Үйлчилгээний стандарт (Япон улсын жишээ)

704r6bkfo1nrle6haf398kqi39_bДаатгуулагч тэтгэврийн насанд хүрээд, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн харъяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргадаг. Гэтэл ямар хугацаанд шийдвэр гарч, тэтгэврээ хэзээнээс авч эхлэх талаар тодорхой мэдээлэлгүй бол хэцүү. Японд тэтгэвэр тогтоож өгөх (шийдвэрлэх) дундаж хугацааг гаргаж, тэр хугацаандаа багтаах зорилтоо хэр биелүүлснийг вэб хуудсандаа  мэдээлдэг. Үүнийг “үйлчилгээний стандарт” гэдэг.

Япон улс 12 жилийн өмнө хүртэл тэтгэвэр олгох үйл ажиллагаанд үйлчилгээний стандартыг нэвтрүүлж амжаагүй байсан ч өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тус бүрээр өргөдөл гаргаснаас хойш тэтгэвэр тогтоох хүртэлх хугацааг тооцон, хугацаандаа багтааж шийдвэрлэсэн тухайгаа мэдээлдэг болсон юм. Ингэснээр хэд хэдэн үр дүн гарсан.

Эхлээд, үйлчилгээний стандартыг олон нийтэд мэдээлэх хүртэлх ажлын хүрээнд явцын үйл ажиллагаа сайжирсан. Тэтгэвэр тогтоох ажлын дамжлага бүрт тодорхой стандарт бүхий дэс дараалал тогтоож, шаардлагагүй бөгөөд цаг алдсан ажлыг больсон. Үүний дүнд, бүх тэтгэврийн хэлтэс, байцаагч нар нэгдсэн дарааллаар ажлаа хийдэг болсон.

Хоёрдугаарт, тэтгэвэр тогтооход шаардлагатай бичиг баримтыг шалгахад зарцуулагдах хугацааг тооцох боломжтой болсон. Ажлыг нэгдсэн дарааллаар хийснээр явц нь тодорхой  “харагддаг” болж, тэтгэвэр тогтоож дуусах хугацааг баримжаалах боломж бүрдсэн. Үүнийг даатгуулагчдад мэдээлснээр иргэдийн итгэл нэмэгдэж эхэлсэн. Дээрээс нь утасны дуудлага ч цөөрсөн юм. Ингэж тодорхой хугацааг заах хүртэл иргэд байн байн утсаар холбогдож, хэзээ тэтгэвэр тогтоож дуусахыг асуудаг байв.

Гуравт, тэтгэврийн бичиг баримт боловсруулах төв болон тэтгэврийн даатгалын хэлтсүүд өөр хоорондоо үйлчилгээний чанараар өрсөлдөх болсон юм. Улсын хэмжээнд нэгдсэн нэг “үйлчилгээний стандарт” бий болж, илүү үр дүнтэй ажиллахын тулд өрсөлдөөн улам нэмэгдэн үйлчилгээний чанарт сайнаар нөлөөлсөн гэж хэлж болно. Тодруулбал, өндөр насны тэтгэвэр тогтооход 10 хоног шаардагдаж байсныг долоо болгож, бичиг баримт боловсруулах төв болон тэтгэврийн даатгалын хэлтсүүд хоорондоо мэдээллээ тогтмол солилцдог болж хугацаа хэмнэх боломж бүрдсэн. Мэдээж, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлсэн бичиг баримт боловсруулах төв, тэтгэврийн даатгалын хэлтсийн үйл ажиллагааг төв байгууллага үнэлж, цалин нэмэх зэргээр ажилчдын мотивацийг нэмэгдүүлдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.