Бас нэг болохоор Их хааныг маань Очирваань бурханы салтаан дор урлаад, үгүй бол Их хааны минь бөгсөн дор бурханыхаа шуумлыг булаад байгаа үйлдэл нь нэг л ойлгомжгүй, логикгүй санагдана. Энд чин сэтгэл үйлчлэв үү, мөнгө босгох аян шалтаг л байв уу гэдэг ч зайлшгүй асуух ёстой асуултын нэг мөн.

ДӨРӨВ ДЭХ ТОХИОЛ БУЮУ МОНГОЛООР ДҮҮРЭН СУВАРГА

c7bff645541fca91bigМонголд суварга босгох уралдаан өрнөж байна гэхэд хилсдэхгүй. Улаанбаатараас мянга хэдэн зуун километрийн цаана байх аглаг зэлүүд ууланд хүртэл хэд хэдээр нь суварга босгосонтой таарч л явлаа. Энэ бүхний цаана суварга бүтээлгэж байгаа хүмүүсийн цаглашгүй их сэтгэл байгааг ойлгож байна. Гэхдээ л лам нарын суварга бүтээх, бөө нарын овоо босгох хоёр энэ цаг дор хэрээс хэтрээд байгааг хэлэлгүй орхиж болохгүй нь.

Суваргыг уг нь бурхан шүтээн бүхий хүрээ хийд газарт бурхан бодисад, хутагт хувилгаадын адис жанлавыг оршоохын тулд босгодог байсан гэж мөхөс би ойлгодог. Гэтэл зарж үл болох гурван шүтээний нэг болох тааллын шүтээн гэгддэг суваргыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хаа сайгүй өндөр үнээр босгох болсонд бурханч лам Г.Пүрэвбатын оролцоо их бий. Энэтхэгт бурхан урлалын чиглэлээр ном дүүргэсэн, ирээд гарын шавь олонтой болсон бурханч лам маань Монголд төдийлөн дэлгэрлийг олоогүй байсан суваргын соёлыг түгээснээр Монголоор нэг эзэнгүй суварга нар салхинд элэгдэн элэгдэн сүүдийлцэх болов. Суварганы үнэ ханш гэж сүрхий л юм дуулддаг. Миний найз нөхөд хүртэл бурханч ламаар суварга бүтээлгэж л байсан. Буяны гэхээсээ мөнгөний агуулга нь дийлээд байна уу даа гэх бодол өөрийн мэдэлгүй төрдөг.

Аливаа зүйл хэмжээ хязгаараа алдахаараа утгагүй болдог. Суварга босгох асуудал бас ийнхүү замаа алдаж байгааг хамгийн түрүүнд хэлж сануулах ёстой хүний нэг нь бурханч лам өөрөө баймаар бодогддог. Харамсалтай нь хичнээн олон сургууль, цэцэрлэг барьж, хичнээн олон үгээгүйчүүдийг толгой хоргодох оронтой болгож, сайн үйлд зарцуулбал жинхэнэ буян хурааж болох маш их хөрөнгө ийнхүү суварга бүтээх нэрээр урсаж байгааг анзаараагүй мэт байх нь шударга үйл мөн үү?

ТАВ ДАХЬ ТОХИОЛ БУЮУ ЧАНДАР БОЛГОНЫГ ШҮТЭЭН БОЛГОХ СОНИРХОЛ

Шулуухан хэлчихье. Г.Пүрэвбат лам “Цензургүй сурвалжлага”-д ярилцлага өгөхдөө талийгаачдыг чандарлах зан үйлд сүжиг гэхээсээ сэжиг төрүүлмээр стандарт тогтоох санааг илэрхийллээ. Нас барагсдын чандрыг шавар шороотой холин барлаж хатаагаад шүтээн болгох ёстой гэнэ. Энгийн хүнийг ингэж шүтээн болгох ёс ер үгүй.

Эртний ёс ярих гэж байгаа бол ариусаж гэгээрсэн хутагт хувилгаадыг л таалал болохын цагт лагшинд нь гал мандал өргөөд чандрыг нь бумбалж, алт мөнгөн суварганд хийж, эсвэл сацлаад шүтээн болгож хийдийн газарт нь тахидаг, үнэнч шавь нарт нь өгдөг байсныг бурханч лам мэдэхийн дээдээр мэдэх ёстой хүний нэг дээ. Мөн хэргэм зэрэг өндөртэй хаад ихсийн шарилыг галд хайлуулаад ихсийн хоригт оршоох зэрэг зан үйл бол байсан. Харин эгэл хүмүүнийг бол хээр хөдөө аваачиж ил задгай оршуулдаг учраас “хөдөөлүүлэх”, “чулуу дэрлүүлэх” зэргээр хэлэлцдэг байсны улбаа одоо ч монгол хэлнээ хадгалагдаж байна.

Мэдээж цаг үеэ дагаад оршуулах зан үйлд өөрчлөлт орсоор байгаа. Өнгөрсөн зуунд монголчууд нас барагсдаа газарт булж оршуулах болж, энэ нь уламжлалт зан үйл мэт санагдталаа өөриймшсөн. Дараа нь чандарлах зан үйл орж ирлээ. Цаг үедээ нийцсэн, хот суурин газрын соёлд тохирсон, байгаль орчинд ээлтэй энэ зан үйлийг дагаад олон чухал үйлчилгээ бий болж, монголчуудын ор­шуулах соёл дэлхий нийтийн жишигтэй дүйж эхэллээ. Энэ бол сайн хэрэг. Гэтэл бурханч лам дээрх ярилцлагаараа оршуулгын үйлчилгээ эрхэлдэг газрууд чандарлах зан үйлийг буруу хийж байна гэх ойлголтыг олон нийтэд түгээв. Тэгэхдээ хутагт хувилгаад, гэгээнтнүүдийн чандрыг сацлан шүтээн бол­годог байсан зан үйлийг энгийн хүмүүсийг чандарлан бумбалах зан үйлтэй санаатайгаар хольж хутгаж байгаа нь сэжигтэй санагдана.

Түүний ярьж байгаагаар бол энгийн хүмүүсийг нас барахаар нь чандарлаад, “Ясны чого” номоор ясыг нь цэвэрлээд, нунтаг шороо, 25 зүйлийн зайтай холиод хэвэнд барлаж, барласныгаа хатаагаад тоосго мэт хатууруулан биежүүлж шүтээн болгох гэнэ. Тэгээд бусад хүмүүс түүнийг шүтэж мөргөх ёстой гэнэ. Олон жижиг сац болгоод ойр дотнынхон, үр хүүхдэд нь шүтээн болгож тараах ёстой гэж зөвлөдгийг нь “Цензургүй сурвалжлага”-д ярилцлага өгсөн оршуулгын газрын эзэн эмэгтэйн яриа нотлоод өгөв. Аюул энд л байгаа юм. Хайртай дотно хүнийх нь чандраар шүтээн бүтээгээд үр хүүхдийнх нь тоогоор өгдөг болчихвол мөн ч мундаг шахааны бизнес гарч ирнэ дээ. Хүн гэдэг амьтан үхэж төрж л байдаг жамтайгаас хойш монголчууд нэг мэдэхэд хээрээр дүүрэн суварга, гэрээр дүүрэн шүтээнээ яахаа мэдэхээ байх вий дээ!

Ийнхүү бурханч лам Г.Пүрэвбат “Их Монголын суварга: онол хийгээд бүтээх ёс” ном бичиж, энд тэндгүй суварга бүтээсэн нь багадаад одоо өөд бологсдын чандрыг сацалж шүтээн болгохын чухлыг номлоод эхэллээ. Одоо ажиллаж байгаа буяны газруудын үйл ажиллагааг буруу зан үйл хийж байна гэх худал шалтгаар эрх мэдэлтнүүд хааж боогоод, бурханч ламын номлосны дагуу үйл ажиллагаа явуулж үхэгсдийн чандраар шүтээн үйлдвэрлэдэг жинхэнээсээ буруу бизнес цэцэглэх вий дээ гэхээс яс хавтайж байна.

Эцэст нь өгүүлэхэд, би бурханч лам Г.Пүрэвбатыг танихгүй. Бид хоёр хэн нэгэндээ буруу санах юмгүй улс. Түүний зөв сайхан үйлийг нь би дэмждэг талархдаг, өгүүлэл бичвэртээ иш татдаг. Аглагийн хийд гэдэг Монголын нүүр тахлах их бүтээн байгуулалтыг зориглон хийж, бурханы шашинтнууд төдийгүй нийт аялан жуулчлагчдын нүд сэтгэлийг булаах сайхан үйлс бүтээж байгаад нь талархдаг. Хэлмэгдсэн лам нарын сүнсийг амирлуулж, цаглашгүй буян үйлдсэнд нь талархдаг. Гэхдээ хортой үр дагавартай, Монголын төрт ёсноо харш, эсвэл монгол уламжлалыг үгүйсгэсэн, монголчуудыг доромжилсон худал номлол түгээх аваас хүлцэхгүй. Энэ удаад ч, хойшид ч…

Урианхан Б.ГАЛААРИД

2016.01.02


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.